Сунгаанаас татгалзсан АН & Их хурлаас тодрох нэр дэвшигч

С.Батзаяа


Ялагдсан намын дарга байх ямбатай хэрнээ ялтай ажил. Гишүүн бүрийнхээ хүсэл зоригт нийцүүлсэн шийдвэр гаргах боломжгүй учир түүнийг яллах “амьтан” захаас аваад мундахгүй. Нөгөөтэйгүүр дарга минь гэж өргөмжлөх гишүүд ч хэдэн мянгаараа байх учир ямбалах эрхтэй нэгэн. Гэсэн ч тэр ялагдсан гишүүдийнхээ хүсэл зоригийг мохоохгүй байх, ирэх сонгууль хүртэл намаа амь бөхтэй байлгах гээд үүрэх ачаа ихтэй. Эхний үүрэх ажил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах явдал юм. 

Ардчилсан нам 2020 он хүртэл шат дараатай шинэчлэгдэнэ гэдгийг шинээр сонгогдсон дарга С.Эрдэнэ хэлсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийт гишүүдээсээ асууна гэх хатуу байр суурьтай байсан юм. Үүнийгээ ч олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн. Харамсалтай нь түүний энэ үзэл бодол ганцхан сарын дотор өөрчлөгдсон бололтой. Гэхдээ шуудхан С.Эрдэнийг үзэл бодлоосоо урвасан, буцсан, шарвасан гэж дүгнэхээс илүүтэй хуулийн гарц судлалгүй мэдэгдэл хийсэн нь түүний амны алдаа болжээ гэвэл зохино. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн нам АН-аас гадна хоёр бий. МАН-ын хувьд нэр дэвшигч нь эчнээ тодорчихсон яваа бол МАХН яаж оролцох нь одоо ч битүү хатуу хэвээр байна. Ямар боловч энэ намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ эцэслэн тодруулах хугацаа нь ирэх сарын 7. Хуулийн ийм хатуу хугацаатай учраас ганцхан сарын дотор сунгаа зарлаж, явуулж, санал тоолох нь цаг хугацаа талаасаа ч боломжгүй. Иймд АН шууд л VIII Их хурлаараа нэр дэвшигчийг тодруулах юм байна. Гэхдээ дотоод сонгууль гээд Ардчилсан нам дотроо бужигнаантай байгаа учир Их хурлынхаа товыг хараахан зарлаагүй байна. 

Яагаад сунгаа явуулахгүй вэ гэдгийг одоо тайлбарлая. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тусдаа хуулиар явдаг байсан. АН засаглаж байх үедээ УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн тухай гэх нэгдсэн нэг л хуулиар зохицуулахаар хуульчилсан. Энэ хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй. Шинэ бүрэлдсэн парламент УИХ-ын намрын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан учир төсөл санаачлагчид нь татаж авсан. Ингэснээр УИХ, ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг л хуулиараа явуулахаар болсон гэсэн үг. Тэгэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сонгуультай холбоотой аливаа нэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намаасаа тодруулахын тулд АН сунгаа явуулж болохооргүй болчихож байгаа юм. Үндсэндээ Ардчилсан нам хуулийн хүрээнд л нэр дэвшигчээ тодруулна. 

Дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэгчээр АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой эрхмүүд мундахгүй их байна. Энэ нь 2009 оны түүхийг ч давж гарч байх юм. Тухайн үед АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах болоход зургаан хүн өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж байв. Тэднийг “Цуваа-6” гэж нэрлэж ч байсан юм. Харин энэ удаад зургаагаар тогтохгүй олон хүн энэ өрсөлдөөнд орсон бололтой. Өөрсдөө ил мэдэгдсэн хийгээд, хэвлэлээр нэрс нь яригдаж буй, нам дотроо “ажиллаж” буй хүмүүсийг одоо танилцуулъя. Нэгэнт сунгаа явуулах хуулийн боломж хязгаартай учраас эдгээр эрхмийн нэг нь АН-ын VIII Их хурлын төлөөлөгчдийн саналаар нэр дэвших эрхээ халааслах болно. 

Н.Алтанхуяг

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа бараг зургаан сарын өмнө илэрхийлсэн. Тэрээр ардчиллын анхдагчдын нэг бөгөөд АН-ыг дараалсан ялалтад хүргэсэн гавьяатай хүн. Намын гал тогоог удирдаж, намаа эв нэгдэлтэй байлгахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн хүн гэдгийг журмын нөхөд нь хэлдэг юм билээ. Сайн муугаараа хэлүүлэн улс төрд олон жил явсных Н.Алтанхуягийг дэмжинэ гэсэн хэсэг АН-д цөөнгүй байна. Түүнийг нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс хойш хэвлэлээр багагүй баалж шүүмжилсэн. Бүр АТГ-т хүртэл байцаагдаж байв. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодлоосоо ухраагүй байгаагаа саяхан нэг сануулсан.

Р.Амаржаргал
Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдын албыг  хашиж байсан Ринчиннямын Амаржаргалыг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан учир УИХ-д нэр дэвшээгүй байж магадгүй гэх таамаглал дэвшүүлж байна. Тухайн үед тэр өөрөө “Эмэгтэйчүүддээ боломж олгох үүднээс УИХ-д нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ тэр чухам ямар бодолтой байгааг одоохондоо таах аргагүй. Учир нь, тэр нэрээ дэвшүүлнэ гэж олон нийтэд одоогоор зарлаагүй байгаа. Олон нийтэд дэмжлэгтэй, нэр цэвэр, сайн эдийн засагч гэх имиж түүнд хаяглагддаг ч нам дотроосоо дэмжлэг авах тал дээр учир дутагдалтай байж мэдэх л юм. 

Э.Бат-Үүл
Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг Эрдэнийн Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа мөн л олон нийтэд зарласан. Тэр сунгаанд өрсөлдөнө гэдгээ ил тод хэлсэн. Мөн энэ мэдэгдэлтэй нь холбогдуулж “Намайг шалгаж байна, миний хүүд оффшор данс байхгүй” хэмээн мэдэгдэл хийж байв. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил нийслэлийг удирдахдаа хамгийн их төсөвтэй хотын мэр байсан хэр нь бүтээн байгуулалтын ажил төсөвтэйгөө харьцуулахад бага хийсэн гэх шүүмжлэлийг сөрөг хүчнээс ч багагүй сонссон. Түүний хүү Б.Чулуудай өчигдөрхөн хэвлэлийн бага хурал зарлаж “Надад оффшор данс байхгүй. Би шалгуулахад бэлэн байна” хэмээсэн. Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нам дотроо хүмүүстэй уулзаж эхэлсэн гэх мэдээлэл ч хэвлэлээр хөвөрч байна. 

Х.Баттулга
Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн энэ эрхэм өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хэдхэн саналын зөрүүгээр Баянхонгор аймагт ялагдсан. УИХ-ын сонгуулиас хойш нам гүмхэн, хааяа нэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зарим хэсгийг хөтөлж харагддагаас өөрөөр ил гарахгүй улс төрийн амьдралд оролцохгүй байгаа. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна гэх яриа гараад буй. 
Өөрөө ч намынхаа лидерүүдтэй уулзан МоАХ-ны гишүүдтэйгээ ойр байгаа гэх мэдээлэл байна. УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж байсан түүнд намынх нь нөхөд итгэл хүлээлгэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа ажээ. 

Д.Дорлигжав
Ардчиллын анхдагчийн нэг Д.Дорлигжав өнгөрсөн сонгуулиар намынхаа штабыг хэсэг зуур удирдаж ажилласан. Тэрээр Хууль зүйн сайдын албанаасаа бууснаас хойш нам гүмхэн байсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой яваа гэх яриа намынх нь нөхдийн дунд гарчээ. Д.Дорлигжавын хувьд ардчилсан чиг баримжаатай таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулахад даргаар нь ажиллаж байсан нэгэн. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд зэрэг алба хашиж байсан билээ. 

Г.Батхүү
“Алтангадас” фракцын томоохон төлөөлөл байсан тэр гэнэтхэн л фракцаасаа гарч МоАН санаачилга байгуулснаа мэдэгдсэн. Бизнесийн салбараас төр түшилцэх их ажилд оролцож явсан тэрээр УИХ-ын гишүүн, дэд дарга, Засгийн газрын гишүүн зэрэг алба хашиж явсан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд ялагдсан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа учир намын гишүүддээ сургалт зохион байгуулж хөдөөгүүр явж байна гэх яриа гарч буй. Угаасаа ч үүнийг үгүйсгэх аргагүй. Түүний хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын “цуваа 6”-гийн нэг байсан ч өөрийн хүсэлтээр нэрээ татаж байсан удаатай. 

Лу.Болд
УИХ-ын гишүүн Л.Болд ч Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх сонирхолтой байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд намын гишүүдтэйгээ уулзаж, Г.Батхүүтэй нийлж, МоАН фракц байгуулаад байгаа. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг тэр МоАХ-гоор дамжуулан С.Эрдэнээс дэмжлэг авч магадгүй гэдгийг намын зарим нөхөд нь хэлж байсан. Тэрээр УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Өдгөө УИХ-д дахин сонгогдон ажиллаж байгаа юм. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсод гэвэл дээрх эрхмүүд байгаа ч нэр нь тодроогүй “битүү морь” байхыг үгүйсгэхгүй. Нам дотроо хэн нь илүү дэмжлэг авч чадсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Өөрөөр хэлбэл, VIII их хурлын гишүүдээс дэмжлэг авах эсэхээс л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч тодорно. Мэдээж, үүнд намын дарга С.Эрдэнийн оролцоо хамгийн их жин дарахаар байгааг тодотгоё. Яагаад гэвэл сунгаанаас бус их хурлаас нэр дэвшигч тодрох учраас тэдгээр төлөөлөгчийг хэрхэн сонгох, зохион байгуулалт ямар байх эсэх нь намын даргын сценариар явах нь гарцаагүй. Саяхан тодорсон ҮБХ-ны гишүүд, аймаг, сум, дүүрэг гээд намын анхан шатны байгууллагын удирдлагууд их хуралд шууд орж ирнэ. Иймээс ч л С.Эрдэнийн гарт эрх мэдэл бүтнээрээ биш ч нэлээд хэсэг нь шилжиж байгаа юм. Магадгүй энэ нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн заримынх нь давуу, заримынх нь сул тал болж байгаа билээ. Үүн дээр нь нэмээд нэг айдас байгаа нь С.Эрдэнэ намын дарга болсныхоо дараа “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч ялагдал хүлээсэн ч намын дарга хариуцлага хүлээхгүй” гэж мэдэгдчихсэн хүн. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. 2009 оных шиг цуваа 6 гээд л явж өгөх нь дээ

    0 0 Хариу бичих
  2. ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ

    0 0 Хариу бичих
  3. Mongolchuud uneheer l nudtei aztai baij chadval Lu.Bold gishuun l bna daa. Delhiid ner hundtei, dotooddoo ner hundtei. Bolovsroltoi soyoltoi uhaantai alsiin haraatai . Avilga heel hahuuliig hezee ch hiihgui avahgui .

    1 0 Хариу бичих
  4. Amarjargal l ursulduh heregtei. Busduud ni hereggui. Bat-Uul malgain heregt orootsoldson, mun huu ni offshoor nertei hilbogdson,itgel daasan bol niisleliig dahin avj yavah bsan. Bathuu fraktsiig tsetsegluulj AH-g taltsuulj yalagdald hurgesen. Bold gishuun erunhiilugch bolbol buleggui bolno. Batzandan nuuree buruulj MAH-d dagaar oroh magadlal 50%+40% bga. Altanhuyag HAM-aa shavart ni holin MAXH-tai uvur turiidee orson. Denzengiin hereg geed es zuid niitsehgui. Amarjargaliig devshuulbel yalah magadlal 80%+18.9% shuu.

    0 0 Хариу бичих
  5. АН хүчирхэг юмаа. 6 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнөө гэж явж байхад МАН ийг хар. Газрын мафийн эзэн М Энхболдоос өөр хүн байхгүй. Байлаа гэсэн ч Энхболдод толгойгоо тайруулах учраас хэлж чадахгүй дотроо шаналах.

    4 0 Хариу бичих
  6. Нам дотроо сунгаа хийх нь хуультай зөрчилдөхгүй л болов уу. Намын дотоод асуудал. Тэд зөвхөн гишүүдтэйгээ л уулзаж санал бодлоо хуваалцана. Өөрийгөө л танилцуулна. Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарлахгүй байхад л болно. Хари н гишүүд хэн нь илүү вэ гэдгийг дотроо л шийднэ. Санал хураалт нууц явагдаж таарна. Эцсийн дүнг ил зарлалгүй хүлээж байгаад хамгийн олон санал авсан 2 хүний нэрийг Их хуралд оруулж мөн л нууц санал хураалтаар шийднэ. Тэр мөчөөс хойш хуулийн дагуу ил сунгаа эхлэнэ. Яагаад болохгүй гэж.

    0 0 Хариу бичих