Хууралт, тоглоом, шоглоомын хаан Никита Богословский

Хөгжмийн зохиолч Никита Богословский ЗХУ-ын үед “Хуу­ралт, тоглоом шоглоомын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж явсан нэгэн. Тэрээр ард нь үүсэх үр дагаварын талаар бодолгүй элдэв хачин, гэхдээ маш ухаалаг донжтой наргиа, тоглоом шог­лоом хийдгээрээ алдартай. Никита Владимирович  амар амгалан амьдралыг илүүд үздэг, тиймээс ч ойр зуурын элдэв бэрхшээл, саадыг хүндээр хүлээж авдаггүй байв. “Өнөөдөр хэцүү санагдаж байгаа зүйл хоёр өдрийн дараа юу ч биш болж хувирна гэдгийг мэднэ. Харин би хоёр долоо хоног хүлээсэн ч чадна” гэж хэлэх дуртай байжээ. Тэдгээрээс ихэд дуулиан үүсгэсэн гурвыг нь энд орууллаа.

“Махны машин” ажиллуулсан нь

Монголчуудын сайн мэдэх “Хаврын 17 учрал” кино 1973 онд дэлгэцэнд гарч, “Маш сайн бүтээл болсон” гэсэн магтаалд умбаж эхлэх үед ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын хорооны дарга Тихон Хренников “Миний хөгжим танай кинонд амжилт авчирсанд баяртай байна. Фрэнсис Лей” гэсэн бичигтэй ил захидал хүлээн авчээ. Захидал ирсэн даруйдаа бөөн шуугиан дэгдээсэн нь тодорхой. Киноны хөгжмийг бичсэн Микаэль Таривердиевыг бусдын бүтээл ашиглан эх орны нэр хүндийг гутаасан хэмээн буруутгах “махны машин” юу, юугүй ажиллаад эхлэв. Тагнуулын бай­гууллага түүнийг Фрэнсис Лейтэй ямар холбоотой болохыг тогтоохоор шуурхайлав. М.Таривердиев Парис руу утасдаж Франсис Лейтэй холбогдож, “Тийм захиа огт явуулаагүй” гэсэн ам авчихаад байхад ч “махны машин” зогсох янзгүй байсан гэдэг билээ. Захиаг бичсэн гар нь мэдээж Никита Богословскийнх байв.

М.Таривердиев

Зөвлөлтийн Мэдээллийн товчооноос...

Зохиолч Виталий Губаревт түүний тоглоом мөн л гашуун тусчээ. Никита Богословский домогт нэвтрүүлэгч Юрий Левитантай хуйвалдаж, В.Губаревыг Сталины одонгоор шаг­на­сан гэсэн утгатай урьдчилан бэлдсэн текстийг уншуулан хальсанд бичүүлж авчээ. Дараа нь зохиолчийн гэрт албаар баахан хүн амьтан цуглуулж, бяцхан үдэшлэг маягийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Хүмүүсийн шуугиан арай намдсан үед тэрээр магнитофон руу явж очоод радио асааж байгаа юм шигээр магитофоны асаав. Юрий Левитаны танил дуу хоолой “Зөвлөлтийн мэдээллийн товчооноос ярьж байна. Утга зохиолын салбарт Борис Андреевич Лавреновыг Сталины нэгдүгээр зэргийн одонгоор, Виталий Георгиевич Губаревыг “Павлик Моро­­зов” бэсрэг жүжиг бичсэнийх нь төлөө Сталины гуравдугаар зэр­гийн одон­гоор шагнажээ...” хэмээн хүн­гэ­нэсний дараа зохиолч мэдээг нь гүйцэд сонсолгүй шахам дэлгүүр рүү гүйн гарч оргилуун дарс бас бус юм авчирсан байна. Мөнгийг ч харамгүй цацжээ. Баяр хүргэлт, ууж идэлт дуусч, зочид явсны дараа Н.Богословский хоёр дахь бичлэгийг тавилаа. Юрий Левитан “Шагнал хүртэгсдийн нэрийг дахин хэльё...“ хэмээн өмнө хэлсэн нэрсийг хэлснээ “...Виталий Георгиевич Губаревыг “Павлик Морозов” бэсрэг жүжиг бичсэнийх нь төлөө... Юугаар ч шагнасангүй” хэмээн дуусгасан гэдэг. 

В.Губарев

Наргих мөнгөө олсон нь

“Правда” сонины 1952 оны нэ­гэн дугаарт Н.Богословскийн сайн найз, хөгжмийн зохиолч Соловьев-Седойд “Москва орчмын үдэш” буюу “Подмосковные вечера” дуу зохиосны учир төрийн шагнал хүртээсэн тухай мэдээ гарчээ. Тэрээр мэдээг олж унш­магцаа Соловьев Седойн нэрийн өмнөөс ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын хороонд захидал бичиж, уран бүтээлийг нь мөнгөн хэлбэрээр үнэлэхийг хүсээд өөрийхөө хаягийг тавьж орхижээ. Хороо хүсэлтийг нь хүлээн авч, зохих хэм­жээний урамшуулал илгээсэн нь Н.Богословскийн төсөөлснөөс ч хамаа­гүй их буюу 10 000 рубль байв. Тэрээр мөнгө хүлээж авмагцаа дотны нөхөд болох яруу найрагч Михайл Светлов, зохиолч Юрий Олеш нарыг дуудаж, тансаг ширээ засан найрлаж эхэлжээ. Хамгийн инээдтэй нь, Соловьев Седой хөгжмийн зохиолчдын хорооноос юу болсныг олж мэдмэгцээ л “Салхи хаанаас үлээж байгааг” дор нь мэдэж, Н.Богословскийнх руу тавьж хүрсэн гэдэг. Н.Богословкий ч ямар нэг арга саам хэрэглэсэнгүй. Амттан шимт­тэнээс гадна боодолтой мөнгө дэлгэн тавьсан ширээнд урихад Соловьев Седой мөнгийг аваад юу ч хэлсэнгүй гарч одсон байна. Гэрт байгсад түүнийг маш их уурлаж дээ, хэрэг бишидлээ хэмээн санаа зовнингуй сууж байтал 25 минутын дараа хаалганы хонх дуу­гар­чээ. Онгойлгоход Соловьев Седой инээмсэглэчихсэн зогсч байсан гэдэг юм. Тэрээр найзынхаа авхаалж, сэр­гэлэн занг шагнахаар бүтэн хайрцаг коньяк тэвэрсэн байсан гэдэг билээ.

  

В.Соловьев-Седой

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)