Нэгэн үеийн удирдагчид

Х.Батсайхан


Дэлхий дээр 60 гаруй жил оршин тогтносон дэг журам дараагийнхдаа зайгаа тавьж өгөх эгзэгтэй цаг мөч үргэлжилж байна. Дэлхийн II дайны үр дүнд бий болсон улс төрийн газрын зураг ойрын ирээдүйд өөрчлөгдөж, дэлхий эрх мэдэл, эд баялгийн шинэ хуваарилалтад орох нь зайлшгүй гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрөх болжээ.

Гагцхүү энэ өөрчлөлт хэрхэн явагдах вэ. Дэлхийн дайн дэгдэх үү. Тийм бол хэр өргөн хүрээг хамрах бол. Эсвэл арай өөр арга зам, шийдэл олдох уу. Тодорхойгүй байдал ноёлсон энэ үе дуусахад ямар улс бусдаасаа тодрон гарч ирж чадах вэ. Хэдэн улс тусгаар тогтнолоо авч үлдэж, хэд нь үгүй болох бол. 

Санаа зовоосон, шалгуур, сорилтыг давсан энэ цаг үед тэргүүн эгнээнд явсан жинхэнэ баатрууд нь хэн бэ.

Болсон явдалд тэндээс төрсөн сэтгэгдлээрээ хандахаа больж, хөндлөнгөөс харах чадвар бүрдсэн цагт л үйл явдал “түүх” болон хувирдаг гэж үг бий. Одоо бол тодорхойгүй, хариултаа хүлээн байгаа дээрх асуултууд он цагийн эрхээр шигшигдэж, хэн нь хэн байсан, түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь аяндаа тодроод ирнэ. Хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудын зөрчилдөөн, нэг нэгэндээ зай тавьж өгөхгүй байх гэсэн их тэмцлийн он жилүүдэд төрийн эрх барьж байсан гэдэг утгаараа энэ цаг үеийн удирдагчид түүхэнд бичигдэх нь зайлшгүй юм. 

Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд АНУ-ыг Барак Обама хэмээх эрхэм засаглажээ. Иллинойс мужийн Сенатаас улс төрийн карьераа эхлүүлсэн энэ хүн төр барих хугацаандаа АНУ-ын Геополитикийн бодлогыг Ойрхи Дорнодоос Ази, Номхон далайн бүс нутаг руу шилжүүлсэн түүхэн өөрчлөлтийг хийсэн юм. Гэхдээ, тэглээ гээд Ойрхи Дорнодыг огт хайхралгүй орхиогүй. Өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн Иракт цэрэг оруулсан үйлдлийг “Алдаа байсан” гээд цэргээ татсан ч эсрэгээр нь “Алан хядагчид үүрлэсэн гол газар нь Афганистан” гэж мэдэгдээд 17 000 цэрэг байршуулсан. Б.Обама цөмийн гүрнүүдийн төрийн тэргүүнүүдээс “Цөмийн цэнэгт хошууныхаа тоог хорогдуулна” гэж амласан анхны төрийн тэргүүн гэдгээрээ бусдаасаа онцгойрдог. Барууны ертөнц энэ амлалтынх нь төлөө түүнд Нобелийн шагнал хүртээсэн. Гэвч ОХУ цөмийн цэнэгт хошууныхаа тоог хорогдуулахаас татгалзсан учир энэ амлалт нь бүтээгүй. Б.Обама дараа нь өөрөө “Шагнал авах зүйл хийгээгүй” гэдгээ илэрхийлсэн байдаг. Арабын хавар, Ливийн хямрал, дэлхийн эдийн засгийн хоёр хямрал гээд дэлхийг хамарсан гол үйл явдлуудын заримынх нь автор, гардан хэрэгжүүлэгч нь байсан хүн. Энэ утгаараа түүхэнд сайнаар ч, саараар ч дурсагдах үйлээ хийчихсэн нэгэн. 

2010-2016 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан Дэвид Кэмероныг олон нийт Европын холбоо задрах үйл явцыг эхлүүлсэн гэж буруутгах нь бий. Гэвч үнэндээ түүн дээр таарчихсан л болохоос энэ үйл явц зайлшгүй байсан гэж үзэх эрдэмтэн мэргэд олон бий. Дэвид Кэмерон бол Дэлхийн II дайнаас хойших Их Британийн түүхэн дэх анхны “Эвслийн” Засгийн газрыг эмхлэн байгуулж удирдсан гэдгээрээ түүхэнд гарцаагүй дурсагдана. Тэрээр Үхрийн бөөр шиг алаг цоог танхимаа тэргүүлэн эдийн засгийн маш хатуу чанга бодлого баримталж, ард түмнийхээ бүсийг байж болох хэмжээнд нь тултал чангалсан ч 2015 оны сонгуулиар ялалт байгуулж чадсан явдал улстөрчийнх нь зангаргийг илтгэнэ. Эдийн засгийн өсөлт хасах үзүүлэлттэй, төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцсэн хүнд улс хүлээж авсан Д.Кэмерон дөрвөн жилийн турш төрийн албан хаагчдын цалинг бууруулах, орон тоог цөөлөх, татвар нэмэх, төсвийн зардлыг танах гэх зэргээр эдийн засагтаа тасралтгүй “эмчилгээ” хийсэн юм. 2015 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа ч яамдын төсвийг 25-40 хувиар танах асар хүнд төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлтгэж байлаа. Гэвч цагаачдын асуудлаар бие даасан бодлого баримтлах ашиг сонирхлоо хангахын тулд Европын холбоонд шахалт үзүүлэх зорилгоор бүх нийтийн санал асуулга явуулсан нь эзэнт гүрнийг холбооноос өрх тусгаарлахад хүргэсэн.

Тэрээр холбоонд үлдэх талыг баримталж байсан ч сөрөг хүчний шаардлага, олон нийтийн санаа бодлыг ямагт хүндэтгэж, санал асуулга явуулахаас татгалзаж чадаагүй юм. 

Үр дүнд нь албан тушаалаа орхисон ч эдийн засгийн эмх цэгц, төсвийн үрэлгэн зардлыг багасгах тал дээр хийсэн зоримог үйл хэргээрээ дэлхийн бусад улсын удирдагчдаас ялгарч чадсан билээ. 

ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельцинээс бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад (1999.XII.31) эрх мэдлийг нь шилжүүлж авсан хүн бол В.Путин. 2010 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш ОХУ-ыг шилжилтийн үеэс хөгжлийн замд оруулахаар олон ажил санаачлан хэрэгжүүлж яваа. Тэрээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаа нэгэн зорилгод базаж, хэн, хэндээ ашигтай ажилласан төдийгүй өөрсдөө томорсон. Эдийн засгийн багтаамж, хүчирхэг байдлаараа хүлээн зөвшөөрөгдсөн Их долоогийн бүлэгт нэгдэж “Их найм” гэж нэрлүүлэх болсон билээ.

Хүн төрөлхтний өмнө В.Путины хийсэн нэгэн гавьяа бол АНУ Сирид хуурай замын цэрэг оруулах гэж байсныг улс төрийн ур ухаан, мэдрэмж гарган болиулсан явдал. 

Умард Атлантын цэргийн эвсэл Украиныг элсүүлэхээр зүтгэх эгзгийг алдалгүй мэдрэн Крымийг өөртөө нэгтгэсэн. Ингэснээрээ Украины хямралыг эхлүүлсэн ч хүчний тэнцвэрийг хадгалж, илүү том мөргөлдөөнөөс зайлсхийсэн гэж шинжээчид үздэг. Дундаж улсын хэмжээнд очтолоо уруудсан ОХУ-ыг дэлхийн хэмжээний амбийцтай болгосон гавьяа яах аргагүй түүнийх. 

Томчууд тоглоомын дүрмийг зохиож байхад жижиг орны удирдагчид айсуй өөрчлөлтийг хэрхэн хохирол багатайгаар давж туулах талаар толгойгоо гашилгаж байдаг нь жам. 2000-аад оноос хойш “Арабын хавар”, Ливийн дайн, дэлхийг хамарсан эдийн засгийн хоёр хямрал, Евро бүсийн тэлэлт, задралын эхлэл гээд олон чухал үйл явдал болж өнгөрчээ. Дэлхий шинээр эмхлэгдэх үйл явцыг эхлүүлсэн энэ зурвас, түүхэн он цаг дор жижиг хөгжиж буй орнуудын төрийн эрхийг барьсан олон удирдагч бий. 

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 “стан”-аас хамгийн амжилттай яваа Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев, цэргийн дэглэмтэй Мьянмарыг ардчиллын замаар оруулж дөнгөсөн зарчимч бүсгүй Аун Сан Су Чи нарыг дурдаж болно. Тэдний нэгэн адилаар, амжилттай гадаад бодлого явуулж, том гүрний ч эмзэг цэгийг нь олж “хатгаж” чаддаг, тэр хэрээрээ улс гэрээ засч, дэлхий нийтэд танигдаж яваа удирдагчдын тоонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарцаагүй орно. 

Н.Назарбаев 2014 оны сүүлээр ард түмэндээ хандаж нэгэн илгээлт явуулсныг санаж байна. “Би өөрийн их туршлагаас харахад ойрын жилүүдэд дэлхий шинээр зохион байгуулагдана. Үүнийг мэдэрч байна... Казахстан улс геополитикийн энэ хүндрэлийн яг дунд нь оршиж байна. Тиймээс өмнө нь баримталж байсан бодлого, төлөвлөгөөндөө нэн даруй өөрчлөлт хийж, үүсээд буй нөхцөл байдалд тохируулан засч залруулах зайлшгүй шаардлага гарсан юм. Үүнийг маш яаралтай, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх болно” гэсэн үгс бүхий уг илгээлт Төв Азийн бусад улс орны анхаарлыг ихэд татсан юм даг. 
Тэгвэл Монгол Улс үүнээс ч өмнө нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож, ирээдүйд улс орныхоо байр суурийг тодорхойлохоор олон ажил өрнүүлээд явж буй. Япон, БНАСАУ-ын харилцааг зөөллөхөд хувь нэмрээ оруулж буй манай улс цаашлаад АНУ, барууны орнуудын “Шүдний өвчин” болчихоод буй цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаархи зургаан талт хэлэлцээрт зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд энхийг эрхэмлэгч имижээ бататгахын хамт дипломат харилцааны төвшинд их гүрнүүдтэй зиндаархах боломж олгох ач холбогдолтой юм.

Цаазын ялыг халсан, төвийг сахих бодлого барихаар болсон, АСЕМ зохион байгуулсан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа, БНАСАУ-ын асуудлаарх хэлэлцээрт зуучийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн гээд энэ бүх үйл ажиллагаа бол ирээдүйн дэлхийд улсынхаа байр суурийг авч үлдэх гэсэн оролдлого, хүчин чармайлт юм.

Ерөнхийлөгч заримыг нь өөрөө санаачилж, дэмжиж ажилласан байдаг. Энэ их хүчин чармайлтын хүчинд гадаад бодлого, имиж тал дээр Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлж чадсан, дэлхийн олон удирдагчдын дундахь содон нэгэн өнгө нь байж чадлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)