Хятадыг Ардчилах зам: Босоо ардчилал

Үндэсний тойм сэтгүүл


Босоо зарчмын ардчилал

Австрийн Хятад судлалын хүрээлэнгийн дарга Ж.Нейсбитийн үзэж байгаагаар БНХАУ өөрийн онцлогтойгоор ардчиллыг хөгжүүлж байгаа бөгөөд үүнийг тэрээр “босоо (vertical) ардчилал” хэмээн тодорхойлж байна. Түүний бодлоор Баруун Европ болон АНУ дахь уламжлалт ардчилал нь “хэвтээ (horizontal) ардчилал” ажээ. “Босоо ардчиллын шинэ загвар нь ХХI зуунд хөгжиж байгаа орнуудыг өдөөх, дагуулах дуудлага болон тодорч байна” хэмээн Ж.Нейсбит Ярославльд болсон улс төр судлалын форум дээр мэдэгджээ. Доктор Ж.Нейсбит өөрийн бодлыг дараахь зүйлст үндэслэсэн ажгуу.

Монгол хэл, сэтгэхүй дэх “босоо” хэмээх ойлголт энд огт хамаагүй. “Босоо цагаан хийморь”, “Босоо Ганбаа”, “Босоо заяа” мэтээс ангид нэгэн ойлголтын тухай энд өгүүлнэ.

-    ХКН-ын дээд удирдлага 2050 он гэхэд БНХАУ бүрэн ардчилагдсан байх зорилт дэвшүүлж, үүнд хүрэх зохист арга замыг Зөвлөлдөх ардчилал хэмээн итгэж, энэ чиглэлээр маш их ажил хийж байна. 
-    Барууны хэвтээ ардчилал нь шийдвэр гаргалтыг удаашруулж, үр дүнгүй болгон сарниулах нь олонтаа байна. Либерал ардчилалд Евроазийн төрт ёсны уламжлалд нийцэхгүй зүйлс олон гарч байна.
-    Хятадын Коммунист нам өөрийн түүхэн уламжлал, засаглалын дорнын хэв маягт зохицуулах замаар иргэдийн оролцоо, тэдний өргөн хэлэлцүүлэгт тулгуурлсан шийдвэр гаргалтын механизмыг нэвтрүүлж эхэлсэн нь хугацаа хожих, гаргасан шийдвэрийг олон нийт баттай дэмжих, хэрэгжүүлэхдээ үл эргэлзэх зэрэг давуу тал ажиглагдаж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Австралийн парламентын танхимд хэлсэн үгэндээ “Бид Хятадын ирээдүйн хөгжлийн төлөө хоёр чухал зорилт дэвшүүлж байна. Нэгд, 2010 оны байдлаарх ДНБ-ий нэг хүнд оногдох хэмжээг 2020 он гэхэд хоёр дахин өсгөж, хөдөөгийн болон хотын иргэдийн амьжиргааны төвшинг ойртуулна. Хоёрт, энэ зууны дунд гэхэд Хятадыг орчин цагийн ардчилсан, соёлын дээд эрэмбэд гарсан, зохист хөгжил, гэрэлт ирээдүй бүхий социалист улс болгоно” хэмээн мэдэгдсэн нь дэлхий дахинд ХКН-ын энэ зууны голлох зорилт гэж ойлгогдож байгаа аж.

Зөвлөлдөх ардчиллын Хятадын туршлага

Стэнфордын Их Сургуулийн профессор Ж.Фишкин тэргүүтэй судлаачдын Зөвлөлдөх ардчиллын үзэл санааг Хятадын удирдлага найртайгаар хүлээн авч 2005 оноос амьдралд нэвтрүүлж эхэлсэн юм. Zhejiang мужийн Wenling хотын дагуул Zeguo сууринд болсон Зөвлөлдөх санал асуулга нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг онцгой татаж, энэ талаар цогцоор нь мэдээлж байлаа.

Ж.Фишкин энэ зөвлөлдөх санал асуулгын талаар: “Ардчилсан засаглалд төдийлөн шилжиж чадаагүй, захиргаадалтын засаглал бүхий Хятад улсад өнгөц харахад үүнийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй мэт санагдана. Зөвлөлдөх ардчилал нь ардчилал цогц байдлаар хөгжсөн нийгэмд амжилттай хэрэгжихээс бус ардчилал бий болоогүй нийгмийн тогтолцоонд оршин тогтнох орон зай байхгүй л гэж бодож байлаа… Хятадын орон нутгийн ардчиллын тэргүүлэх судлаачдын нэг Бау Ганг Хи-тэй хамтран Зигоу суурингийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаарх шийдвэр гаргахад нутгийн иргэдийн санаа бодлыг тусгах, зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулсан билээ. Нутгийн удирдлага нийт 30 бүтээн байгуулалт төлөвлөгдсөнөөс 10-ыг нь хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой байсан тул эхний ээлжинд хэрэгжүүлэх 10 төслийг эрэмбэлүүлэхэд олон нийтийн саналыг авахаар шийдвэрлэсэн юм” гэжээ.

Түүхэн талаасаа өмнөд Хятадад иймэрхүү зөвлөлдөх уулзалтыг явуулдаг Кентан гэгддэг эртний уламжлал байсан нь зөвлөлдөх ардчилалд таатай хөрс болсон байна. Кентаны сул тал нь иргэдийн ил тод хэлэлцэж санаа нийлсэн асуудал бодлого шийдвэрт тусгалаа олох, нөлөөлөх боломж нь тодорхойгүй байсан. Зөвлөлдөх уулзалт, санал асуулга нь кентантай харьцуулахад зөв түүвэрлэлттэй учир нийт иргэдийг төлөөлөх чадамжтай, оролцогч бүр тэгш байдлаар хэлэлцүүлэгт оролцох нөхцөлийг бүрдүүлдэг, мөн хэлэлцүүлгийн өмнө болон хойно хийсэн судалгааны статистик үзүүлэлтээр өөрчлөлт, динамикийг харж болдог, иргэдийн олонхиороо гаргасан шийдвэрийг Засаг захиргаа шууд хүлээн авах зэрэг давуу талтай байлаа. 

Зигоу сууринд явагдсан түүхэн зөвлөлдөх санал асуулгад суурингийн нийт 120 мянган иргэдийг төлөөлөн санамсаргүй түүврээр сонгогдсон 275 хүн оролцсон. Социологийн статистик томъёогоор 235 хүн нийт иргэдийг бүрэн төлөөлөх чадамжтай гэж гарсан ч 275 хүн сонгоод тэднээс 269 нь эхний шатны санал асуулгад оролцсон. 235 иргэд Зөвлөлдөөнийг дуустал идэвхтэй оролцож, санал дүгнэлтээ өгчээ. Зөвлөлдөх ардчиллын амин сүнс болох мэдээлэлжүүлэх ажлыг засаг захиргааны зүгээс болон шүүмжлэгчдийн талаас маш сайн хийсний үр дүнд мэдээлэлжсэн иргэд асуудалд бодитой хандах, бие даасан байдлаар, өөрсдийн эрх ашгийн өнцгөөс хандах нь нь нэмэгдсэн гэсэн үзүүлэлтүүд эхэнд болон сүүлд хийсэн судалгаануудаас ажиглагдаж байв. Мэдээлэлжсэн иргэд хэрэгжүүлэх ажлуудыг эрэмбэлэхдээ маш прагматик хандлага баримталсан нь мэдээлэлжихийн өмнө цэцэрлэгт хүрээлэн, тансаг төв талбай тохижуулах, авто замын төслүүдийг илүүтэй дэмжиж байснаа мэдээлэлжсний дараа бохир цэвэршүүлэх байгууламж барих, сууринг төвтэй холбох гудамж бий болгох төслүүдийг дэмжих болсон байна. Өөрөөр хэлбэл харагдах байдлаа дээлшүүлэх, гадаад үзэмжээр хөөцөлдөхөөс эрүүл ахуй, соёл болон хугацаа хожих зэрэг амьдралд нь илүү өгөөжтэй төслүүдийг дэмжсэн юм. Эсрэг тэсрэг талуудын тэнцвэрт мэдээллийг иргэд дэнслэн бодох, эргэцүүлэх, хоорондоо хэлэлцэх замаар үр өгөөжид суурилсан эрэмбэ тогтоож байлаа.
Энэ зөвлөлдөөнийг олон улсын хэвлэл мэдээлэл өргөнөөр тусгахдаа гарах үр дүн, нийтэд өгөх ашиг тусыг илүүтэй сонирхож байсан. Зигоу суурингийн иргэдийн эрэмбэлсэн асуудлуудаас нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой гэсэн 3 цэвэрлэх байгууламж, төв дүүргүүдтэй холбосон зам барих, чөлөөт цаг, амралтын хүрээлэн байгуулах төслүүдийг Засаг захиргаа нь хүлээн авч ажилдаа тусгах болсон юм. Хятадын дотоодод ч гэсэн энэ зөвлөлдөх уулзалтын талаархи мэдээллийг сонирхон хүлээж авч байсан агаад Бээжин захиргаа олон нийтийн санаа бодлыг сонсох уламжлалт аргаасаа татгалзан зөвлөлдөх ардчиллыг Засаг захиргааны ажилд нэвтрүүлэх шийдэлд хүрчээ. ХКН-ын иргэдийн санааг тусгадаг механизм нь Олон нийтийг сонсох хороо гэгчээр дамжин хэрэгждэг байсан юм. Энэ хороонд иргэд өргөдөл, гомдол, санал хүсэлтээ бичгээр болон амаар гаргаж, олон давтагдсан асуудлаар коммунист намаас ажлын хэсэг гарч нягтлах шалгах зэрэг хүнд сурталтай, сунжруу ажиллагаа явагддаг байсныг Зөвлөлдөх ардчиллаар халахаар болсон нь энэ. Ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөлдөөнөөс гарах шийдвэрүүд нь:

-    шинжлэх ухаанч байх
-    хуулийн дагуу байх
-    ардчилсан зарчимд тулгуурлах

гэсэн 3 шалгуур үзүүлэлтэд нийцсэн байх ёстой гэсэн журам гаргасан байна.
Эндээс “хуулийн дагуу байх” зарчмын талаар Ж.Фишкин лавлаж асуусан байна. Wenling хотын коммунист намын дарга Заухау Жан түүнд: Зөвлөлдөх санал асуулгаас гарсан дүнг Ардын Их хуралд өргөн барьж, тэндээс батлах учраас энэ нь хуулийн дагуу гэж тооцогдох болно гэж хариулсан байна.

Жан дарга үүн дээр нэмж, “Зөвлөлдөх санал асуулга асар их ач холбогдолтой боллоо. Нэгд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүллээ. Бид өөрсдийн эрх мэдлийг иргэддээ шилжүүлэн өгснөөр илүү их эрх мэдлийг олж авсан. Хоёрт, элитүүдийн төлөөлөл буюу Ардын их хурлыг иргэдийн санаа бодлыг сонсох, үүнийг шийдвэртээ тусгадаг тодорхой механизмтай болголоо” гэж дүгнэсэн тухай New York times бичиж байв. Тоон утгаар илэрхийлбэл Зигоу суурингийн иргэд анхны зөвлөлдөх санад асуулгаараа 136 сая юаны өртөг бүхий шийдвэр гаргаснаар нутгийн удирдлагын төсөвлөж байсан 40 сая юаны төсөвт дорвитой өөрчлөлт орсон ажгуу.

Зөвлөлдөх санал асуулгын хамгийн гол үр дүн нь “Deliberative Polling techniques” буюу

Зөвлөлдөх санал асуулгын аргачлалд нутгийн удирдлага болон оролцсон иргэд аль аль нь сэтгэл ханамжтай үлдсэн явдал юм. 

Шийдвэр гаргалтанд оролцогч талууд гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байх нь төсөл хэрэгжих явцыг шуудруулж, олон нийтийн дэмжлэгийг өдөөдөг ажээ. Зөвлөлдөөнд оролцсон суурингийн оршин суугч, 58 настай Wu Xiaoju “Иймэрхүү ардчилсан зөвлөлдөөн нь над мэтийн жирийн хүмүүсийн санаа бодлыг Засаг захиргааны шийдвэрт тусгах тавцан болж өгөх юм” хэмээн сурвалжлагчид ярьсан байна. Wenling хотын захиргааны ажилтан Chen Yimin “Зөвлөлдөх ардчилал нь орон нутгийн захиргааны шийдвэрийг илүү нээлттэй, тунгалаг болгож өглөө” хэмээн үнэлэв. Зүүн Хятадын Нийгмийн ШУ-ны академийн Нийгэм судлалын хүрээлэнгийн захирал Deng Hong “Зөвлөлдөх ардчилал нь нийгэмд хуримтлагдсан сөргөлдөөнт асуудлууд, зөрчлийг нийгмийн бүлгүүдийн зөвлөлдөөнөөр шийдвэрлэдэг, үр дүнтэй арга болох нь харагдаж байна. Энэ нь олон нийттэй харилцдаг Захиргааны уламжлалт арга барилыг өөрчилж, шинэ замыг зааж байна” хэмээн үнэлжээ.

Хятад улсын дарга Си Зиньпиний зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүх Хятадын Ардын зөвлөлдөх бүгд хурал дээр намын улс төрийн зөвлөхүүдэд хандан Зөвлөлдөх ардчилал бол улс орныг сонгож авсан замаараа замнахад ард түмний ойлголцол, зөвшилцлийг бий болгох чухал арга хэмээн тодотгон чиглүүлж байв. Си Зиньпин дарга хэлсэн үгэндээ “Зөвлөлдөх ардчиллын тогтолцоогоор дамжуулан улс төрийн зөвлөхүүд та бүхэн төдийгүй ард олон Ардчилал гэдэг нь дан ганц сонгууль, сонгох эрх төдий бус харин олон нийтийн зүгээс өдөр тутмын амьдралынхаа суурь шийдвэрүүдэд оролцох эрх, онцгой харилцаа гэдгийг ойлгож мэдрэх ёстой” гэж цохон дурдсан байна.

Олон улсын үнэлэмж

Мэдээж хэрэг Хятадын зөвлөлдөх ардчилал шүүмжлэлээс гадуур өнгөрсөнгүй. Оксфордын их сургуулийн хэсэг судлаач “Дарангуйлагчийн ацан шалаа: ХКН-ын тэсч үлдэх стратеги” (The Dictator’s Dilemma: The Chinese Communist Party’s Strategy for Survival) хэмээх товхимол хэвлэж гаргасан. 

Барууны судлаачид Хятад дахь Зөвлөлдөх ардчиллыг Authoritarian Deliberation- Авторитар зөвлөлдөөн, босоо ардчилал гэх мэтээр томъёолох, удирдлагатай ардчилал гэж дүгнэхийг хичээж иржээ.
ОХУ-ын засаг захиргааны зүгээс Хятадын маягаар ардчиллыг хөгжүүлэх үзэл санааг нэлээдгүй дэмжиж, өөгшүүлж байгаа бөгөөд тэд өөрсдийн нэр томъёог ч бий болгоод байна. Суверенная демократия (францаар démocratie souveraine) гэх нэршил, ойлголтыг Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга В.Сурков 2005 оноос ярьж, 2007 оноос хойшхи Думын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудад гол үзэл суртал болон сурталчлагдав. Оросын шинжлэх ухааныхан Зөвлөлдөх ардчиллын онолын асуудалд өргөн хэмжээгээр анхаарч, нийтлэл өгүүлэл бичих нь олширсон нь засаг захиргааны чиглүүлэг, дэмжлэгтэй холбоотой гэсэн таамаглал өрнөдийнхөнд байгаа юм. 

Түүх сөхвөл XIX зуунд Америкийн Ардчилсан нам, ХХ зууны дунд үест Тайваны Гоминдан намууд энэ нэр томъёог ашиглаж байжээ. Гэвч агуулга нь анх Европт хэрэглэж байснаас өөр өөр юм. Оросууд маш товчхондоо бол суверен ардчилал гэдэгт удирдлагатай, залууртай ардчиллыг ойлгож байгаа. Үүндээ Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгсэл болгон ашиглахаар Путины засаг захиргаа эрмэлзэж байгаа ч хятадууд шиг амьдрал дээр туршаагүй, хэрэгжүүлээгүй явна.

Монгол хэдийгээр ардчилсан улс гэж явдаг ч практик дээр бол бид зөвхөн сонгуулийн ардчилалтай л улс юм. 

Сонгуулиас өөр ардчиллын бодит элемент маш цөөн. Монголын нийгмийн туулж ирсэн замнал, төлөвшил нь баруун маягийн сонгомол, либерал ардчиллын зарчмын дагуу хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх боломжийг олгодоггүй. Монголд бэлгийн цөөнхийн эрх, садар самуун бичлэг үзэх эрх, биеэ үнэлэх эрх, авлигыг үл тэвчих үзэл, өмчлөх эрхэд ээлтэй байж, засаглалын дээрэнгүй хандлагыг үл тэвчих, ил тод нээлттэй, шударга байдлыг шаардах, ёс зүйн өндөр үнэлэмж зэрэг ардчиллын тулгуур зүйлс хувь хүний эрх чөлөө хэрэгжих огт боломжгүй нийгмийн сэтгэл зүй оршсоор байгаа нь “дүр эсгэсэн ардчилал” гэх доромж ойлголтыг бий болгожээ. Тийм нөхцөлд ардчиллыг хурдацтай нэвтрүүлэх бодит арга зам нь Зөвлөлдөх ардчилал болж байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. АНы гамингууд байхгуу бол Монгол ч хурдан хогжиндоо

    0 0 Хариу бичих
  2. 2050 оноос өмнө хятад гэж улс байхгүй болно.

    1 0 Хариу бичих
  3. Явж явж ирээдүйд Хятад улс дэлхийн хамгийн ардчилсан, манлайлагч улс болох магадлалтай юм шүү

    1 3 Хариу бичих