25 сая төгрөгний үнэтэй бургер

Т.Маралмаа


Арабын Нэгдсэн Эмират улсад саяхан нэгэн дуудлага худалдаа явагдсан нь олны сонирхлыг ихээхэн татжээ.

Хөхний хавдрын эсрэг тэмцдэг “Pink Caravan” хөдөлгөөнөөс тус өвчинд өртсөн хүмүүст туслах зорилгоор дуудлага худалдааг явуулсан байна. Сонирхолтой нь, уг үйл ажиллагаанд Дубайн “Le Gourmet” рестораны захирал Русел Импиаци, Катарын хааны гэр бүлийн гишүүн Мохаммед Бин Абдулла Ал Тани нар өөрсдийн бэлдсэн бургерээр оролцсон нь хамгийн өндөр орлого авчирчээ.

Бургер үхрийн татшан долоон давхар мах, чеддар бяслаг, шаргалтсан шинэхэн талхнаас бүрдсэн тухай тэд танилцуулаад, 10 мянган ам.доллараар үнэлжээ. Энэ нь Монгол төгрөгөөр 25 сая орчим төгрөг болж байна. 

Тэд хоёр жилийн өмнө мөн уг үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд тухайн үед нэг бургерийг 7000 ам.доллараар худалдаалж байсан аж. Харин энэ удаа илүү өндөр үнэд хүргэх зорилгодоо ийнхүү хүрчээ. Аварга, үнэтэй бургерийн эзнээр Дубайн “Villa 88” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Асма Ал Фахим тодорсон байна. Тэрээр худалдан авалтын тухай тайлбарлахдаа "Юуны өмнө би хөхний хорт хавдраар өвчлөгсдөд тусалж, тэднийг эдгэх нэг шалтгаан нь болохыг хүссэн. Мөн өнгөрсөн жил байшин нь шатсанаас амиа алдсан “Pink Caravan”-ийн тэргүүн асан Амера Бин Карамын дурсгалыг хүндэтгэж энэхүү худалдан авалтыг хийлээ“ гэжээ.

Дуудлага худалдаанд бургерээс гадна дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нийт 30 мянга орчим ам.долларын орлого олж чадсан байна. Уг орлогыг 100 хувь хөхний хорт хавдраар шаналж буй хүмүүст  зориулахаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)