Тулааны тэмцээн үзэж байсан үзэгчид талцаж зодолджээ

Х.Батсайхан


Дагестаны Каспийск хотод болсон гардан тулааны тэмцээний үеэр уг тэмцээнийг үзэж сонирхож байсан үзэгчид хоорондоо талцаж зодолдсон хэрэг гарчээ. Тэмцээн чөлөөт бөхийн 1997 оны дэлхийн аварга Курамагомед Курамагомедовын нэрэмжит сургуулийн спортын танхимд болж байсан аж.

Зодоонд хэдэн арван хүн оролцсон ч нэг ч хүн ноцтой бэртэл авалгүй өнгөрчээ. Зодооны бичлэг Оросын РЕН ТВ телевизийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан байна. Харин зодооны шалтгааныг тодорхой бичээгүй байсан юм.

Дагестанд холимог тулааны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дэлхийн хэмжээний алдартай тамирчид ч төрж байгаа. Түүний хажуугаар тэмцээн уралдаан маргаан, шуугиантай болж, үзэгчид гар зөрүүлэх явдал ч гарах болжээ.

Энэ сарын 12-нд болсон Дагестаны аварга шалгаруулах холимог тулааны тэмцээнд өрсөлдсөн Азиз Жуманиязов, Владимир Минеев нарын тулааны үеэр Жуманиязов хонх дуугарсны дараа хэвтээ байдлаас боссоныхоо дараа өрсөлдөгчөө басамжлан хөлөөрөө тийрсэн бөгөөд Минеев үүнд уурсан босч зодолдсон хэрэг гарсан. Энэ үеэр үзэгчид дэвжээнд гарч олон нийтийг хамарсан зодоон болж байсан аж.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)