Дауны хам шинжтэй хүн бусдын адил хүмүүсийн дунд амьдрах, ажиллах эрхтэй

Т.Маралмаа


Өнөөдөр Дауны хам шинж өвчний эсрэг дэлхийн өдөр тохиож байна.  Олон хүн уг хам шинжийг сэтгэл мэдрэлийн өвчин, оюуны саатал зэргээр үзэх нь элбэг. Гэвч энэ нь жирийн хүүхэдтэй харьцуулахад булчингийн үзүүлэлт сул, тархины хөгжил нь харьцангуй удаан байдаг нэг төрлийн хам шинж юм. Энэ бол хэн нэгнийг ямар шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн статустайгаас үл хамааран үүсэх хромсомын эмгэг. Гэтэл манай гадаад, дотоодгүй уг хам шинжтэй хүнийг гадуурхах, нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага ихээхэн ажиглагддаг нь нууц биш.

Гэвч Даун бол халдварт өвчин биш. Сэтгэл мэдрэлийн ч өвчин биш. Энэ бол гутамшиг биш.  Дауны хам шинжтэй хүмүүс өөрсдөө энэ сонголтыг хийгээгүй, хийдэггүй. Тэгээд яагаад бусдын адил амьдарч болохгүй гэж? Өнгөрсөн жил гэхэд дауны синдромтой эгч дүүс коллежид суралцаж байгаа тухай мэдээлж байсан. Энэ нь хүмүүст бусадтай нэгэн адил гэх сэтгэл зүй, нийгэмшил хамгийн сайн туслагч болж чаддагийг харуулж буй хэрэг. Бусдын л нэгэн адил нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ажиллаж амьдарч буй олон хүн бий. Гагцхүү энэ хам шинжтэй хүмүүсийг нийгэмтэй ойр байхад нь хэн бүхэн туслах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. 

Уг хам шинж өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил 8-9 настай хүүхэдтэй адил байдаг аж.

АНУ-д жилд 350 мянган хүүхэд энэ хам шинжээр өвчилдөг бол Монголд 1000 төрөлт тутмын нэгд, жилд 400 орчим хүүхэд уг хам шинжийг тусдаг гэх тооцоо бий. Хүн амын тоотой нь харьцуулахад энэ бол бага тоо биш. Олон улсад энэ хүүхдүүдэд зориулсан олон янзын эрүүл мэндийн газар, хөтөлбөрүүд ажилладаг.

Зарим оронд зөвхөн дауны хам шинжтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлдэг төв ажилладаг. Үүний зэрэгцээ нийгэмлэг, эцэг, эхчүүдийн холбоо, тэдэнд зориулсан сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийг нь олон талаас нь шийдсэн байдаг. Хүн амын дунд дауны хам шинжтэй хүмүүсийн онцлогийн, ямар тусламж үзүүлэх хэрэгтэй талаар тодорхой ойлголт төлөвшүүлсэн байдаг. Ингэснээр нийгмийн тодорхой хэсэг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч, үл ойлголцлыг шийдэж чадсан. Харин манайд Дауны хам шинжтэй хүүхдүүдэд хэр анхаарал хандуулдаг вэ? 

 Хүн амын дунд дауны хам шинжтэй хүмүүсийн онцлогийн, ямар тусламж үзүүлэх хэрэгтэй талаар тодорхой ойлголт төлөвшүүлсэн байдаг

“Оюуны бэрхшээлтэй хүүх­дийг нөхөн сэргээх сургалтын төв” 2013 онд анх албан ёсоор нээгдэж байсан. Тус сургалтын төвд Даунтай хүүхдүүдэд бүх зүйлээр туслахад гол зорилго нь оршдог гэнэ. Мөн ”Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” ТББ 2007 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Тэд хүүхэд, тэдний гэр бүлийнхэнд чиглэсэн төрөл бүрийн сургалт, эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг, тэмдэглэлт баярт өдрүүдийг байнга хамтдаа зохион байгуулж ирсэн аж. Түүнчлэн, Дауны хам шинжтэй хүүхдүүд нь төрөл бүрийн хавсарсан дагалдах эмгэгүүдтэй төрөх нь элбэг байдаг учраас эрүүл мэндийн нарийн зөв оношилгоо, эмчилгээ, асаргаа сувилгаа үзүүлж туслахаар зорьдог гэсэн. Тухайлбал, зүрх, нүд, чих, бүдүүн гэдэс, ходоод гэх мэт эрхтнүүдийн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг оношлогоог жил бүр зохион байгуулдаг байна. 
 

Хүүхэд даунтай төрөх магадлал ээжийн наснаас хамаарч ихэсдэг бөгөөд 35 наснаас эхлэн энэ магадлал нэмэгддэг байна. Энэ хам шинжийг 1866 оноос бүртгэн судалж эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд энэ төрлийн хам шинж өвчнөөс болоод жилд 20 мянга гаруй хүн нас бардаг ажээ. 

 Даун яагаад үүсдэг вэ

Ураг эхийн хэвлийд бүрэлдэх яв­цад хүний 46 хос хромосомын 21 дэх хос хромосом нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас дауны синд­ром үүсдэг ажээ. Дауны хам шинж  үүсэх бас нэг шалтгаан байдаг нь 46 хос хромосом дээр илүү нэг хромсом  үүсэх явдал. Үүнийг л Дауны синдром гэж нэрлэдэг. 

Шинээр мэндэлсэн хүүхэд нь Дауны хам шинжтэй гэдгийг сонссон эцэг эхчүүд сэтгэл санааны цочролд орж шок болон айдаст автдаг. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд дауны синдромтой 20 мянга орчим хүн нас бардаг. Харин АНУ-д жилд дунджаар 350 мянга гаруй хүүхэд Дауны синдромтой төрдөг гэсэн судалгаа бий. Нас, хүйс, эдийн засгийн нөхцөл байдал ялгаварладаггүй энэ өвчин манай улсад ч түгээмэл ажээ.

Кэнни Криж нь 1939 онд төрсөн. Түүнийг анх эмч нар 12 насална гэж хэлжэ байсан ч тэрээр 2008 онд Дауны синдромтой дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бүртгэгдсэн. Тэрээр энэ оны хоёрдугаар сарын 15-нд 77 насныхаа өдрийг тэмдэглэжээ. 

Харин түүхэнд хамгийн өндөр насалсан Дауны хам шинжтэй хүн АНУ-ын иргэн Бэрт Холбрүүк гэх хүн байсан бөгөөд 2012 онд 83 настайдаа нас баржээ. 

Дауны хам шинжийг 1975 он хүртэл “Монголизм” гэж нэрлэдэг байсан

Энэхүү өвчнийг нэг хэ­сэг “Монголойд”, “Монголизм“ гэж нэрлэдэг байв. Учир нь энэхүү хромосомын гажигтай хүмүүс яг л Азийн тэр дундаа монголчуудын нүүрний хэв байдал, төрхтэй адил байсны улмаас тэр. Дауны синдромтой хүний дагз нь хавтгай, богино гавалтай, гавлын яс нимгэн, хамрын ясны хөгжил тааруугаас үүдэн навтгар хамартай, хавчиг духтай, хавтгай нүүртэй, нүдний гадар өнцөг дотор өнцгөөс дээр байрлалтай байдаг. Энэ нь монголчуудын төрхтэй ойролцоо байснаас тийнхүү нэрлэж байгаад 20 дугаар зуны эхэн үеэс анх энэ өвчнийг илрүүлж, судалсан Жон Ландон Дауны нэрээр өдгөө нэрлэгддэг болсон байна.

1965 онд Монгол Улсын хүсэлтээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Дауны синдромыг “Монголизм” хэмээн нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж, үүнээс 10 жилийн дараа 1975 онд “Дауны синдром” хэмээн нэрлэхээр тогтжээ.
Жил бүрийн энэ өдөр тэмдэглэх болсон нь 21 дүгээр хромосомын гурвал хэмээх нэр томъёотой холбоотой аж.

Дауны синдром хэрхэн илэрдэг вэ?

Дауны синдромтой хүүхэд илэрхий дутуу бойжилттой, жин багатай төрдөг ба эрүүл хүүхэдтэй харьцуулахад биеийн жин нь 400-500 гр дутуу байна. Цаашдаа үеийнхнээсээ хоцорч, насанд хүрсэн өвчтөн эрүүл хүний дундаж өндрөөс даруй 20 см намхан байна.

1966 онд судлаач Б.Холл Дауны синдромтой олон хүүхдийг судалж 10 шинж тэмдгийг хамгийн чухал гэж онцлоод тэдгээрээс 4-5 нь илэрсэн тохиолдолд уг өвчний оношийг баттайд тооцож болно гэж үзжээ. Үүнд:

1.    Өргөн хавтгай нүүр 90 хувь
2.    Морогийн рефлексгүйдэл 85 хувь
3.    Булчингийн сулрал 85 хувь
4.    Нүдний гадна өнцөг дээшээ ташуу 80 хувь
5.    Хүзүүний илүүдэл арьс 80 хувь
6.    Үеүд хэтэрхий хөдөлгөөнтэй 80 хувь
7.    Аарцаг ясны хэлбэр алдагдал 70 хувь
8.    Чихний хэлбэр алдагдал 60 хувь
9.    Чигчий хурууны муруйлт 60 хувь
10.     Алганы хөндлөн судал 45 хувь гэж тодорхойлжээ.

Дауны синдром яаж үүсдэг вэ?

•    Дауны синдромын бүх тохиолдлын 94 хувь нь 21 дүгээр хромосомын мейоз нэгийн хуваагдлын үед тус хромосом салаагүйн улмаас үүсдэг байна. Энэ нь эхийн настай шууд холбоотой ажээ. Тухайн эхийн нас ахих тусам хромосомын үл хуваагдал улам нэмэгддэг байна. 35-аас дээш насны эхчүүдийн 50 төрөлт тутмын нэг нь дауны синдромтой төрдөг ажээ.

•    Дауны синдромын 4-5 орчим хувь нь транслокациар үүсэх хромосомын трисом юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хос 46 хромосомын 21 дүгээр хромосом нь өөр нэг хромосомтой нийлж хувиралд ордог ажээ. Энэхүү тохиолдол эцэг, эхээс нярайд удамшиж болохоос гадна шинээр үүссэн байж болдог байна.
•    Дауны синдромын 2-3 хувь нь хүнд байх 46 хос хромосом дээр нэмэгдэж өөр нэг хромсом үүссэн байдлаар илэрдэг ажээ. Энэ тохиолдол эмнэлгийн ямар нэгэн шинжилгээгээр илрэхгүй байх магадлал өндөр байдаг юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)