АРДЫН ҮГ: Т.Галсан: Хөшөөн дээр байгаа ганц зураас Хүннү гүрнээс бидэнд үлдээсэн гэрээс шиг санагддаг

Х.Дэлгэрэх


Монголын өв соёл, монгол хэлний гайхамшиг, хэл шинжлэлийн талаар Ардын уран зохиолч Т.Галсантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Улс үндэстэн оршин тогтнох, мөхөж сөнөх эсэх нь эх нутгийн хил хязгаараас илүү эх хэл гэдэг оюун ухааны хэсэгтэй салшгүй холбоотой. Хоёр том гүрний дунд оршдог жижиг орны хувьд улсын хил хязгаар нь олон улсын хараанд байж, хамгаалагдаад байгаа. Гэвч оюуны хэл маань сэтгэл зовоох асуудал болоод байна. Том гүрнүүдийн хүчирхэгжилтийн нууц нь эх хэлэндээ байдаг. Энэ хэлээр зохиол яруу найраг туурвиж, төрийн бодлого, түмэн олны эв нэгдлийн зангидлага нь эндээ байдаг.

Төр засаг төсөв бүрдүүлэхийн төлөө зодог шигээ эх хэлээ таниулахын тулд зовдог баймаар байна

Эх хэлээ сайн эзэмшээгүйдээ эхлээд багш нартаа гомдсон. Дунд сургуульд монгол хэл гэхээр өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тусагдахуун гээд л заагаад байсан. Амьдрал надад эдгээрээс нэг нь ч хэрэг болоогүй. Дараахан нь үгийн доогуур нэг зурна, хоёр зурна, тасалж зурна гээд л заасан. Гэтэл энэ нь сүүлд бодохнээ эх хэлний хичээл биш зургийн хичээл байсан. Үүнээс болоод бид эрлийз сэтгэлгээтэй, санаа бодлоо бусдад илэрхийлэх чадвар муутай болсон. Гэхдээ үүнийг залруулах боломж бидэнд бий. Ингэхийн тулд эхлээд эх хэлний хуультай болох хэрэгтэй. Одоо хууль байгаа хэрнэ зөрчвөл хэрхэх талаарх цааз нь алга.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд харь үгийн монгол утгыг олох ажлыг хариуцсан судлаачид сүүлийн 20 жилд Монгол Улсын үгсийн санд орсон харь үгийг бүртгэж авсан. Тэдгээр үгийг монголоор хэрхэн нэрлэхийг эрдэмтэд, хэл шинжээчид тал талаас нь шүүн хэлэлцэж бүгдийнх нь утгыг гаргасан. Гагцхүү энэ үгсийг хэрэглэж, хэвшүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  манлайлан үлгэрлэх ёстой. Эхний удаад тухайн үгийг хэрэглэхдээ харь үгийг нь хаалтад хийчих хэрэгтэй. Хэдэн удаа хэрэглэсний дараа хэвшил болно.

УИХ-ын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэл шинжээчдийн олсон хэд хэдэн эрлийз үгийн монгол утгыг нэрлэсэнд  би хувьдаа их баярласан. Үүний дотор кофе гэдэг үгний монгол утга буюу боргол гэх үгийг хэрэглэсэн. Үүнийг хүмүүс Ц.Элбэгдорж өөрөө зохиочихлоо хэмээн ойлгосон шиг байна лээ. Энэ өмнө нь байсан үг. Монголчууд эрт дээрээс бүх алим жимсийг нэрлэсний дотор үхрийн давсаг шиг шар жимсийг олж хараад нунтаглаад үзсэн бор өнгөтэй, уусгаад уусан хойно сэргээхийн шинжтэй. Хувиршгүй шинж нь бор байсан учир боргол гэж нэрлэсэн.   

Болдогсон төр засаг төсөв бүрдүүлэхийн төлөө зовдог шигээ эх хэлээ таниулахын тулд зовдог баймаар байна. Хэрэв өдөрт ганцхан цаг бүх нийтэд эх хэлний хичээл заагаад эрлийз үгийн утгыг тайлбарлаад явдаг бол бүх хүн тэр үгийг хэрэглэдэг болно. Монгол хэлний зөв үгийг дэлгэрүүлэгч нь миний Төрийн ордонд биднийг төлөөлөн сууж байгаа эрхмүүд байх ёстой.

Үе үеийн Ерөнхийлөгч тухай тухайн үедээ хэл шинжлэлийн ухаанд чухал ажил хийсэн. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа хос бичгийг нэвтрүүлэх хөтөлбөр, Н.Багабанди Ерөнхийлөгч байх үедээ жил бүр “Сайхан бичгийн улсын уралдаан”-д түрүүлсэн дөрвөн хүүхдийг улсын их сургуульд үнэгүй сургах шийдвэр гаргаж байсан. Н.Энхбаяр Ерөнхийлөгч тухайн шагналыг найман хүүхдэд олгохоор болсон. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч монгол бичгийг дэлгэрүүлэх үйлст хамгийн их анхаарсан. Тухайлбал гадаадад Монголын соёлын сурталчилгааг хамгийн их хийсэн хүн. Тэр болгондоо монгол бичгээ хамтатгаж явж байсан.

Хүүхэд төрөхөд өгдөг сахиус (төрсний гэрчилгээг), их дээд сургууль төгсөж буй  оюутнуудын номын хишиг (бакалавр), эрдмийн хишиг (магистр), эрдэмтэн (доктор)-ын үнэмлэх (диплом)-ийг  монгол бичгээр хамтатган хичээнгүйлдэг болсон . Энэ их сайхан ажил. Мөн Монгол Улсаас гадаадад илгээж буй олон улсын харилцааны чухал бичгүүдийг  Ил хаадаас Ромын Папд өргөн барьдаг байсантай адилаар өгдөг болсон.

Өнгөрсөнд байсан, байгаа, байж болох эдийн болон байсан, байгаа, байх оюуны соёлыг өв соёл гэнэ.  Эдийн соёл гэдэг бол их гайхалтай зүйл. Хөшөөн дээр байгаа ганц зураас Хүннү гүрнээс бидэнд үлдээсэн гэрээс шиг санагддаг.

Оросын эрдэмтэн П.К.Козлов “Газрын хөрсөн дээр, түүнээс илүү өвийг хөрсөн дороо хадгалсан нэг ч улс үндэстэн Монголоос өөр дэлхийд байхгүй” хэмээн нэгэн цагт хэлсэн байдаг .

Сэтгэн бодох чадвар, санааны аагимд тултал өгүүлэх хэл эдийн бус соёлын нэг тэргүүнд байна. Тэр хэлээр цаг түүхийн манаанд алдахааргүй хадгалсан бичиг соёл, орчлон юутай уудмыг ойлгоод, хүн юутай өчүүхнийг мэдээд, гүн ухаанаар ертөнцийн жамыг сэтгээд, тэр гүн ухааны яруу найргийг холын орон зайн аялгуунд бичсэн уртын дуу, язгуур урлаг, барьж болдгоороо эдийн соёл атал хүний оюуныг тэжээдэг ном эд бүгдийг оюуны соёл гэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Зөвөө хүн ардаа уйгаржин монголын бичгийн сургалтанд бүрэн хамруулах хугацаа олгож эх хэлэндээ шилжих хэрэгтэй. үүнийг монгол цустай эх орон өв соёлдоо санаа тавьдаг хэнбугай ч дэжих учиртай. өө бас энэ хүнд хөдөлмөрийн баатар өг. одоо хэдий удаа л гэж. амьддаа би биеэ хайрла монголчууд минь.

    0 0 Хариу бичих
  2. Эрийг цаг, уулыг нас гэж.

    0 0 Хариу бичих
  3. GALSAN GEJ 2 NUURT KKK

    0 1 Хариу бичих
  4. улсын хил хязгаар ч гэсэн бүрэн бүтэн байх нь чухал шүү дэ юу яриад байнаа

    0 0 Хариу бичих
  5. зөв дөө, гудамжаар дүүрэн байгаа гадаад хэлээр бичсэн байгуулагын хаягуудыг хамгийн түрүүнд авч хаях хэрэгтэй, бид нар өнөөдөр аль нэг улсын колони биш биз дээ ? манай улсын албан ёсны хэл Монгол хэл мөн биз дээ ? Ямарч шатны сургуульд Монгол хэлний шалгалт хамгийн шударга, бас хамгийн хатуу байх ёстой.

    0 0 Хариу бичих
  6. Монгол бичгийн Чоймаа багшийн телевизийн хичээлийг жил бүр 9сараас явуулж хэвшүүлээд Галсан багшаар монгол үгсийн утга, гадаад үгийг монгол хэлэнд хэрхэн ончтой орчуулж хэрэглэж дадуулах хичээл заалгадаг баймаар б.а.

    0 0 Хариу бичих