Д.Оюунхорол: Манай яам “Алт-2” хөтөлбөрийг шууд дэмжих боломжгүй

С.Шийлэгтөмөр


Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос дараахь тодруулгыг авлаа.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Алт-2” хөтөлбөртэй холбогдуулан яамдаас саналыг нь авч байгаа гэсэн. Танай яам саналаа өгсөн үү?

-Засгийн газар хямралаас гарах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ бодлогын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 204 мянган га газрын 38 нэр бүхий талбайд хайгуулын болон олборлолтын лиценз олгохоор саналаа оруулж ирсэн. Энэ бүх орд газар нь “Урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа учраас манай яам ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Одоогийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай асуудлаа эцэслэн тохирч чадаагүй байгаа. Манай яамны хувьд “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүст алт олборлох асуудалд нэлээд чамбай хандах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр манай улс хүрэн эдийн засагтай, уул уурхайн салбараас хэт их хамааралтай ч ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн байгалиа үлдээх ёстой. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт Монголд хурдацтай явагдаж байна. Тиймээс олон гол мөрөн хатаж ширгэж байгаа. Аль ч суманд очсон “Манай суманд байсан ийм булаг шанд, гол горхи хатаж ширгэлээ” гэж ярьдаг. Бид энэ жил усны тооллого явуулсан. Зөвхөн зүүн аймгуудад л гэхэд 200 гол горхиноос 120 нь хатаж ширгэсэн гэсэн судалгааны дүн гарсан. Тийм учраас бид энэ асуудалд нэлээд болгоомжтой хандаж аймаг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэлээд сайн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Олборлолт явуулахаар болсон тохиолдолд дараа нь нөхөн сэргээлтээ хэрхэн хийх, түүндээ зарцуулах санхүүжилтээ хаана байршуулах гээд олон асуудлыг тодорхой болгож ярих шаардлагатай байгаа юм.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “Урт нэртэй” хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юу?

-Ер нь асуудлаа төгс боловсруулж бидэнд дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Манай яамны хувьд энэ асуудалд нэлээд чамбай хандаж байж саналаа өгнө. Үүнээс гадна бас нэг асуудал бий.

-Тэр нь юу юм бэ?

-Хамгийн хүнд асуудал бол түгээмэл тархацтай баялаг болох хайрга дайргыг ашиглах явдал. Хайрга, дайрганы үйлдвэрүүдэд бэрхшээлтэй асуудал үүсч байгаа. Хайрга, дайрганы олборлолт явуулсан газруудад дараа нь нөхөн сэргээлт хийхэд хэцүү. Том том гүнзгий хар нүхнүүд үлддэг. Ойролцоогоор 30-50 метрийн гүнтэй нүх үлддэг учраас түүнийг нь шороогоор дарах боломж бага. Ийм нөхцөлд нөхөн сэргээлтээ яаж хийх, аль бүс нутагт хайрга, дайрга олборлох тусгай зөвшөөрөл олгох вэ гэдгийг аймаг, нийслэлийн удирдлагуудтай сайтар ярилцаж тохиролцох шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна. Яагаад гэвэл, олборлолт нь суурьшлын бүс рүү орж хүн амьдрах, мал бэлчээрлэх газаргүй болж байна. Ийм нөхцөл байдал нэлээд хэдэн газар үүссэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд иргэдийн суурьшлын бүсээс хайрга, дайрга олборлож байгаа учраас тэнд олборлолт явуулж байгаа 80 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй. Хайрга, дайрга гэдэг бол нөхөгдөшгүй баялаг. Аймаг, нийслэлийн удирдлагууд нөхөн сэргээлт хэрхэн хийх вэ гэдгийг сайн бодож боловсруулсныхаа дараа тусгай зөвшөөрөл олгодог байгаасай гэж хүсч байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэнэг гарууд

    0 0 Хариу бичих