Тэрбумтан, банкир Дэвид Рокфеллер 101 насандаа таалал төгслөө

Т.Маралмаа


Банкируудын банкир эцэг гэгддэг, дэлхийн хамгийн нөлөө бүхийн хүмүүсийн нэг, тэрбумтан Дэвид Рокфеллер өчигдөр Нью-Йорк дахь ”Pocantico Hills”-ийн гэртээ унтаж байхдаа таалал төгсчээ. Түүний нас барсан шалтгааныг “Зүрх нь хэт их ачааллаа дийлээгүйгээс зогссон” хэмээн гэр бүлийнх нь хэвлэлийн төлөөлөгч Фрэйзер Сэйтэл хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Дэвид Рокфеллер түүхэнд Рокфеллерийнхэн хэмээн нэрээ дуурсгасан гэр бүлийн төлөөлөл болсон сүүлийн ач хүү байжээ. Тэрээр “Standard Oil” газрын тосны компанийн магнат Жон Рокфеллерийн бага ач гэдгээрээ эхнээсээ олонд танигдсан байсан юм.

Эдийн засаг, банкны мэргэжилтэн түүний хөрөнгө хамгийн сүүлд Forbes сэтгүүлийн гаргаснаар гурван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тэрээр 35 жил “Chase Manhattan” банкийг удирдсаныхаа дараа 1981 онд тэтгэвэртээ гарч байсан юм. Түүнийг анх 1946 онд банкны удирдлагаар очиход “Chase Manhattan” 4.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан бол 1981 онд ажлаа өгөхөд 76.2 тэрбум ам.долларт хүрсэн байдаг.

Дэвид Рокфеллер амьдралынхаа туршид хоёр тэрбум ам.долларыг буяны сайн сайхан үйлс, эмнэлэг, Харвардын их сургууль, урлагийн музей зэрэгт хандивласан байдаг байна.

Рокфеллер 1936 онд Харвардын их сургуулийг төгсч, 1940 онд Чикагогийн их сургуулийнг эдийн засгийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Тэрээр 1961 онд “Chase Manhattan” банкны Ерөнхийлөгчөөр томилогдож байжээ.

Түүнийг нас барсан тухай “Рокфеллер” сангаас албан ёсны мэдэгдэлдээ “Өнөөдөр манай дэлхий хамгийн агуу, филантропичоо алдлаа. Харин бид хүндэт нөхөр, урам зоригоо алдлаа. Америкийн филантроп, санхүүгийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан тэрээр АНУ-ын хувьд олон улсын хэмжээний хамгийн сүүлийн бизнес, нийгмийн зүтгэлтэн байлаа” гэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)