АРДЫН ҮГ: Монголоороо, монгол сэтгэхүйтэйгээ байя гэвэл монгол хэл бичгээ эзэмшиж, өвлүүлэх учиртай

Х.Дэлгэрэх


"Монголын медиа корпораци"-иас санаачлан хоёр дахь жилдээ, дөрөв дэх удаагаа хэрэгжүүлж буй "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол хэл, соёлоо хадгалж хамгаалах, өвлүүлэх, дэлхий дахинд монгол гэдэг дархлааг бий болгоход юу хийж хэрэгжүүлсэн талаар иргэдээр хэлэлцүүлж, дүгнүүлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол өв соёлоо дээдлэх, сэргээх, хөгжүүлэх, өвлүүлэх, дэлгэрүүлэх батжуулах, монгол хүнийг дэмжих, чадавхижуулах чиглэлээр олон ажлууд хийсэн билээ. Энэ удаад түүний санаачлан хэрэгжүүлсэн монгол хэл бичигтэй холбоотой ажлуудыг онцлон хүргэж байна.

2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлигийг гаргасан. Ингэснээр Монгол улс гадаад харилцааны албан бичиг, захидлыг үндэсний монгол бичгээр бичин, илгээж хэвшсэн. Мөн төрсний болон гэрлэсний гэрчилгээ, бүх шатны төрийн болон боловсролын байгууллагын үнэмлэх, гэрчилгээ, дипломыг үндэсний бичгээр зэрэгцүүлэн бичиж олгох ажлыг жигдрүүлсэн.  

2011 онд “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнг санаачлан гаргаж улмаар жил бүр  уламжлал болон зохиогдох болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж, монгол бичиг үсэг маань, цахим орчин, мэдээллийн ертөнцөд хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгийн газрын дэмжлэгээр Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгийн информатикийн салбарын судлаачид 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээсэн. Үүний дагуу цахим хуудас, гар утасны аппликэйшнийг мөн бүтээсэн билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлсэн дээрх ажлуудад албаныхан болон судлаачид ямар байр суурьтай байгаа хүргэж байна.

-Каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн: Монгол уран бичгийн урлагийг Монгол хүн л хөгжүүлэхгүй бол өөр хэн ч авч явахгүй-

Уран бичиг бол монгол бичгийг таниулах, сэргээхэд тустай. Тиймээс уран бичгийн урлагийг хөгжүүлэхийг бүхий л чадлаараа хичээж явна. Монгол уран бичгийн урлагийг Монгол хүн л хөгжүүлэхгүй бол өөр хэн ч авч явахгүй. Өмнө нь олон хүн энэ уран бичлэгээр оролдоосой гэж хүсдэг байсан бол одоо уран бичиг туурвиж байгаа хүн зүтгэлтэй, сэтгэлтэй, чадвартаа илүү анхаараасай гэж хүсдэг болсон.

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг: Монгол хэлний тухай хууль хэрэгжсэнээр хэл бичгийн нэгдсэн дүрэмтэй, гадаад нэр томьёог хэрэглэх зохицуулалт бий болно (архив)

Монгол хэлний тухай хууль хэрэгжсэнээр монгол хэл хоёр том манаачтай болно. Нэгдүгээрт зөв бичгийн дүрмийг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд тогтооно. Хоёрдугаарт хэлний бодлогын үндэсний зөвлөлийг Ерөнхийлөгчийн дэргэд байлгахаар болж байна. Ингэснээр хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан дүрмийг хэлний бодлогын үндсэн зөвлөл батламжилна. Үр дүнд нь нэгдсэн дүрэмтэй, гадаад нэр томьёог хэрэглэх зохицуулалт бий болно.

“Бичиг соёл монгол уран бичгийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга  Д.Ганбаатар: Монголоороо, монгол сэтгэхүйтэйгээ байя гэвэл монгол хэл бичгээ эзэмшиж, өвлүүлэх учиртай

Монгол бичиг Монгол үндэсний бичиг. 2000 оны эхээр монгол бичиг хөгжих орчин бага байсан бол одоо монгол бичгээр жилдээ 3-4 үзэсгэлэн гарч байна.  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад монгол бичгийн хэрэглээ ихэссэнээр монгол бичгийг сурч судлах залуусын тоо ихэссэн. Даяаршлын эрин зуунд монгол хүн Монголоороо, монгол сэтгэхүйтэйгээ байя гэвэл монгол хэл бичгээ эзэмшиж, өвлүүлэх учиртай.  

2025 оноос Монгол бичгийг кирилл бичигтэй зэрэг хэрэглэх хууль гарсан байгаа. Тиймээс энэ хугацаанд төрийн үйл хэрэгт үндэсний бичгээр явуулдаг болно.

ХУИС-ийн эрдмийн сургуулийн доктор профессор Ц.Зэгиймаа: Хэл гэдэг бол харилцааны хамгийн том хэлбэр. Даяаршлын эринд нэг хэлийг гурван сая хүн хэрэглэж байна гэдэг маш бага тоо. Тиймээс төрийн онцгой хамгаалалтад байх шаардлагатай.  (архив)

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Батдорж: Гадаад үгийн хэрэглээ цэгцэрч байна

Манай хүрээлэнгийн зүгээс монгол хэлний яруу тансаг хэллэгийг дэлгэрүүлэх, хэл ярианы баялгийг нэмэгдүүлэхээр, цахим орчинд иргэдэд хэлний соёлыг түгээхээр ажиллаж байна. Сүүлийн үед хэрэглээнд төсөөлөөгүй байсан их гадаад үг орж ирлээ. Энэ нь монгол хэл баялаг хэдий ч түүгээр хэлэлцэгчдийн тоо бага байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр монгол хэлээр гарах мэдээллийн тоо хангалттай их биш байгаатай холбоотой. Тэр болгоныг орчуулах, тогтоох боломжгүй байсан. Сүүлийн үед Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, нэр томьёоны комиссыг байгууллаа тиймээс гадаад үгийн хэрэглээ цэгцэрч байна.

Ерөнхийлөгчийн ТГ-ын ахлах референт Г.Баттогтох: Монгол хэлийг техник технологийн дэвшилд нийцүүлэн хөгжүүлэх, хамгаалах бодит ажил болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сарын хооронд өмнөх олон жилийн судалгааны үр дүнг багцалж Монгол хэлний их тайлбар толийг бүтээсэн. Тус толь бичгийг  цахим хэлбэрээр гаргасан учир дэлхийн хаанаас ч ашиглах бүрэн боломжтой. Цахим толь гарсны дараагаар гурван сарын хугацаанд аппликэйшн бүтээх ажлыг хийж, гүйцэтгэсэн.

Тус толинд үгийн эргэлзээ тайлах тайлбар, монгол бичгээр бичсэн хэлбэр, зөв дуудах хэлбэр, утга зохиолын жишээ, холбоотой хэллэг, хэлц үгүүд нь байгаа. Тиймээс энэ нь цогц ажил болсон. Монгол хэлийг техник технологийн дэвшилд нийцүүлэн хөгжүүлэх, хамгаалах бодит ажил болсон гэж үзэж байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 229 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)