Экспорт, импорт өссөн үзүүлэлттэй гарав

Ч.Хүрлээ


Энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 34.6 хувиар буюу 212.0 сая ам.доллараар өссөн байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь нийт экспортыг 37.9 нэгж хувиар өсөхөд нөлөөлжээ. Мөн уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 6.2 нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 5.4 нэгж хувиар буурсан байна.

Түүнээс гадна уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс шалтгаалж 232.5 сая ам.доллараар өссөн байна. Мал аж, ахуйн түүхий эдийн экспорт үнэ буурсан хэдий ч тоо хэмжээ нэмэгдснээс шалтгаалж 5.4 сая ам.доллараар мөн өсчээ.

Харин импортын хувьд энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 39.5 хувиар буюу 138.9 сая ам.доллараар өссөн. Импортын өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 16 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 14 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт есөн нэгж хувийг тус тус эзэлж байна. Мөн хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн нэгж хувиар буурсан бол нефтийн бүтээгдэхүүний жин таван нэгж хувиар өсчээ.

Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний импорт 87 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2017 оны хоёрдугаар сарын байдлаар тонн тутамд 602.1 ам.долларт хүрч таван сар дараалан өсөөд байгаа нь энэ юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)