“Чалько”-гийн өрийг энэ сард төлж дуусгахаар төлөвлөжээ

С.Шийлэгтөмөр


Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 онд БНХАУ-ын “Чалько” компанитай гэрээ байгуулж 250 ам.долларын зээл авсан. Мөн 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлж байсан юм. Энэхүү зээлийг тус компанид экспортлох нүүрсээрээ эргэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан түүхтэй. Тухайн үеийнхээ тооцооллоор бол энэ өрийг 2013 онд багтаан төлж барагдуулахаар төлөвлөөд байв. Гэвч нүүрсний үнэ унаснаар төлөвлөсөн хугацаандаа төлөх боломжгүй болсон гэж тайлбарладаг.

“Чалько” компанид төлөх ёстой дээрх өрийг энэ сард багтаан төлж дуусгана гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дуулгалаа. Тэрээр “Энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан хоёр жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална” гэв. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ta naryn avsan ur biz dee

    0 0 Хариу бичих