АНУ: Гэмгүй иргэд цагдаа нарын гарт амиа алдсаар

Т.Маралмаа


АНУ-д иргэд цагдаа нарын гарт буудуулж, амиа алдах тохиолдол ихээхэн гардаг. Америк цагдаа өдөрт хоёр хүн бууддаг гэх ч тооцоо бий. Тус улсын Галт зэвсгийн тухай хуулиар иргэд өөрийн гэсэн галт зэвсэгтэй байхыг зөвшөөрдөг. Гэвч энэ нь иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэхэд ихээхэн нөлөөлдөг хэмээн ихээхэн маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг. Өнгөрсөн жилд гэхэд цагдаа нарын гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн нэгдэж, жагсаал хийж байсан. Ялангуяа өнгөт арьст иргэд цагдаа нарын гарт хамгийн ихээр өртдөг нь одоо ч арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй үйлчилсэн хэвээр байгааг илтгэж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна.

Жилд хэдэн хүн цагдаа нарын гарт амиа алддаг вэ?

Үнэндээ холбооны мөрдөх товчооноос цагдаа нарын гарт хэр их гэмгүй иргэд амиа алдаж байгаа дата мэдээллийг олон нийтэд “тодорхойгүй” гэх шалтгаанаар дэлгэхгүйг хичээдэг. Гэхдээ тооцоолол гаргах өөр эх сурвалжууд бий. АНУ-ын Шударга байдлын төлөөх газрын 2015 онд гаргасан судалгаагаар жилд дунджаар 930 хүн цагдаа нарт буудуулж, нас бардгийг тогтоосон.

Харин “Вашингтон Пост” сонины мэдээлснээр 2015 онд 990 хүн дээрх шалтгаанаар хөнөөлгөсөн ба энэ нь 2016 оны эхний байдлаар 250 хүнээр нэмэгдсэн байжээ.

Их Британийн “The Guardian” сонин өөрийн гэсэн мэдээллийн дата бааз боловсруулдаг төвтэй. Тэднийхээр 2015 онд АНУ-ын хууль хэрэгжүүлэгч ажилтнууд 1140 хүний амийг хөнөөсөн. Энэ нь сая хүн тутамд 2.92 цагаан арьстан, 7.2 “хар арьстан”, 3.5 латин америк хүн, 1.34 Ази хүн , 3.4 уугуул америкчууд байсан байна.

Харин хүйсээр нь ангилж үзэхэд:

1086 эрэгтэй, 53 эмэгтэй хүн байжээ.

Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд Конгресст хандаж, галт зэвсгийг хориглох тухай санал оруулсан ч гишүүд “иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй” гэх шалтгаанаар татгалзсан удаатай.

Өчигдөр л гэхэд АНУ-ын Теннесий мужид Родни Жэймс Хэсс гэх 36 настай залуу Фэйсбүүкт лайв хийх үедээ цагдаа нарт буудуулан нас барсан хэрэг гарлаа. Цагдаа нар түүнийг буудсан шалтгаанаа хурдны замд дүрэм зөрчсөн хэмээн шаардлага тавихад нь эсэргүүцэж, дуугаа өндөрсгөж, том оврын ачааны машинаараа хоёр ч удаа дайрах гэж оролдсон хэмээн тайлбарласан байна. Гэвч Хэссийн эхнэр нөхрийгөө ийм үйлдэл хийгээгүйг Фэйсбүүк хуудсанд нь хадгалагдсан лайв бичлэгнээс үзэх боломжтой гэжээ.

Лайв бичлэгээс харахад Хэсс машинаа түр зогсоон лайв хийхэд цагдаа нар ирэн хоорондоо ярилцах үеэр буун дуу гарч, Хэсс орилох чимээ гарч байгаа юм. Шархадсан Хэссийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байна. Харин цагдаа нараас хүн шархдаж, гэмтээгүй аж. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Ухаалаг утсаараа “Фэйсбүүк лайв” хийх үедээ халдлагад өртөж, амиа алдах тохиолдол олон улсад цөөнгүй гарч байна. Энэ нь нэг талаараа хүмүүсийг гэмт хэрэгт өртөхөд нь хийж байсан Фэйсбүүк лайв нь тод гэрч болон үлдэж байгаа бол нөгөө талаараа хүмүүс лайв хийснээсээ болоод амиа алдаж байгаа нь ч мөн цөөнгүй тохиолдож байгаа судалгаа гарчээ.

Хэссийн өвөө Ли Стит болсон хэргийн тухай CNN агентлагт ярихдаа “Бидний хүсч байгаа ганц зүйл бол шударга байдал. Шүүх энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгөөсэй. Тэгж байж өөр хэн нэгнийг цагдаа нарт буудуулахаас хамгаалж чадна шүү дээ” гэжээ.

Родни Хэсс нь 14, гурван настай болон, 18 сартай гурван хүүхдийн эцэг байжээ. Тэрээр амиа алдсан газраасаа холгүй орших Мемфист өсч торнисон аж. Харин өдгөө Техаст амьдарч байсан бөгөөд Мемфис рүү эцэг эх, гэр бүлийнхэн рүүгээ зочлохоор явж байсан байна.

Одоогоор түүний унаж явсан машины хяналтын камер олдоод байгаа аж. TBI мөрдөн байцаах газар болон шүүх эмнэлгийн эмч нар хангалттай хэмжээний нотлох баримт цуглуулж, хэргийг тодруулахаар ажиллаж байгаа тухай цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)