АРДЫН ҮГ: Монгол хэмээх нэгэн нэр...

Eagle.mn


“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян үргэлжилж байна. Монголын медиа корпораци өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөөс Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтны хийсэн ажил, амлалт, мөрийн хөтөлбөрт ард иргэдээр дүн тавиулж, хэлэлцүүлж эхэлсэн билээ.

Хамгийн анх говийн бүсийн аймгуудыг төлөөлүүлж Дорноговь аймгийн иргэдээр нутгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг, орон нутагтаа юу хийж хэрэгжүүлсэн болон мөрийн хөтөлбөрөө хангалттай сайн биелүүлсэн эсэхэд дүн тавиулсан юм. Түүний дараа нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудын хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонгогч, иргэдээр нь хэлэлцүүлсэн.

Харин энэ удаагийн “Ардын үг” аянаар Төрийн тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилга зэргийг ард иргэдээр дүгнүүлж, дүн тавиулж эхлээд байна. Хамгийн эхний иргэдийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 6-нд "Чингис" зочид буудалд болж өндөрлөсөн. Тус уулзалтад хөндлөнгийн хараат бус "МЕК" судалгааны байгууллагатай хамтран санамсаргүй түүврийн аргаар 450 иргэнийг сонгон оролцуулсан юм. Тэдгээр сонгогдсон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзаж, сонирхсон асуултаа асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, гадаад харилцааны чиглэлээр тайлан, мэдээллийг иргэдэд танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн хувьд найман жилийн турш Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан. Мөн Монголын нийт ард түмнээс хоёр удаа сонгогдсон тул “Ардын үг” тэр хэрээрээ өргөснө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ганц удаагийн зөвлөлдөх уулзалтаар Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлыг хэлэлцэж, дүгнүүлэх боломжгүй билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн ажлыг дүгнэх "Ардын үг" иргэдийн эхний зөвлөлдөх уулзалтаар зөвхөн “Гадаад бодлого” гэсэн сэдвийг онцлон авч, иргэдээр дүгнүүлсэн. Санамсаргүй түүврээр сонгогдож, бодит мэдээлэл авсан иргэдийг "Ардын эксперт" хэмээн нэрлэдэг. Тэгвэл "Ардын эксперт"-үүд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийсэн ажил, санаачилгад нууц санал хураалтаар 1-10 хүртэл оноо өгсөн юм. Улмаар "Ардын эксперт"-үүдийн оноог "МЕК" судалгааны байгууллага нэгтгэсэн бөгөөд иргэд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийсэн ажилд 8.9 оноог өгсөн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн ажлыг иргэдээр дүгнүүлэх "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх уулзалтын хоёр дахь хэсэг тун удахгүй болох гэж байна. Энэ удаа "Монгол хэмээх нэгэн нэр... " гэсэн ерөнхий сэдвийн дор иргэд төрийн тэргүүний ажлыг дүгнэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд Монголын өв соёл, монгол бичиг, түүх, монгол судлалыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах, өвлүүлэн үлдээх чиглэлд хэрхэн ажилласныг, мөн монгол хүнээ хэрхэн дэмжиж ажилласныг "Ардын эксперт"-үүдээр үнэлүүлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бол эх орон, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, бэлэг тэмдэг. Тэр утгаараа дээр дурдсан чиглэлд хэрхэн ажилласан нь түүнийг үүргээ хэр гүйцэтгэсэн бэ гэдэг нь харагдана. "Ардын эксперт"-үүд түүнд ямар үнэлгээ өгөх бол.  

ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛЛЫН ТУХАЙ

Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна. Учир нь Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)