Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцлаа

Eagle.mn


Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай нь танилцлаа. Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал нь уурхайн үйл ажиллагаа гэдгийг дүүргийн удирдлагууд нь хэлж байна.

1922 онд Налайхын их уурхайг “Монголын анхны улсын үйлдвэр” хэмээн бүртгэж авснаар нийслэл хотыг нүүрсээр хангах зориулалттай үйлдвэр байгуулагдан ажиллаж байгаад 1995 онд их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэсэн ч уурхай хаагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд энд иргэд, аж ахуйн нэгжүүд далд аргаар, хувиараа нүүрс олборлосоор өнөөдөр нөхцөл байдал туйлын хүнд болжээ. Олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлын бүстэйгээ нийлснээс иргэд амьдрах аюулгүй байдал үндсэндээ алдагдсан байна. Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Энд хүн амьдрах аюулгүй байдал алдагдаад байна. Айлуудын хашаан доогуур уурхайн олборлолт явагдаж байна гэсэн үг. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Уурхайг эзэнтэй болгохоос гадна зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэж байгааолборлолтыг даруй зогсоох шаардлагатай.” хэмээн ярилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ “Энэ хэсэгт тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эрхэлж байгаа 31 аж ахуйн нэгж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд хангалттай үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл учир дутагдалтай. Учир нь 2017 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан нэг ч газар байхгүй. 2016 онд гэхэд нэг л бий. Мөн ТЭЗҮ  боловсруулсан 2 аж ахуйн нэгж байгаа. Харин хууль бусаар 150 гаруй ам гаргасан байна. Салбарын яамны зүгээс тусгай зөвшөөрлийн энэ асуудалд нь шийдэл гаргаж өгөх, зохих шалгууруудыг хангуулна.” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сандуй тэнд юу хийж яваа гөлөг вэ

    0 0 Хариу бичих