С.Нандинцэцэг: Буруу, зөрүү бодож байсан зүйлүүдээ залрууллаа

Ц.Сонор


Монгол Улсын гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэд хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа билээ.

Тодруулбал, Монголын медиа корпораци 2016 оноос эхлэн “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж эхэлсэн. Дөрөв дэх удаагийн “Ардын үг” аянд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдээр хэлэлцүүлж, дүн тавьж байна.

Энэ сарын 6-нд болсон “Ардын үг” аяны хэлэлцүүлэгт “MEC” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд оролцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Санамсаргүй түүврийн арга нь 95 хувийн итгэлцлийн төвшин, 5 хувийн алдаа байх магадлалтай системчилсэн түүврийн арга юм.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд Иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссоноос гадна түүний бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн ч байр суурийг ижил тэнцүү хүлээж авсан билээ. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэгт оролцогч иргэд бүх талын мэдээллийг ижил тэнцүү авч, өөрийн итгэл үнэмшлээр ул суурьтай дүгнэлтээ гаргаж байв. Ингэхдээ зөвхөн хувь хүний байр сууриа шууд илэрхийлэх бус, тухайн мэдээлэл дундаас дүгнэлтээ хийхийн зэрэгцээ хэсэг хэсгээрээ бүлэгт хуваагдан зөвлөлдсөнийхөө дараа нууцаар саналаа өгч Ерөнхийлөгчид дүн тавилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй учраас энэ удаагийн “Ардын үг” аян нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй юм. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн эрх ашигт үйлчлэхгүйгээр Ерөнхийлөгчийн ажлыг дүгнэж буй.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Нандинцэцэгтэй уулзсан юм. Тэрээр санамсаргүй түүврийн аргаар сонгогдож, уг хэлэлцүүлэгт иржээ.

Тэрээр “Тайлангийн хурлаас өөрийнхөө мэдээгүй, сонсоогүй зүйлүүдийг мэдэж авлаа. Буруу, зөрүү бодож байсан зүйлүүдээ залруулсан гэж бодож байна. Гэхдээ миний бодол зөв, буруу гэдгийг одоохондоо ялгаж, салгаж чадахгүй л байна. Ер нь бол асууя гэж бодож байсан асуултуудыг бусад оролцогчид асуугаад хариултаа аваад байсан. Бүх хүмүүст хүрч чадсан гэж бодож байна. Иргэдээс сонгогдсон төрийн түшээд хийсэн ажлаа ард, иргэддээ танилцуулж, тэднээр хэлэлцүүлнэ гэдэг бол маш давуу тал. Дараа дараагийн ийм хэлэлцүүлэгт оролцох иргэдийг албан ёсоор ажлаас нь чөлөө олгох байдлаар зохицуулах нь зүйтэй болов уу. Ерөнхийлөгчийн хийсэн ажлын тухайд салбар тус бүрээр нь дүгнэх боломжгүй байна. Харин өнөөдрийн хэлэлцүүлэг дээр ярилцсан гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлсэн ажлуудад нь сайн гэсэн үнэлгээ өгнө. Буруу ойлголтой байсан болон ямар ч ойлголтгүй байсан зүйлүүдийг мэдэж авсан. Гэхдээ эрс шийдэмгий ажлуудыг нь ирээдүйд үнэхээр сайнаар нөлөөлж чадах уу гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Дашрамд дурдахад, зөвлөлдөх ардчиллыг АНУ, Япон, БНХАУ-ын тусгай бүс Макао, Бразилын Рио Гранд до Сул, Италийн Лазио муж зэрэг хэд хэдэн газар амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Япон улсад 2011 оны тавдугаар сард тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаархи зөвлөлдөх санал асуулга болж, хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Энэ нь тэтгэврийнхний эрх ашгийг хамгаалахад чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургадугаар сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимдаа өргөн мэдүүлсэн байна. Мөн АНУ-ын Калифорни мужид улс төрийн хоёр нам хамтран шинжлэх ухааны 30 асуудлаар иргэдээс санал асуулга авчээ. Санал асуулгын дүнд хамгийн их дэмжлэг авсан зургаан асуудлыг Төрийн байгууллагын ажлын гүйцэтгэл ба хариуцлагын тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сард тусгажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 229 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Их хурал биш иргэд өөрсдөө орон нутгаа хөгжүүлнэ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Buzar jujigee zogsoo.ingeh tusam olnii uzen ydalt ihsej bgaashuudee.elbeg gai mindee.

    0 0 Хариу бичих
  2. Товийг сахина гээд яриад эхэлсэнээрээ олон туншууддээ эргэлзээ торуулсэн.АСЕМ бол монголын тосовт дарамтад, еронхийлэгчийн нэр хундэд тустаа арга хэмжээ болсон.

    1 0 Хариу бичих