Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчид жирийн залуу дүн тавина гэдэг том дэвшил

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцох үеэрээ "Төр, засагт дургүй байх эрхийг тань үлдээх гэж, хадгалж үлдэх гэж, иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй, хараат бусаар илэрхийлж байх ёстой гэж ардчиллыг бий болгосон юм" хэмээн онцолсон удаатай. Энэ жишгийн дагуу Монголын медиа корпорацийн санаачлан хэрэгжүүлж буй "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх уулзалт жирийн иргэнийг төрийн тэргүүнтэй нь нүүр тулан уулзуулж, санаа бодлыг нь хүргэж байгаа юм.Нэг ёсондоо "Ардын үг" зөвлөлдөх уулзалт нь жирийн иргэний хэлэх эрхийн индэр болж байгаа хэмээн тун энгийнээр ойлгож болох үйл ажиллагаа билээ.

"Ардын үг" зөвлөлдөх уулзалт нь жирийн иргэний хэлэх эрхийн индэр юм

Хамгийн эхний уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын чиглэлд өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар ажил, ямар санаачлага гаргасан, тэрхүү санаачлага нь ямар үр дүнд хүрснийг иргэдээр дүгнүүллээ. Ингэж дүгнүүлэхдээ ард түмний төлөөлөл болгон санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгосон бөгөөд сонгогдсон иргэн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг нууц санал хураалтаар өгсөн юм.  

Санамсаргүй түүврээр сонгогдсон иргэнийг "Ардын эксперт" хэмээн нэрлэсэн гэдгийг энд тодотгоё. "Ардын эксперт"-үүд тал бүрийн бодит, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангагдсаны дараа дүнгээ тавьсныг ч энд давхар онцолъё.

Улс орны цаашдын хөгжил, ирээдүйд залуу хүний саруул ухаан, санал, санаачлага, оролцоо хамгийн чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл "Ардын үг" уулзалтад өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нэгэн залуу бол Б.Бат-Эрдэнэ. Тэрээр залуу үеийн төлөөлөл болон "Ардын эксперт"-ээр сонгогдсон. Түүний хувьд Ерөнхийлөгчид ямар дүн тавьсан бол.

Б.Бат-Эрдэнийн хувьд "Ардын үг" уулзалтад оролцохын өмнө Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байснаа хэлсэн. Тэрээр "Иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор сонгогдсон нь миний хувьд мэдээлэлтэй болох боломж болсон. Тэр тусмаа Монгол Улс, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон төрийн тэргүүн өнгөрсөн хугацаанд ямар чухал ажил хийсэн талаархи нарийн мэдээлэлтэй танилцах зорилготой байсан. Энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Мэдээллийн хэрэгслээс тодорхой мэдээлэл авсан ч бидний мэдэхгүй маш чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энхийг дэмжих ажиллагаа, дипломат харилцаа зэрэг чиглэлд илүүтэй сонирхож байсан бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс хангалттай тодруулга, мэдээлэл авч, байр сууриа ч илэрхийлж чадсан" гэсэн юм.

Томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан хаагчдын ажлыг яг энэ жишгээр дүгнүүлэх хэрэгтэй гэж санагдлаа. 

Нөгөөтэйгүүр, Б.Бат-Эрдэнэ нэгэн чухал санаачлага дэвшүүлж байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан хаагчдын ажлыг яг энэ жишгээр дүгнүүлэх хэрэгтэй гэж санагдлаа. Албан байгууллагын дарга нар ч гэсэн сар болгон эсвэл улирал бүр ажлаа тайлагнаж байвал үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Ерөнхийлөгчийн ажлыг ингэж дүгнэснээр дараа дараагийн сонгогдох төрийн тэргүүнд жишиг болох болов уу. Мөн иргэд зөв сонголт хийж чадна" гэлээ. "Ардын үг" зөвлөлдөх аяны бас нэгэн зорилго бол Б.Бат-Эрдэнийн хэлсэн зүйл. Өөрөөр хэлбэл, ард иргэд төрийн өндөр албан тушаалтны ажлыг дүгнэснээр дараа дараагийн сонголтоо илүү мэргэн хийхэд дөхөм юм.

Эцэст нь өөрийн хүссэн мэдээллийг авч, дүгнэлт хийсэн Б.Бат-Эрдэнэ "Төрийн тэргүүн бидэнтэй уулзахдаа "Ард иргэд нь цуглаад Ерөхийлөгчийнхөө ажлыг дүгнэж байгаа нь маш том дэвшил юм" гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна. Миний хувьд хангалттай сайн мэдээлэлтэй болсон гэж бодож байгаа. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн товчхон хэлбэл, Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлогын чиглэлд хийсэн ажлуудад нь маш сайн үнэлгээ өгнө" хэмээсэн юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. teneg umbuu , tsaana chin xujaanuud vizgui bolj oruulax ajil g naad magtaad doloochix ged bga erunxiilucghh ni xiigeed bxd chin

    0 0 Хариу бичих
  2. За баахан мөнгө авч, магтчихаад том дэвшил ч гэхшиг

    0 0 Хариу бичих