Ц.Адъяасүрэн: Ерөнхийлөгч үндсэн ажлаа үнэхээр сайн хийжээ

Eagle.mn


Энгэртээ Нийслэлийн хүндэт иргэний медаль гялалзуулсан энэ эгчийг Ц.Адъяасүрэн гэдэг. Баянзүрх дүүрэгт ажиллаж, амьдардаг тэрээр энэ сарын 6-нд болсон “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцохоор санамсаргүй түүврээр сонгогдсон юм. Монголын медиа корпорациас “Ардын үг”-ийн урилга хүлээж аваад л Ерөнхийлөгчтэй уулзах нь гэж багагүй бэлтгэсэн бололтой. Ерөнхийлөгчөөс өөрөөс нь тодруулж асууна гээд гадаад бодлого, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын талаар судалж, мэдээд ирсэн байв. Учир нь, “Ардын үг” аян шат дараатай үргэлжлэх бөгөөд энэ удаад зөвхөн дээрх сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчид үнэлгээ өгсөн юм. Иймээс ч Ц.Адъяасүрэн гуай “Ардын эксперт”-ээр сонгогдсоны хувьд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс АСЕМ-тай холбоотой зүйлсийг тодруулж байв.

Ц.Адъяасүрэн: -АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсныг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа үед зохион байгуулсан нь буруу. Их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх шүүмжлэл гардаг. Та Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд тухайн үед хэчнээн төгрөг зарцуулсан талаар мэдээлэл өгч болох уу?

Л.Пүрэвсүрэн: -Улсын төсөвт АСЕМ-ыг зохион байгуулахтай холбоотойгоор нийтдээ 21 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 19 тэрбумыг нь л зарцуулсан. Гэхдээ энэ мөнгө ямар ч үр дүнгүй зарцуулагдсан гэсэн үг биш. Гадагшаа урссан гэж ойлгож болохгүй. Японоос 50 “Приус” худалдаж авснаас өөрөөр гадагш нь мөнгө зарцуулаагүй. Бүгд л зочид буудлын төлбөр, АСЕМ-ын зохион байгуулалтад ажилласан хүмүүсийн цалин, хоол хүнс гэх мэт зүйл зарцуулагдаж дотооддоо үлдсэн. Хэрэв үүнд итгэхгүй хүн байгаа бол бид зардлын бүх задаргааг үзүүлж болно. Ер нь АСЕМ үр дүнгүй болсон гэж бодож байгаа бол өрөөсгөл ойлголт. Энэ арга хэмжээ Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилсан.

Энэ бол Ц.Адъяасүрэн гуайн бэлтгэж ирсэн асуултдаа авсан хариулт нь. Үүндээ ч тэр сэтгэл хангалуун байсан юм.  Учир нь, Төрийн тэргүүнээс үгийг нь сонсчих юмсан, хариулт авчих юмсан гэж бодож байсан зүйлст нь ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр хариулт өгч, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал АСЕМ-тай холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Маш товчоор АСЕМ-ыг дүгнэе. Товчхондоо Монголын нэрийг дэлхийд сайнаар, тодоор, томруунаар, дуурсгаж Монголын жинг нэмэгдүүлж, Монголын хамаарлыг нэмэгдүүлж чадсан. Энэ бол их чухал зүйл” гэж байлаа.

“Ардын үг” бол нэг нь асуугаад, нөгөө нь хариулаад дуусдаг аян биш. Зөвлөлдөх ардчиллын механизмын дагуу эхлээд иргэдээ тэнцвэртэй мэдээллээр хангаад, жижиг бүлэгт хуваагдан санал солилцож байж “Ардын эксперт”-үүд эцсийн дүгнэлтээ гаргадаг. Тэр ч утгаараа Жижиг бүлгийн хэлэлцүүлэгт Ц.Адъяасүрэн гуай нэлээд идэвхтэй оролцож байв. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын талаархи эерэг болон сөрөг дүгнэлтээ бүгдийг нь хэлж, өөрийн үнэлгээгээ нууцаар өгсөн юм. Түүний дүгнэснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад бодлогын чиглэлд багагүй ажил хийсэн ч тэрийгээ ард түмэндээ тайлагнах, танилцуулах талд дутагдалтай ажиллаж байсныг шүүмжлэв. Мөн өмнөх гурван Ерөнхийлөгчтэй харьцуулахад гадаад бодлогод маш том ахиц авчирсныг онцолж байв.

Ц.Адъяасүрэн: -Юуны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст талархах ёстой байх. Судалгаанд үндэслэж ийм ажил хийсэнд үнэхээр баяртай байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улсаа сурталчлах, гадаад бодлогын асуудалд маш их анхаарч сайн ажилласан байна. Үнэхээр Монгол орныг гадаадад сурталчилж, гурван улсын гэрээ хэлэлцээр, АСЕМ гээд маш олон уулзалт зохион байгуулж байжээ. Гэхдээ хийсэн ажлаа олон нийтэд сайн мэдээлж баймаар байна. Цаашид хийсэн ажлаа ингэж тайлагнаж байвал зүгээр юм шиг санагдлаа. Миний хувьд бүх Ерөнхийлөгчийн талаар л нэг бодолтой үлдсэн байдаг юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай уул уурхайн чиглэлийн хүн болоод ч тэр үү газрын тосоо боловсруулна гээд дээлийнхээ энгэрийг норгож байсныг санаж байв. Хоёр дахь Ерөнхийлөгч маань хээгүй, хийгүй хүн шиг санагддаг. Харин гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өгч авалцахыг заасан юм шиг санагддаг. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр их ажил хийжээ. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид ямар үүрэг ногддог вэ гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцоод би мэдэж авлаа. Тэр үндсэн үүргээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр сайн биелүүлсэн байна. Тиймээс би маш сайн үнэлгээ өгнө гэв.

Ийнхүү “Ардын эксперт”-үүдийн нэгээр сонгогдсон Ц.Адъяасүрэн гуай үнэлгээгээ нууц санал хураалтаар өгсөн бөгөөд “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн дундаж үнэлгээг “МЕС” судалгааны төвийнхөн нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)