ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

С.Цолмон


Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй шүү дээ. Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой аж.

-Яагаад хичээл хийх ёстой вэ-

Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэдэг ч яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм. 

Жишээлбэл, нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асуужээ. 

-Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ-

Сургуульд яагаад явах ёстойг хүүхдүүд эцэг эх нь тэгж  хүсдэг, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг, боловсролтой хүн илүү сайхан амьдарна гэх мэтээр ойлгох нь бий. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг шүү дээ.

Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь, амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 

Амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын  хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуурахгүй л болов уу.

-Ирээдүйг нь хамтдаа ярилц-

Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээж хичээлээ хийх дургүй байна. Хийж чадах ч үгүй. 

Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм. Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн.Тэр зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэж хариулжээ. Хэрвээ таны хүүхэд ийм бодолтой бол түүнийг хичээл хийлгэхэд хэцүү. Учир нь, хөдөлмөрлөхөд маш олон шалтгаантай хүн амжилтад хүрнэ.

-Хүүхдээ идэвхтэй сонс-

Хүхэд хичээлээ давтахаас илүүтэй мэдлэгийг хичээл дээрээс авдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй. Дараах идэвхтэй сонсох дүрмийг хүүхдэдээ зааж өгөөрэй.

-Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц-

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг.  Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсох үе их байдаг.

Бид:

-Уншсан зүйлийнхээ 10% -ийг 

-Сонссон зүйлийнхээ 20%-ийг

-Харсан зүйлийнхээ 30%-ийг

-Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг

-Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг

-Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг шүү дээ.

-Ангидаа урд суу-

Хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

-Зөвхөн багшийг сонс-

Хичээл дээр багштайгаа хамт бай. Эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Учир нь, ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүйгээс гадна эргэн тойрны найз нөхдөдөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг. Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татдаг байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баярлалаа та нарт тус болж чадлаа

    0 0 Хариу бичих