АН-ын дүрмийг батлаагүйн улмаас дотоод сонгууль нь хойшлох бололтой

С.Бүжин


АН шинэчлэгдэх үү эсвэл одоо байгаагаасаа долоон дор болох уу гэдгийг шийдэх энэ цагийн хүмүүс нь С.Эрдэнийн багийнхан болчихоод байна. Хөлөөрөө толгой хийх үү, толгойгоороо хөл хийх үү одоо бидэнд хамаа алга хэмээн намын зарим нөхөд нь 2020 он хүртэл гадаадад сурч, амьдрахаар явсан бол нөгөө хэсэг нь энд намынхаа даргынхаа явуулж буй бодлогод дүгнэлт хийж, бас шүүмжилж байх. С.Эрдэнэ дарга ажлаа авсан даруйдаа “АН шинэчлэгдэж цоо шинэ нам болох ёстой. Намын дотоод бүх шатны сонгууль явуулна” хэмээсэн ч Хэрэг эрхлэх газрынхаа багийг өөрчилж, ойрын итгэлтэй хүмүүсээ томилоод буй. Одоо ирэх сарын 2-нд намын дотоод сонгуулийг бүх шатанд зохион байгуулж, халаа сэлгээ хийхдээ дэнчин, хураамж нэрээр мөнгө татаж байгаа нь буруу жишиг тогтоож байна гэж намын гишүүд нь үзэж байгаа. Иймдээ ч намын даргадаа шаардлага хүргүүлээд байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд нээлттэй болоогүй. Намын дүрмийг дээд шүүх бүртгэж авч амжаагүй. Хоёрдугаарт дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна. Мөн намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна. Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна. Одоо АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа. Мөн нэг ноцтой зүйл нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэг сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо гурван сая төгрөгийн дэнчин, гурван сая төгрөгийн хураамж төлөх болоод байна” гэсэн юм.

Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэг сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо гурван сая төгрөгийн дэнчин, гурван сая төгрөгийн хураамж төлөх болоод байна

Тэгвэл Дээд шүүх өнөөдөр АН-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ. Улс төрийн намын тухай хуулийн 13.3-т Намын их хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын их хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна хэмээн заажээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-т гишүүдээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох гэж заасан байна.

Товчхондоо, Улсын дээд шүүх намын дотоод сонгууль нэрээр гишүүдээсээ мөнгө татаж байгаа нь хууль бус гэж үзсэн байна.

Харин АН-ын хууль, дүрмийн бодлогын газрын дарга н.Батхуяг “Намын дотоод сонгууль болдгоороо болно” гэж зарим гишүүн рүүгээ мессэж бичжээ. Дүрмийг зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн энэ үед гишүүдээсээ дэнчин, хураамж авч сонгууль явуулах уу, эсвэл хойшлуулах уу гэх сонголт АН-ын өмнө тулгараад байна. Нөгөөтэйгүүр Дээд шүүх дүрмийг хянасны дараа АН Их хурлаа хуралдуулж, эцсийн найруулгыг нь сонсох байсан юм. Гэвч ийнхүү Дээд шүүхээс АН-ын дүрмийг батлаагүйн улмаас сонгууль нь хойшлох бололтой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АН-ын өмнөөс санаа зовж байгаа гишүүд дэмжигчиддээ талархах ёстой байх. Гэхдээ одоо бол " галт тэрэг хийнээ хөдөлчихсөн" гэдгийг анзаарах хэрэгтэй дээ. ҮБХ-гоо Их ХУРЛААРАА БАТЛААД еРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛАХ АЖИЛДАА ШАМДАН ОРОХ Л ЧУХАЛ БАЙНА. Дараа нь уужуу тайвуу ярилцаж дэг журмандаа ороод явахаас өөр гарц бий гэж үү. Хэний зөв хэний буруу аяндаа харагдана. Түр тэвчээд Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцоцгооё л доо. 2020 оны сонгуулийн гараа байх болно.

    0 0 Хариу бичих
  2. АН-аас өмнө нь засаг төрд алба хаахдаа төрөөс хулгай хийж мөнгөжсөн хүмүүст бол мөнгөөр албан тушаал олж авах, дарга болох нь хамгийн хялбар арга шүү дээ. АН-ын хууччуул мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хүмүүс. Мөнгөөр бүхнийг шийддэг болсон муйхар бодолтнууд АН-ын толгойд байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Учир нь салхи орохгүй байсаар ялзарч өмхийрсөөр дуусаж байгаа нам. Загас толгойноосоо эхэлж ялзардаг гэдэг үнэн үг шүү.

    16 0 Хариу бичих