АН ба Дэнчингийн мөнгө

С.Бүжин


Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй, АН даргаа сольсон ч шинэчлэгдэж чадахгүй гэх нэг хэсэг байхад “Манай нам 2020 оны сонгуульд “дахин мэндэлж” оролцоно” гэсэн бодолтой гишүүд, дэмжигчид ч бий. Эдгээрийн аль нь ч байсан цаг хугацааны явцад АН шинэчлэгдэж үү эсвэл өмнөхөөсөө долоон дор болсон уу гэдэг нь мэдэгдэнэ. Ямартай ч АН С.Эрдэнэ гэдэг даргатай болсноос хойш шинэчлэлийн ажил эрчимтэй явагдаж байгаа нь олон нийтэд илхэн байна. Тэрээр өмнөх дарга З.Энхболдын үед фракцгүй нам болно хэмээн зарласан ч ажил хэрэг болгож чадаагүй үгийг бодлого болгохоор зорьж яваа ч үнэн хэрэгтээ АН хоёр гуравхан том фракц болж “хуваагдах” нь өрнөж буй үйл явцаас харагдана. Түүний явуулж буй бодлогын дүнд АН доторхи МҮДН, “Нэг Ардчилал”, “Кроун” зэрэг жижиг фракц уусч алга болохоор байгаа юм. С.Эрдэнэтэй АН шинэчлэгдэх ажлыг хэрхэн явуулж буйг одоо тайлбарлая.

АН-д шинээр хүн элсүүлэх давалгаа үүсчээ

С.Эрдэнэ дарга ажлаа авсан даруйдаа ХЭГ-ынхаа багийг шинээр бүрдүүлж, хэлтсийн дарга нарынхаа ихэнхийг өөрийн харьяалагддаг “Шонхор” фракцаасаа томилжээ. Мөн генсек, нарийн бичгийн даргын албан тушаалд өөрийн итгэлтэй хүнээ томилсон нь АН “Шонхор” гэх фракцын нөлөөнд орлоо гэх шүүмжлэл гарахад хүргэсэн юм. Гэсэн ч тэр үүнийг үл тоов. Одоо тэр ирэх дөрөвдүгээр сарын 6-нд намынхаа бүх шатны дотоод сонгуулийг зохион байгуулах гээд амьсгаа дээгүүр яваа. Тодруулбал, нийслэлийн, дунд шатны, анхан шатны намын дарга, Үндэсний бодлогын хороо, нийслэлийн намын хороо, дунд болон анхан шатны намын хорооны гишүүнийг шинээр сонгох сонгууль энэ өдөр болох юм.  

Энэ сонгуульд саналаа өгөхийн тулд АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 176 мянган хүн 2017 оны татвараа тушаах шаардлагатай. Хэрэв гуравдугаар сарын 13-наас өмнө татвараа төлөөгүй бол дээрх сонгуульд санал өгөх эрх нээгдэхгүй. АН-ын шинэчилсэн бүртгэл нэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжилсэн. Үүнээс хойш буюу нэгдүгээр сарын 10-наас хойш шинээр намд элссэн хүмүүс Төв намын нэгдсэн бүртгэлд хамрагдсанаар санал өгөх эрх нь нээгдэх аж. Бүх шатны сонгууль болохтой холбогдуулан фракцууд намд шинээр хүн элсүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа юм байна. Учир нь, анхан шатны буюу үүрийн дарга нарыг сонгох сонгууль хүртэл явагдах учир энэ албан тушаалд өрсөлдөх сонирхолтой хүмүүс өөрсдийн хүнээ намд элсүүлж, санал авахаар ажиллаж эхэлжээ. Жишээ татахад, Сүхбаатар дүүргийн XV хорооны намын үүрт бүртгэлтэй 79 хүн байсан бол хэдхэн хоногийн дотор 180 болж өссөн байна. Энэ мэтчлэн нам доторхи өрсөлдөөн ширүүсч, мөнгөтэй нэг нь хүмүүсийг багцалж мөнгөгүй нөгөө тал нь хүчтэй фракц руу “урваж”, ёстой л амь амиа бодсон үйл явц АН-д өрнөж байгаа аж. 

Дүүргийн намын даргад өрсөлдөх дэнчингийн мөнгө 90 сая төгрөг

АН дүрэмдээ өөрчлөлт оруулж баталсан. Шинэ дүрмээр Үндэний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгон өөрчилж, 380 гишүүнтэй байхаар баталсан билээ. Нэг ёсондоо УИХ-ын нэг мандатыг өмнө нь гурваар үржүүлдэг байсан бол одоо таван суудалтай дүйхээр тооцож гаргасан гэсэн үг. ҮБХ-ны гишүүдийг бүгдийг нь шинээр сонгохоор болоод байгаа. Энэ сонгуульд оролцохын тулд тухайн нэр дэвшигч зургаан сая төгрөг тушаах аж. Өөрөөр хэлбэл, гурван сая нь сонгууль зохион байгуулах зардал, үлдсэн гурван сая нь дэнчингийн мөнгө аж. ҮБХ-ны гишүүнээр сонгогдож чадахгүй бол дэнчингийн гурван сая төгрөгөө эргүүлэн авах боломжтой гэсэн. 

Харин Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөх хүн нийт гурван сая төгрөг тушаах аж. Дэнчингийн мөнгө 1.5 сая, сонгуулийн зардалд 1.5 сая төгрөг бол дүүрэг, сумын намын хорооны гишүүнд өрсөлдөх хүмүүс 750 мянган төгрөг намынхаа дансанд тушаах юм байна. Нийслэлийн намын хорооны даргын дэнчингийн мөнгө 250 орчим сая, дүүргийнх 90 сая төгрөг байх гэнэ. 

Дунд шатны сонгууль нийслэлийн дүүргүүдээс Баянгол, Сүхбаатар, аймгуудаас Завхан, Сүхбаатар аймагт болохгүй аж. Учир нь, энэ газруудад АН олонхи болсон учир дунд шатны сонгууль явуулахгүй гэж намын удирдлагууд үзжээ. 

ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх сонирхолтой хүн 500-гаар тогтохгүй байгаа аж. Зөвхөн ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхийн тулд мөнгөө төлсөн хүмүүсийнх нийлээд 4.5 тэрбум төгрөг болох тооцоо байгаа аж. Өөрөөр хэлбэл, намд төвлөрөх мөнгө нь тав орчим тэрбум төгрөг юм. Нийслэл, дүүрэг, хорооны дарга, гишүүнд өрсөлдөх хүмүүсийн намд тушаах мөнгийг тооцвол энэ тоо нэлээд өндөр гарна. 

“Алтангадас”-аас “Шонхор”-т багцлагдах ҮБХ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга байхад ҮЗХ-ын гишүүдийн ихэнх нь “Алтангадас” фракцынх байсан. Үүнийг С.Эрдэнэ давтах бололтой. Тэрээр ҮБХ-нд “Шонхор” фракцынхнаа түлхүү оруулах кампанит ажил өрнүүлж байгаа аж. Баянзүрх дүүрэг УИХ-ын сонгуулийн зургаан мандаттай. Нэг мандатыг таваар үржүүлэхээр ҮБХ-нд 30 хүн сонгогдоно гэсэн үг. Үүний 20-ийг нь “Шонхор” үлдсэнийг нь өөр фракцуудад өгөх тохироо явж буй гэнэ. Нэг ёсондоо нам удирдаж байгаа хүн ҮБХ-д хүчээ зузаатгах, тойрон хүрээлэгчдээ албан тушаалд томилох үйл явц үеийн үед үргэлжилсээр байх нь. Үүнийгээ шинэчлэл хэмээн нэрлэх ч АН доторхи жижиг фракцууд уусч, “Шонхор”, “Алтангадас”, МоАН гэсэн гурав л тунаж үлдэх бололтой. Тэд л албан тушаалын хуваарилалт, тохироо хийдэг болж, хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд АН ажилладаг болох нь гэх болгоомжлол ч намынх нь зарим гишүүдийн дунд бий болжээ. 

ҮБХ-нд “Шонхор” хүчтэй болох гэж зүтгэхийн зэрэгцээ нийслэлийн намын хороог ч авахаар хүнээ сойх гэнэ. Одоогоор нийслэлийн намын даргад МоАХ-аас Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, “Шонхор”-оос Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, МоАН-аас УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөнө гэх мэдээлэл байна. Харин “Алтангадас” фракцаас ямар нүүдэл хийх нь тодорхой бус байна. Тэд генсекийг “Шонхор”-т алдсанаас хойш нам гүм байгаа ч байдлыг өөрсдөдөө ашигтай болох үеийг ч хүлээж байж мэдэх юм. АН шинэчлэгдэнэ хэмээн өнгөн дээрээ ярьж буй ч мөнгөтэй хүмүүс л бүх шатны сонгуульд өрсөлдөх боломжтой байгаа нь намдаа үнэнч зүтгэдэг, мэдлэг боловсролтой ч халаас нимгэн нэгнийг тойргийн гадна үлдээж байна. 

Нэг ёсондоо мөнгөтэй, эрх мэдэлтэй ч боловсрол нимгэн нэгний өмнө мэдлэг, боловсролтой намд хэрэгтэй Дорж, Дулмаа бөхөлзөх нь АН бодлогын хувьд эрс шинэчлэл хийсэн нам байж чадах уу гэсэн асуулт, эргэлзээ төрүүлж байгаа юм. Эргээд 2020 оны сонгуульд алдаагаа ухамсарласан, түүнийгээ засч залруулсан, цаашид явах чиг шугамаа тодорхойлж, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг бүрэн хүлээсэн нам болж чадах уу гэдэг нь хариулт нэхсээр байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Цаг хугацааны л асуудал шүү дээ. Эхний дүн Ерөнхийлөгчийн сонгуулиар л харагдах учир яаран дүгнэлт хийж буруутгах гээд яахав. Тэгээд ч улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлдэг болоогүй цагт мөнгө босгох өөр арга олдохгүй нь тодорхой. Дараагийн алхам нь намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгохын төлөө явах ёстой л гэж боддог. Манай нам шинэчлэгдсэн гээд хоосон данстай суугаад байвал ёстой мөхөх байлгүй. Эрх баригч намын хувьд хамгийн их хүсэж байгаа зүйл нь АН дотроо улам хэмлэлдээсэй л гэх далд мөрөөдөл гэдгийг мартаж боломгүй.

    0 0 Хариу бичих
  2. АН-аас өмнө нь засаг төрд алба хаахдаа төрөөс хулгай хийж мөнгөжсөн хүмүүст бол мөнгөөр албан тушаал олж авах, дарга болох нь хамгийн хялбар арга шүү дээ. АН-ын хууччуул мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хүмүүс. Мөнгөөр бүхнийг шийддэг болсон муйхар бодолтнууд АН-ын толгойд байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Учир нь салхи орохгүй байсаар ялзарч өмхийрсөөр дуусаж байгаа нам. Загас толгойноосоо эхэлж ялзардаг гэдэг үнэн үг шүү.

    0 0 Хариу бичих