Жое Чунг: Хэл сурна гэдэг нэг зүйл. Гадаадад амьдарна гэдэг бас нэг тусдаа ойлголт гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй

 

Монгол залуусын боловсролд оюуны өндөр хөрөнгө оруулалт хийж буй Жое Чунг профессортой цөөн хором хөөрөлдөх боломж олдсоноо хуваалцаж байна. Тэрээр Их Британи, Хонконгийн их дээд сургуулиуд болон Монгол Улсад англи хэлний багшаар 30 орчим жил ажиллаж, олон зуун оюутныг дэлхийн шилдэг их дээд сургуульд сурахад нь тусалжээ. Бид олон залууст гадаадад сурахад нь тулгардаг асуудлуудад хариулт өгөхийг зорилоо. 

- Юуны өмнө өнөөдөр бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлага маань гадаадад сурах хүсэлтэй ч, хэрхэхээ мэдэхгүй байгаа олон монгол залууст тусална гэдэгт найдаж байна. 
Таныг Монголд англи хэлний багшаар олон жил ажиллаж, олон монгол залууст дэлхийн шилдэг сургуульд суралцахад нь тусалсан гэж сонссон. Таны тухай мэдэхгүй хүмүүс байж болох юм. Тиймээс эхлээд таны тухай яриагаа эхэлье гэж бодлоо. Бидэнд өөрийгөө танилцуулаач.
 

-Намайг Жое Чунг гэдэг. Би Хонконгт төрсөн. Бүрэн дунд боловсролыг Хонконгд эзэмшээд  Бакалавр, Магистр, Докторын зэргээ Их Британи улсад хамгаалсан  инженер мэргэжилтэй хүн. Түүнчлэн Их Британи улсын Саут Хамптоны их сургууль /University of Southhampton / болон  Шеффилдийн их сургууль /University of Sheffield / болон Хонконгийн /University of Hong Kong / зэрэг шилдэг их сургуулиудад багшилж байсан. Тиймээс багшийн хувьд багагүй туршлага хуримтлуулсан гэж хэлж болох байх аа. Миний хувьд Монголд ихэнхи цагаа өнгөрүүлж, оюутан залууст хэлний мэдлэгээ дээшлүүлэн, гадаадад сурахад нь тусалдаг. Одоогоор АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг улсын шилдэг сургуулиудад шавь нараа амжилттай бэлдэж суралцаж байна. Үүнээс University of Manchester, City University of London, Glasgow University, UMASS, University of Sydney  зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн олон  сургуулийг нэрлэж болно. 

 "Англи хэл сурахад минь, шилдэг сургуульд элсэхэд тусалсанд маш их баярлалаа, багшаа" гэж хэлэх талархлын үгийг сонсох л надад хамгийн сайхан байдаг

- Гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүн хамгийн эхэнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
- Маш зөв асуулт байна. Дунд сургуулийн сурагчдын хувьд бакалаврын зэргээр гадаадад сурах сонирхолтой байгаа бол оройтлоо гэхэд төгсөх ангидаа сургуулиа судалж, бэлдэж эхлэх хэрэгтэй. Тиймээс энэ үед цаашид ямар мэргэжлээр сурахаа тодорхойлсон байх юм. Ямар мэргэжлээр, ямар оронд, ямар орчинд амьдарч сурахыг хүсч буй зэргээс сургууль сонголт ихээхэн хамаарна. Хүмүүс мэдээлэл дутмагаас өөрт тохироогүй сургууль сонгож харамсах тохиолдол их гардаг тул тун анхааралтай хандах хэрэгтэй. Үүний дараа хийх хамгийн эхний чухал зүйл бол мэдээж хэлний шалгалтандаа бэлдэж эхлэх явдал.  

Хийхийг хүсч байгаа зүйл чинь л чамайг амжилтанд хөтлөх болно

Хүмүүс яаж өөртөө тохирсон сургуулиа олох вэ гэж их асуудаг. Энэ нь чиний юу сурч, хэн болохыг хүсч байгаагаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл эхлээд хэн болохоо тодорхойлоод дараа нь түүндээ хүрэхэд чинь туслах тохиромжтой газрыг хайх хэрэгтэй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь зорилгоо тодорхойлолгүйгээр шууд алхам хийдэг байдал. Юунд хүрэхээ шийдэлгүй хөдлөх нь маш буруу. Хийхийг хүсч байгаа зүйл чинь л чамайг амжилтанд хөтлөх болно

- Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн ажиллаж амьдрах ямар боломж байдаг вэ?
-Гадаадад хараар бус, мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөж ажиллахыг хүсч байвал хамгийн багадаа бакалаврын зэргээ дүүргэх хэрэгтэй. Бакалаврын зэргээ дүүргэсний дараа танд ажлын туршлага хэрэгтэй болно. Тиймээс оюутнууд дадлага хийхэд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй.  
Түүнчлэн ажлын байран дахь сургалт зайлшгүй шаардагддаг ба энэ нь багадаа гурван жил болдог. Шат дараатайгаар эдгээр зүйлийг гүйцэлдүүлснийхээ дараа та сурсан мэргэжлээрээ ямар нэг газар ажлын хүсэлт гаргах эрх үүснэ. Ажил олгогч танаас тухайн мэргэжлээр суурь боловсрол эзэмшсэн эсэх, хэр зэрэг ажлын туршлагатайг, магадгүй зарим шаардлагатай мэргэжлийн шалгалтуудыг өгсөн эсэхийг харах ба үүнийхээ дараа тантай ажлын ярилцлага хийдэг. Энэ бол ажилд орох ерөнхий зарчим. 

АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг

Ихэнхи сургуульд төгссөний дараа ажилд зуучлах тусдаа оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв байдаг ба төгсөлтийн дараах ажилд ихээхэн санаа тавьдаг. Миний мэдэхээр төгсөөд дадлага хийж байсан газраасаа карьераа эхлүүлж амжилттай яваа олон монгол залуус байна. АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг. Харин Австрали, Канадад гурван жил сурсан бол эргээд хоёроос гурван жил албан ёсоор ажиллаж амьдрах эрх үүсдэг. Гэхдээ энэ нь зөвхөн магистраар сурсан хүмүүст хамаардаг. Тэгэхээр төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн ажиллах боломж бүрэн бий. 

 Гадаадад суралцахыг хүсч байгаа хүн хамгийн багадаа нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй

- Хүмүүс ихэвчлэн хэлний шалгалт өгснийхөө дараа сургуулиа хайж эхэлдэг. Сургуулиа хэзээнээс хайж, судалж эхлэх ёстой вэ?
- Шалгалт өгөхөөсөө өмнө сургуулиа хайж судалж чадвал цаг хугацаа их хэмнэдэг. Сургууль бүрийн элсэлтийн шалгуур харилцан адилгүй байдаг. Орчин үед техник технологийн хөгжил бидэнд маш их тус болж байна. Интернэтэд өөрийн хүссэн сургуулийн мэдээллийг авах боломжтой болсон бол жил ирэх бүр гадаадын их дээд сургуулийн төлөөлөгчид ирж зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгдөг болсон байна. Тиймээс эхлээд өөртөө тохирсон сургуулиа олсныхоо дараа тухайн сургуулийн зүгээс шаардаж буй оноо, шаардлагад хүрэхийн тулд зорилго тавин бэлдэх хэрэгтэй шүү дээ. Та төсөөлөөд үз дээ. Шалгалт өгөөд оноо авчихлаа. Дараа нь сургуулиа хайж, өөртөө тохирсон сургуулиа олтол таны авсан оноо тус сургуулийн шаардлагад хүрэхгүй байвал яах вэ? Дэлхий даяар хэдэн арван мянган шилдэг, сайн сургууль байна.Тэр олон сургуулиас өөртөө тохирох сургуулийг хайж олно гэдэг хугацаа шаардах зүйл. Тиймээс л эртнээс эхэл гээд байгаа юм. Гадаадад суралцахыг хүсч байгаа хүн хамгийн багадаа нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. 

Сэтгэл зүйгээ бэлд

- Хүмүүс IELTS, TOEFL-ийн оноо авчихад л хангалттай гэх буруу ойлголттой байх нь бий. Хэлний шалгалтаас гадна юунд анхаарч, бэлтгэх ёстой вэ? 
-Хэл сурна гэдэг нэг зүйл. Гадаадад амьдарна гэдэг бас нэг тусдаа ойлголт гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Амьдарч дассан газраасаа холдож, өөр нэгэн соёлд нэвтэрч байгаа учраас сэтгэл зүйгээ бэлдэх их чухал. Жишээ нь, гадаадад сургалтын систем, багш нарын заах арга барил нь ялгаатай учраас оюутнууд сурах өөр арга барилд суралцаж эхэлдэг. 
Анзаараад байхад монгол оюутнууд ямар материал дээр ажиллаж байснаа санадаг бол гадаад оюутнууд тухайн материалаас юу сурч авснаа өөрийн болгож, хэрэглэж чаддаг юм шиг санагддаг. Үүнээс авахуулаад сурах арга барилд их өөрчлөлт гардаг. 
Түүнчлэн санхүүгийн байдал их том нөлөөлөх хүчин зүйл болдгийг мартаж болохгүй. Учир нь энэ таныг эргэж ирэхийг харуулж буй баталгаануудын нэг болдог. 

Боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг улс орныг ямар ч нөхцөлд байсан тухайн улс орон болон иргэдэд хамгийн чухал, үнэтэй хувь нэмэр болдог

-Таныг Монголд их олон жил ажиллаж байгаа гэж сонссон?
-Тийм ээ, би Монголд 17 дахь жилдээ ажиллаж байна. 


-17 жил гэдэг бол их урт хугацаа. Ийм урт хугацааны турш Монголд ажиллаж амьдарч байгаагийн тань шалтгаан юу вэ? Яагаад заавал Монгол гэж? 
-Сайхан асуулт байна. Ихэнхи хүн надаас нэгэн хэвийн л асуулт асуудаг юм. Харин энэ их сонирхолтой байна. Намайг анх 17 жилийн өмнө Монголд ирэхэд одооных шиг хөгжингүй биш байлаа. Интернет хөгжөөгүй, хүмүүсийн хэлний түвшин тийм ч сайн биш. Тэр үед хүмүүст англи хэл сурах болон хэрхэн гадаадын шилдэг сургуульд сурч болох тухай мэдээлэл маш хомс байсан. Тиймээс надад монголчуудад чадах зүйлээрээ тусалъя гэдэг бодол төрсөн. Учир нь боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг улс орныг ямар ч нөхцөлд байсан тухайн улс орон болон иргэдэд хамгийн чухал, үнэтэй хувь нэмэр болдогт би итгэдэг. 

Хэлийг богино хугацаанд сурч болно гэдэгтэй санал нийлдэггүй

- Зарим сургалтын төвүүд 2-3 сарын дотор англи хэлтэй болгох тухай амлалт өгдөг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь хэлийг богино хугацаанд сурах боломжтой юу? 
- Монгол хүмүүс юмыг тун хурдтай сурдаг, тэр дундаа бусад улстай харьцуулахад хэл сурах илүү авьяастай үндэстэн гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ энэ нь хэлийг богино хугацаанд сурна гэсэн баталгаа биш юм. Миний бодлоор гадаад хэлийг богино хугацаанд сурна гэдэг байж боломгүй зүйл. Би ч гэсэн одоо хүртэл сурч дуусаагүй л явна шүү дээ. Хэл сурна гэдэг зөвхөн тухайн хэлээр яриад зогсохгүй зөв бичих дүрэм судалж, академик түвшинд уншиж, бичихийг хэлнэ. Энэ бүгдэд хугацаа хэрэгтэй. 

Амьдарч дассан газраасаа холдож, өөр нэгэн соёлд нэвтэрч байгаа учраас сэтгэл зүйгээ бэлдэх их чухал

Монголд анх ирснээс 17 жилийн дараа өнөөдөр хүмүүс гадаад хэлний өндөр мэдлэгтэй болж, уншиж бичиж чадахгүй хүн үгүй болжээ. Гэхдээ хэрвээ та бакалавр, магистрт сурахыг хүсч байгаа бол англи хэлний энгийн хэрэглээ бус академик түвшний хэл хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Академик түвшинд уншиж сонсож ойлгон, академик түвшинд санаагаа зөв илэрхийлэн алдаагүй бичиж байж та гадаадад сурч чадна. Энэ түвшинд хүрэхийн тулд хугацаа шаардлагатай байлгүй яахав. Тиймээс би хэлийг богино хугацаанд сурч болно гэдэгтэй санал нийлдэггүй. Харин алхам алхмаар, системтэйгээр яаралгүй сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Хэл сурна гэдэг насан туршийн хичээл. 

Хэл сурах зорилгоо тодорхой болго

- Монголд бага ангиасаа эхэлж гадаад хэл үзэж, их сургуульдаа үргэлжлүүлэн судалж, ажил дээр гарсныхаа дараа ч сургалтын төвд хандан дахин сурдаг ч нэг л дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа хүмүүс олон харагддаг. Хэлний хичээл үзсэн хугацааг нь тоолбол бараг 8-15 жил болдог. Үр дүнтэй сурч чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ? Юун дээр алдаад байна?
- Хэл гэдэг тодорхой нэг цагт сураад дуусчихдаг зүйл биш. Тиймээс үргэлжлүүлэн сурч буй тэдгээр хүмүүсийг буруутгах аргагүй юм. Хэлийг сурч эхлэхээсээ өмнө яах гэж, юунд зориулж, ямар зорилготойгоор сурах гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр таны сурах зүйл, сурах арга барил чинь тодорхой болоод ирнэ. Үүний дараа системтэйгээр, зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй. 
 Хүмүүс хэл сурах өөрт тохиромжтой арга барилаа олоогүйгээс бүтэлтгүйтэж, шантрахад хүрдэг. Англи хэл дүрэм ихтэй. Шинэ үг байнга гарч ирнэ. Тэр бүхнийг хараад цээжлээд өнгөрөх биш, хэрэглэж "эргэлтэнд" оруулж байх хэрэгтэй.

Гадаад хэлийг үр дүнтэй сурч чаддаггүйн шалтгаан

 Хүмүүс сурах үедээ ойлгодоггүй биш ойлгодог. Гэхдээ тэдний гол алдаа нь дахин давтдаггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго. Яг л монгол хэл таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байдагтай адилаар. Шаардлагатай дүрэм, уншлагаа байнга давт. Англи хэл дээр мэдээ үз. Би шавь нартаа хэлээ сайжруулахын тулд мэдээ үзэхийг зөвлөдөг. Ингэснээр зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй сонсголоо сайжруулж, тухайн үг өгүүлбэрт дүрмийг хэрхэн ашиглаж, яаж бичих зэрэг олон чадварыг зэрэг олж авах боломж бүрддэг. Хүнтэй англиар ярихаасаа бүү санаа зов. Ярьж байж тухайн хэлээр сэтгэж эхэлдэг. Ярьснаар шинэ үгээ дүрэмтэйгээ хослуулан хэрэглэж, юу гэж ярихаа бодож эхэлдэг. Байнга ийм бэлтгэл хийснээр дүрэм, үгийн сан, яриа, сонсгол тэгш сайжрах боломжтой. 

Хөдөлмөрч хүн толгой сайтай, төрмөл авьяастай хүнээс ч хүчтэй

- Таныхаар хүссэндээ хүрч, амжилтанд хүрэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл вэ? 
- Би үүний хариуг ямар ч эргэлзээгүйгээр шаргуу хөдөлмөр гэж хэлнэ. Хөдөлмөрч хүн толгой сайтай, төрмөл авьяастай хүнээс ч хүчтэй. Сурсан дүрэм, үгийн сангаа ашиглаад сургуулиа хайж, өргөдөл гаргах гээд оролдоод үз. Үнэхээр болохгүй бол би тусалж болно. Сурсан зүйлээ байнга ашиглаж, өөрийн болгохын тулд хичээнгүйлэн давт. Эцэж цуцалгүй дахин дахин давт. 

Чамд чамаас өөр хэн ч туслахгүй 

- Залууст хэлний шалгалт өгөөд хүссэн оноондоо хүрч чадаагүйдээ зорилгоосоо шантарч, бууж өгөх хандлага ажиглагддаг. Тэдгээр хүмүүст хандаж хэрхэн зөвлөх вэ? 
- Хэзээ ч битгий бууж өг. Учир нь чамд чамаас өөр хэн ч туслахгүй. Чи бол өөртөө байгаа цор ганц хүн. Сэтгэлээр унаж, шантрахынхаа оронд яагаад өндөр оноо авч чадаагүйдээ, яагаад хэлээ сайжруулж чадаагүйдээ өөртөө үнэлэлт дүгнэлт өг. Тэгээд шалтгаанаа тодорхойлон засч залруулах төлөвлөгөө боловсруулж, түүндээ үнэнч байгаарай. Үр дүн нь заавал гарна. Сурах арга барил чинь болохгүй байна уу? Эсвэл багшийн чинь арга барил чамд тохирохгүй байна уу? Багшийн зааж байгааг оюутан маш хялбархан ойлгож байх ёстой. 

 Хэзээ ч битгий бууж өг. Учир нь чамд чамаас өөр хэн ч туслахгүй. Чи бол өөртөө байгаа цор ганц хүн

- Англи хэлний анхан шатны мэдлэггүй хүн танаар хичээл заалгаж болох уу? 
- Надаас нэг хүн "Чи монгол хэл мэдэхгүй байж яаж монголчуудад хэл заадаг юм. Хэрвээ англи хэлний үсэг ч мэдэхгүй ахмад хүн ирвэл яаж заах вэ?" гэж асууж байсан. Надад үсгээ ч мэдэхгүй ирээд заалгаж байсан  олон шавь бий. Тэдэн дунд үнэхээр сая ярьсан шиг настай эмээ ч байсан. Гэхдээ хэл заахад асуудал тулгардаггүй. Нэг мэдэхэд надтай чөлөөтэй яриад сууж байдаг.

-TOEFL, IELTS шалгалтууд ямар ялгаатай вэ? 
- Ерөнхийдөө энэ хоёр шалгалт тестийн хэлбэрээрээ ялгаатай гэж хэлж болно. TOEFL илүү тест хэлбэртэй  буюу 4 өгөгдлөөснэг хариултыг сонгох ёстой байдаг. Тиймээс заримдаа хүмүүс TOEFL өгөхдөө азаа үзэх үе байдаг. IELTS-ийн хувьд илүү уламжлалт хэлбэр рүү чиглэсэн. Тиймээс TOEFL-ийг бодвол арай уян хатан. Зарим хүн IELTS-ийг TOEFL-оос хэцүү гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Харин ч IELTS буруу хариултыг хасах зарчмаар хийж болдог, хүнтэй шууд харилцан ярилцдаг гээд давуу тал ихтэй.

TOEFL-ийн оноог Их Британид хүлээн зөвшөөрөхөө больсон

Би хувьдаа IELTS-ийг өгөх нь илүү олон сургуульд хүлээн зөвшөөрөгдөхийн хувьд дэмждэг. ТОEFL-ийн оноог Их Британид гэхэд хүлээн зөвшөөрөхөө больсон шүү дээ. IELTS Академик UKVI болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй. Ерөнхий IELTS-ийн шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг.
Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

Гадаад гэхээрээ л диваажин мэт бүх зүйл нь сайхан байдаг гэж эндүүрч болохгүй

- Залуучууд, ялангуяа зарим өсвөр үеийнхний хувьд гадаад л явчих юм бол диваажинд оччих юм шиг санадаг. Гэвч бодит байдалд төсөөлж байснаас нь огт өөр орчин угтаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч, Монгол руугаа удалгүй буцах тохиолдол ч гардаг. Ийм зүйл гаргахгүйн тулд зөвхөн хэлний шалгалтын онооноос гадна сэтгэл зүй зэрэг өөр олон зүйл бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Та үүн дээр юу гэж хэлэх вэ? 
- Хөгжингүй оронд өндөр боловсрол эзэмшинэ гэдэг мэдээж маш их давуу талтай. Гэхдээ гадаад гэхээрээ л диваажин мэт бүх зүйл нь сайхан байдаг гэж эндүүрч болохгүй. Чи эцэг эхтэйгээ ойрхон амьдардаг байхдаа ямар нэгэн асуудал тулгарах үед тэдэнтэйгээ хуваалцаж, хамтдаа даван гарах боломжууд бий. Ядаж л баяр гунигаа хуваалцаж, чамайг тайвшруулах дотны хүмүүс чинь чамтай ойрхон байна. Харин гадаад явсныхаа дараа чи бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх хэрэгтэй болно. 

Ялангуяа залуу хүүхдүүдийн хувьд очоод удаагүй байхад нь иймэрхүү асуудлууд их тулгардаг. Тиймээс би хүмүүст "Бэлтгэлтэй бай" гэж хэлдэг. Очих гэж буй орныхоо соёлыг, хүмүүсийг сайн судалж, сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэх нь их чухал. 

Зарим эцэг эх хүүхдээ нэг их мөнгө олох гээд явж байна гэж эндүүрдэг. Гэтэл энэ бодол нь хүүхдэд маш их дарамт болдгийг мэдэх хэрэгтэй.

Гадаадад очоод яаж ийгээд ажил олж хийгээд болгочих юм шиг санадаг. Гэтэл бакалаврын оюутнуудад гэхэд олон цаг ажиллах эрх зүйн орчин байхгүйн дээр олон цагийн кредит цуглуулах шаардлагатай. Тиймээс үнэндээ сургалтын төлбөрөө төлөөд байр хоол, амжиргааны зардлаа болгоод сард чадвал 100-200 ам.долларыг хадгалж чаддаг. Харин магистраар сурч байгаа хүмүүс харьцангуй бага цагийн хичээлтэй, илүү олон цагаар ажиллах боломж байдаг.
Зарим эцэг эх хүүхдээ нэг их мөнгө олох гээд явж байна гэж эндүүрдэг. Гэтэл энэ бодол нь хүүхдэд маш их дарамт болдгийг мэдэх хэрэгтэй. Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог. Тиймээс би хүмүүст хий хоосон гоё сайхан амлалт өгдөггүй. Гэхдээ хэлээ системтэйгээр сураад, бэлтгэлээ зөв хангасан хүмүүст маш өндөр боломж байгааг манай оюутнуудаас харж болох юм. 

Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анхны зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог

- Олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай боловсролын төвийн хувьд танай төвийн үйл ажиллагааг сонирхмоор байна. Ямар хөтөлбөр,сургалт явуулдаг вэ?
-Бид англи хэлний анхан шатны мэдлэггүй хүнээс анхлан сурагч, дунд шат, ахисан түвшин, академик түвшин буюу TOEFL, IELTS-ийн шалгалт өгөх мэдлэгтэй болох хүртэл бүх шатны сургалт явуулдаг. Учир нь хэлний мэдлэг тааруу байна гэдэг шилдэг сургуульд сурч, өндөр боловсрол эзэмших эрхгүй гэсэн үг биш. Хүн бүрт адил тэгш боломж олгох ёстой. Хамгийн гол нь туйлын хүсэл эрмэлзлэл, дээрээс нь хөдөлмөрч байхад таны өнөөдрийн хэл мэдэхгүй бол асуудал биш юм. 
-Хэлний сургалтаас гадна ямар хөтөлбөрүүд санал болгодог вэ? 
Бидний хэрэгжүүлж буй дунд сургуулийн сурагчдад зориулсан “A Level” болон “IGCSE” хөтөлбөр нь дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд болон ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг олон улсын гэрчилгээ юм. Тус шалгалтын оноогоороо АНУ, Шинэ Зеланд, Канад, Австрали,  Ази,Европын хүссэн сургууль руу элсэлтийн өргөдөл гаргах эрхтэй болдог. Одоогоор Монголд энэ хөтөлбөрийг English school of Mongolia зэрэг зургаан ахлах сургууль явуулж байгаа. Харин боловсролын төвүүдээс манайх ганцаараа хэрэгжүүлж байна. 

Зөв сургуулиа олж, зөв дараалалтайгаар сургуульдаа хүсэлт гаргаж, бэлдэхэд хэлтэй байгаад болчихдог зүйл биш юм л даа

Түүнчлэн олон улсад англи хэл заах, багшлах эрх олгодог TEFL хөтөлбөрийг нэрлэж болох юм. 
Манай төвд сургалтанд суугаад TOEFL, IELTS-ийн шалгалт өгөөд эхний оролдлогоороо хүссэн оноогоо авч чадаагүй тохиолдолд хоёр дахь удаагаа үнэгүй хичээллэх боломжийг олгодог. Гэхдээ эхний шалгалтаараа оноо авч чадаагүй тохиолдол одоогоор гараагүй байна.

"Харвард, Станфордод сурахаараа л зөвхөн мундаг болчихдог хэрэг биш шүү дээ"

- Танай төвийг дэлхийд тэргүүлэх шилдэг сургуулиудтай хамтран ажилладаг гэж сонссон. Энэ тухайгаа танилцуулаач?
- Тийм ээ, бид 13 улсын 300 их сургуультай албан ёсоор хамтран ажилладаг. Бид чанартай сургалттай сургуультай хамтран ажиллахыг эрмэлздэг. Хамтрагч сургуулиудын зарим нь дэлхийд эхний 50-д жагсаж буй шилдэг сургуулиуд байхад зарим нь рейтингээрээ тийм ч өндөр биш ч сургалтын чанар өндөртэй сайн сургуулиуд байдаг. Дээр хэлсэнчлэн хүн өөртөө тохирсон сургуулийг сонгох хэрэгтэй. Эхний 10-д ордог Харвард, Станфордод сурахаараа л зөвхөн мундаг болчихдог хэрэг биш шүү дээ.  Хамтран ажиллаж буй зарим шилдэг сургуулиас дурдвал Сиднейн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Гласговын их сургууль, Шеффилдийн их сургууль, Манчестерын их сургууль, Ливерпүүл зэрэг олон хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийг нэрлэж болно. Саяхан гэхэд манай төвийн оюутан Манчестерийн их сургууль руу сурахаар явлаа. Энэ сургууль дэлхийд эхний 50-д бичигдэж байна. 

Бүхий л шалгууруудыг хангасан боловч татгалзсан хариу авах тохиолдол их гардаг

-Орчин үед хүн бүхэн л англи хэлтэй болсон шүү дээ. Тийм байхад яагаад заавал боловсролын төвд хандаж, зуучлуулах хэрэгтэй гэж? Өөрсдөө бэлдээд, сургуулиа хайгаад өргөдөл өгчихөж болно шүү дээ? 
-Цагтаа би ч гэсэн гадаадад сурахыг хүсдэг залуу хүүхэд байлаа. Тэр үед надад тусалж, зөвлөх хэн нэгэн, одоогийх шиг сургалтын төвүүд байгаагүй. Тиймээс би сургуулиа хайхад, дараа нь сургуульдаа өргөдөл гаргахад маш их хугацаа зарцуулсан. Маш олон сургууль дунд аль нь надад тохирохыг мэдэхгүй, асуултанд нь юу гэж хариулбал зохиостойг мэдэхгүй. Их удаан хугацааг хайж, судалж, юу гэж хариулахаа мэдэхгүй өнгөрөөсөн. Зөв сургуулиа олж, зөв дараалалтайгаар сургуульдаа хүсэлт гаргаж, бэлдэхэд хэлтэй байгаад болчихдог зүйл биш юм л даа. Хэдийгээр бүхий л шалгууруудыг хангасан боловч татгалзсан хариу авах тохиолдол их гардаг. Тиймээс олон хүний цаг хугацаа, хөрөнгө мөнгөө буруу зарцуулахаас нь сэргийлж, тухайн хүнд тохирсон зөвлөгөөг өгөх нь бидний гол хийх ёстой ажил юм. 
- Танай төвөөс хичнээн хүн одоогоор гадаадад сурахаар яваад байгаа вэ? 
-Сүүлийн 15 жилийн турш олон зуун сурагчдад тусалсан. Сурагчид сургуулиа төгсөж Монголдоо ирээд  сайн ажил алба хашиж эх орондоо хувь нэмрээ оруулж байгааг харахад үнэхээр сайхан санагддаг.  

 - Би энэ амьдралынхаа хором мөч бүхэнд талархдаг. Оюутнууддаа хичээл зааж, тэдэнтэй харилцаж буй минут бүрээс би сэтгэл ханамж авдаг. Би монгол оюутнууддаа заагаад зогсохгүй өөрөө тэднээс маш их зүйлийг сурч авдаг. Энэ амьдрал минь надад гадаадад их сургуульд багшилж байснаас минь илүү сайхан санагддаг. 

- Танаас цаашдын тань төлөвлөгөөг сонирхож болох уу?
- Англи хэл заасан шавь нартайгаа дараа нь тааралдахад, тэднийг онгоцны буудал дээр сургуульд нь гаргаж өгөхөөр очиход "Англи хэл сурахад минь, шилдэг сургуульд элсэхэд тусалсанд маш их баярлалаа, багшаа" гэж хэлэх талархлын үгийг сонсох л надад хамгийн сайхан байдаг. Тэр үед сэтгэл минь их хөдөлдөг. Би хийж байгаа энэ ажилдаа, энэ амьдралдаа их дуртай. Цаашдаа илүү олон хүнд хэл сурч, зорилгодоо хүрэхэд нь туслахыг хүсч байна.
-Ярилцсанд тань баярлалаа. Танд амжилт хүсье.
-Маш их баярлалаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу [email protected] хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол! Бидний эмнэлэг яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнд хэрэгтэй +12675278876 эсвэл [email protected] Үнэ: $ 450,000. Захирамж: St. Medanta.

    0 0 Хариу бичих
  2. Ene hun ch olon Mongol huniig hulhidsan daa. Ikh dotuur tamirtai muu hun

    0 0 Хариу бичих
  3. ali surgaltiin tov yum boloo

    0 0 Хариу бичих
    • Ta manai bolowsroliin tow deer ireed uulzaj bolnoo

      0 0
  4. Barag 10 jiliin umnu angli hwl zaalgaj bailaa.uneheer minii zaalgaj bsan.bagsh naraas hamgiin best ni,chadvarlag,mash sonirholtoi zaadag hun.bsan shu.haaya ene bagsh baidag bolvuu gej boddog bailaa.getel odoo boltol angli helee zaasaar l yavaa yum bn.

    0 0 Хариу бичих
  5. holbogdoh dugaar hayg bnu

    0 0 Хариу бичих
    • 89010555 89070555

      0 0
  6. yasan sain hvn be odoo tegeed haana yamar surguuld bn be angli hel zaalgamaar bn haana ochwol bolh be yarih utasni dugaar bn u hayagig n ogooch

    0 0 Хариу бичих
    • Peace tower.n 16 dawhart 89010555 89070555

      0 0
    • Peace tower.n 16 dawhart 89010555 89070555

      0 0
  7. Nogoon jade geed zurag ni bn

    0 0 Хариу бичих
  8. Энэ хүн аль төвийн багш юм бэ

    0 0 Хариу бичих
    • Ногоон жэйд

      0 0

ЭНЭ ТУХАЙ