Хаврын ханиадыг биеийн тамираар эмчлэх

Х.Батсайхан


Зав багатай өнөө үеийнхэн спортод цаг гаргахдаа тун хойрго. Гэтэл спорт хөдөлгөөний идэвхтэй дасгал болоод зогсохгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэх гайхалтай чадвартай байдаг.

Хүүхдэд хамгийн элбэг тохиолддог өвчинд амьсгалын замын вирусийн хурц халдвар, улаан эсэргэнэ, гахай хавдар, салхин цэцэг, улаанууд орно. Эдгээр өвчнүүд нь агаар дуслын замаар болон ахуйн хавьтлаар буюу тоглоомоор дамжин халдварладаг. Түүнчлэн өвчин бүр тодорхой хурц үе шатыг дамждаг. Үүнд, улаан эсэргэнэ 2-7, гахай хавдар 11-23, салхин цэцэг 10-21, улаанууд 16-21 хоног гэх мэт.

Аль ч өвчний үед биеийн ерөнхий байдал сулрахаас гадна улаан эсэргэний үед хоолой хөндүүрлэх, огих бөөлжих, гахайн хавдрын үед толгой их өвдөх, хоолны дуршил буурах, чих орчмын шүлсний булчирхай үрэвсэх, улаануудын үед тууралт гарах зэрэг өвөрмөц шинжүүд илэрдэг.

Нас биеийн онцлогоос шалтгаалж бие султай, өвчлөмтгий хүүхдэд дараах хүндрэлүүдийг өгч болно. Улаануудын үед дунд чихний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хатгаа, хоолой боох, улаан эсэргэнийн үед хавагнах, уушгины хатгаа, зүрхний булчингийн үрэвсэл, гахай хавдрын үед төмсөг ба өндгөвч, хөхний булчирхайн үрэвсэл, мененгит, энцефалит гэх мэт. 

Ямар хүүхдийг өвчлөмтгий гэх вэ?

Жилийн дотор дөрвөөс олон удаа амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдийг өвчлөмтгий гэж тооцно. Судалгаанаас үзэхэд нас ахих тусам өвчлөмтгий байдал буурдаг байна. 

Эмчилгээний биеийн тамир

Нөхөн сэргээлтийг өвчтөний биеийн ерөнхий байдал дээрдэж, халуун буусны дараа хийнэ. Ингэхдээ амьсгалын дасгалаас эхэлнэ. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх дасгал нь удаан хэмнэлтэй, ачааллыг аажмаар нэмэгдүүлсэн, тоглоомын хэлбэртэй байна. Бие султай, өвчлөмтгий хүүхдэд 2-4, хэвийн бол 6-8 удаа хийлгэнэ. Найм, 16 тоот дасгалаас гадна ямар ч хөдөлгөөн хийлгэж болох бөгөөд бөмбөг, тоглоом ашиглавал илүү үр дүнтэй байдаг аж. 

Байрлалын эмчилгээ

Өвчин хүндэрсэн үед байрлалын эмчилгээг хийнэ. Хүүхдийн толгойг 20-50 градус өндөрлөсөн дэрэн дээр хэвтүүлнэ. Амьсгалын замд байгаа цэрийг чөлөөлөхөд хүндрэлтэй үед биеийг уруу байрлалд толгой цээжийг хэвтээ шугамаас доош байлган, цэр урсч гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ байрлалд хүүхдийг өдөрт 2-3 удаа 2-5 минутаар байлгаж, цээжинд нь иллэг, нухалт, базалт, хөнгөн доргилтыг хийж өгнө. Мөн суугаа байрлалд өвчүүнээс нуруу чиглүүлэн хавирга дагуу хийнэ. Хүүхдийн амьсгал гаргах, авах үед нь дэмжих ба амьсгал авах үед нь гараа зайтай байлган ханиалгах хөдөлгөөнийг дэмжинэ. 

Дээрх аргуудыг хэрэглэснээр өвчний бүрэн эдгэрэх хугацааг 30 хувиар багасгаж болно. Эцэст нь нэгэнт туссаныхаа дараа эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай гэдгийг сануулья. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)