Цагаан тахалд дөнгөлөгдсөн залуус

Ц.Эрдэнэцэцэг


-2016 онд зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ-

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.

Хавтаст хэргээс...     

Олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хар тамхитай холбоотой гэмт хэргийн баримтуудаас тоймлон хүргэе.

Б гэх залуу 65 грамм “мөс” надад хадгалуулаад гурван сая төгрөг зээлсэн

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-д холбогдох эрүүгийн.... дугаартай хэргийг 2016 оны зургадугаар сарын 07-нд хүлээн авч хянан хэлэлцжээ. Ц гэх эмэгтэй 2016 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 63.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байгаад цагдаа нарт саатуулагдсан байна. Тэрээр 31 настай, дээд боловсролтой, гадаадад их дээд сургууль төгссөн, олон улсын байгууллагад ажиллаж байсан аж.

Тэрээр энэ тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Би энэ ууттай мөс гэх мансууруулах бодисыг 2015 оны зургадугаар сард үл таних залуугаас худалдаж авсан. Би мөс гэх зүйлийг гадаадад сурч байхдаа хэрэглэж үзсэн. Монголд ирээд нэг ч удаа хэрэглээгүй. Монголд хар тамхи зардаг хүн танихгүй. Харин 2015 оны зургадугаар сард шоудаж байгаад найзуудаасаа салаад гэртээ харих гэж байгаад нэг хэрэглээд үзчихмээр санагдаад байхаар нь нэгэн /нэрийг нь нууцлав/ баарны гадаа хүмүүсээс асууж сураглатал нэг залуу байгаа, хүнгүй газар очьё гэхээр нь ээжийнхээ гэрийн гадна дагуулаад очсон. Тэр залуу надад нэг грамм мөс 350000 төгрөгөөр зарсан. Хэрэглээд гэртээ орьё гэж бодож байтал нөгөө залуу надад хандаад “Би удахгүй гадаад явах гэж байгаа юм, бэлэн мөнгөний хэрэг гараад байна. Чи надад байгаа бүх “мөс”-ийг худалдаж авах уу” гэхээр нь “Би хэрэглээд байдаггүй юм аа, юу боллоо гэж ийм их “мөс” худалдаж авах юм бэ, үгүй” гэхэд “Тэгвэл чи надад мөнгө зээлүүлчих, би чамд 65 грамм мөс үлдээе, чи надад байгаа бэлэн мөнгөө өгчих, долоо хоног болоод л буцаж ирээд авъя” гээд гуйгаад байсан. Эхэндээ би зөвшөөрөөгүй боловч тэр залуу надад “Өвчтэй хүүхдээ үзүүлнэ, мөнгө төгрөг хэрэгтэй байна, удахгүй явчихаад л хүрч ирээд чамаас авсан мөнгөө буцааж өгөөд, энэ юмаа авна” гээд гуйгаад байхаар нь би өөрөө эх хүн болохоор тухайн үед хүүхдийг нь өвчтэй гэдгийг сонсоод зөвшөөрч, өөрт байсан гурван сая төгрөгийг өгөөд 64 грамм “мөс” авсан. Гэхдээ гурван сая төгрөг нь 64 грамм “мөс”-ний хаана ч хүрэхгүй болохоор удахгүй ирээд надаас авчих байх гэж итгэсэн юм. Гэтэл тэр залуу ирээгүй. Тухайн үед би сэтгэл хөдлөлтэй явж байсан, хүн амьдралаа яриад гуйгаад байхаар нь үгүй гэж хэлж чадаагүй. Мансууруулах бодис хууль бусаар олж авах, хадгалахад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдээгүй. Гадаадад хар тамхи тодорхой хэмжээгээр хуульдаа зөвшөөрөгдсөн байдаг учир би Монгол улсын хуулийг судлаагүй. Энэ 64 грамм бодисоо бусдад зарж борлуулаагүй. Зүгээр л хадгалж байсан. Тэр залуу яваад гурван сараас хэтрэхгүй ирээд авна гэсэн болохоор нь авах байлгүй дээ гэж бодож байсан юм. Түүнээс биш би энэ бодисыг зарж гурван сая төгрөгөө гаргаж авна гэсэн бодол байгаагүй. 

Тэр залуутай эхлээд холбоотой байсан. Гэтэл сүүлийн зургаан сар сураг тасарсан тул би хар ууттай зүйл юу болохыг хүнээс асуух гэж машиндаа хийсэн. Мансууруулах төрлийн бодис олж авсан, хадгалсан буруутай гэдгээ ойлгож байна. Харин худалдан борлуулж ашиг орлого олно гэсэн санаа байгаагүй. Би одоо жирэмсэн, төрөх дөхөж байна, 7-10 хоногийн дараа төрнө. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, дахин ийм хэрэгт холбогдохгүй...” хэмээн мэдүүлсэн байдаг. 

Эхнэрээ хар тамхи хэрэглэн, хадгалж байсныг нөхөр нь мэддэггүй байжээ

Түүний нөхөр А мөрдөн байцаалтын шатанд өгсөн байцаалтдаа“...Ц бид хоёр 2000 оны үед танилцаад найз нөхдийн харьцаа холбоотой болсон. Би 2002 онд Солонгос улс руу яваад ажиллаж амьдарч байгаад 2015 онд Монголд ирсэн. Солонгост байх хугацаандаа Монгол руу ирэн очиж, бас Ц-тэй интернетээр холбоотой байдаг байсан. Ингээд 2015 оны гуравдугаар сараас бид хоёр уулзаж эхлээд, дотно харьцаатай болж, мөн оныхоо наймдугаар сараас байр түрээслэн нэг гэрт амьдарсан. Ц бол аливаа юманд хичээл зүтгэлтэй, үнэнч шударга зантай, худлаа хэлдэггүй, тайван дөлгөөн, тогтвортой хүн. Гадаадад сурч боловсрол эзэмшсэн болохоор хэлний мэдлэг сайтай. Франц, Орос, Англиар сайн ярьж, ойлголцдог. Аливаа юмыг олон талаас нь хардаг, өөдрөг үзэлтэй. Монголд ирээд Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан юм билээ. Ганц дутагдал нь бага зэрэг дураараа ааштай болохоор танилцсанаасаа хойш бид хоёр хааяа нэг муудалцаж байсан удаатай. Ц одоо зургаан сартай жирэмсэн, биеийн байдал нь тааруу, тонус өгөөд байгаа, хэвтрийн дэглэм барь гэж эмч нь хэлсэн. Надад Ц-гийн үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Надтай байхдаа хар тамхитай холбоотой асуудал гаргаж байгаагүй. Би нэгжлэг хийхэд харж байсан зочны өрөөний хойд хана дагуу байрлах шүүгээнээс хураан авсан хар цагаан өнгийн төмөр оосортой цүнх Ц-гийн цүнх мөн. Харин дотор нь байсан “мөс” гэх мансууруулах бодисыг би хэнийх болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би тэр шүүгээг ухаж үзээгүй. Тэнд юу хадгалагдаж байсныг ч мэдэхгүй байна. Би түүний гар утсыг шалгаад байдаггүй болохоор ямар мессеж, хэнээс ирдэгийг мэдэхгүй. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар сэжигтэй зүйл анзаарагдаж байгаагүй...” гэж мэдүүлжээ. 

Эл хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны зургадугаар сард хэлэлцэн, шүүхээс Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ялтан 5.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Гэхдээ түүнийг жирэмсэн гэдэг үндэслэлээр тогтоол биелүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгажээ.

Нэг ангийн гурван сурагч шүүхээс ял сонсчээ

Нийслэлийн нэгэн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн гурван сурагч цэцэрлэгийн хашаанд өвс татан, мансуурч байгаад 2016 оны зургадугаар сард цагдаа нарт баригдсан байна. Тэдний энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн оны наймдугаар сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан хэрэгт холбогджээ.

Тэдний нэг болох З байцаалт өгөхдөө “2016 оны тавдугаар сарын 20-ны үед биологи, эрүүл мэндийн хоёр багш сургуулийн хашаанд цэцгийн мандал байгуулах гэж байгаа. Энэ ажилд туслаад дүнгээ сайн гаргуулж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хичээлээ тараад туслахаар болж гараад хөрс сэргээх ажил хийсэн. Тэгэхэд цамц болон оймсон дээрээс харж байсан зурагтай ижилхэн төрлийн ургамал харагдахаар нь Е-гээс асуусан чинь тэр мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид тэр ургамлаас 3, 4 ширхгийг тасдаж аваад халаасандаа хийгээд Е-гийн гэр рүү гараа угаахаар явсан. Е гэрт ороод нөгөө ургамлаа шарах шүүгээнд хийж хатаах гэсэн чинь гүйцэд хатаагүй бага зэрэг чийгтэй байсан. Харин бид хоёр сонингийн цаасанд ороогоод хэрэглэж үзсэн боловч өөрчлөлт өгөөгүй. Тэгээд татаж дуусаад би гэр рүүгээ явсан. Хичээл амрах сүүлийн долоо хоног буюу зургадугаар сар гарч байхад Е бид хоёр У-д хэлээд хамтдаа сургуулийн хашаанд байсан цэцгийн мандлаас тухайн өвсийг түүж аваад У-гийн гэр рүү явсан. Тэдний гэрт очоод мөн адил шарх шүүгээнд хийж хатаагаад хэрэглэж үзсэн боловч өөрчлөлт өгөөгүй. Тэгэхээр нь бид гурав интернетэд ороод хэрхэн хэрэглэдэг талаар хайсан. Түүний дараа гарч байрных нь гадаа хэсэг сууж байгаад гэр, гэр рүүгээ явцгаасан. Харин би тухайн үед ажил хийж байсан учраас зургадугаар сарын 27-нд ажлаа дуусгаад 28-нд Е, У хоёртой уулзах гэж ирсэн. Тэгэхэд У-гийн гэрт нөгөө түүж авсан ургамал байсан. Түүнийг авч гадагшаа гараад ... дугаар цэцэрлэгийн хашаанд очиж хэрэглэсэн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” хэмээн мэдүүлжээ. Мөн түүний хоёр найз болох У, Е нар түүнтэй адил мэдүүлсэн байна. Тэднээс авсан шээсний дээж тус бүрт сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн байна.

Ингээд анхан шатны шүүх насанд хүрээгүй З, Е, У нарт холбогдох хэргийг хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар З, Е нарт тус бүр 1.6 жил, У-д нэг жилийн хорих ял оноож насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ тэдэнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг З ,Е нарыг 1.6 сар, У-г нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 76.3 хувь 18-35 насныхан

Манай улсын 177 иргэн 2006 оноос хойш гадаадад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт  холбогдон шалгагджээ. Үүний 13 нь тээвэрлэсэн, 15 нь хадгалсан, 41 нь хилээр нэвтрүүлсэн, 39 нь хэрэглэсэн, нэг нь бусдад дамжуулсан гэдэг үндэслэлээр шүүхээс ял шийтүүлсэн байна. 2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамалын төрлийн бодисыг олж авах, хадгалах борлуулах, илгээхтэй холбоотой гэмт хэрэг эзэлж байжээ. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох амфетамин, метамфетамин агуулсан “мөс” гэх нэршилтэй бодисын хэрэглээ нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамарч, энэ төрлийн гэмт хэргийн гаралт,  холбогдогчдын тоо  тогтмол өсч, нас залуужиж байгаа нь гэмт хэргийн тоо бүртгэлээс харагдаж байна. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 19-25 насны залуучууд зонхилох хувийг  эзэлдэг ажээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хэрэгт холбогдсон 0-18 насны буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2, 26-35 насны холбогдогч 38, 35-аас насны холбогдогч 3.6 хувиар өсчээ. Гэмт хэрэгт холбогдогчын 40.9 хувь нь эрхэлсэн ажилгүй, 76.3 хувь 18-35 насны залуучууд байна. Ажилгүй гэдэгт нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, амжиргааны баталгаажих  төвшинээс доогуур орлоготой иргэд бус хувийн бизнес эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах бодисыг худалдан авдаг этгээдүүд болох нь судалгаагаар тогтоогджээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгч 18-35  насны залуучууд,  найз нөхдийн  харилцаа холбоогоор  дамжуулан  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авдаг  байна. 

Ө.Ариунболд: Сэргээш хэрэглэснээр эрхтэн бүрт үхжил үүсдэг

Мансууруулах болон сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл бодис хэрэглэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж буй хүмүүс 20-40 насныхан байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байв.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Анхболд “Сэргээшийн төрлийн бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч авч байгаа юм биш. Хүний биед байгаа бүх эрч хүч, энергийн нөөцийг богино хугацаанд дайчилан гаргаж байгаа юм. Энэ эрч хүч, энерги дуусахаар сулидалт, туйлдалтад орж, бүх эрхтэн системд нь цусан хангамжийн дутагдал үүсч, гүнзгийн хордлогод ордог. Ингэхдээ эрхтэн бүрт үхжил үүсдэг. Энэ үхжил эргэж сэргэх боломжгүй” хэмээн хэлж байлаа. 

Цаашид яах ёстой вэ

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний  бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх болжээ. Борлуулахдаа товлосон  газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын дансаар гүйлгээ хийлгүүлж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа юм. Энэ бүхнээс харахад юун түрүүнд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр бие даасан тусгайлсан хууль хөтөлбөртэй болох, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх, туслалцаа үзүүлэх, мэдээлэх чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа  холбоог сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)