Д.Ганбат: “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно

С.Сувд


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбаттай “Алт-2” хөтөлбөрийн талаар ярилцлаа. 

-Манай улс өмнө нь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Гэхдээ байгаль орчинд их хохирол учруулсан.  Тэгвэл энэ алдааг одоо хөтөлбөр хэрэгжүүлэхдээ давтахгүйн тулд хэрхэн ажиллах вэ?

-1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тн болсон. Олборлолт ингэж өссөн ч сөрөг үр дагавар гарсан. Энэ нь нөхөн сэргээлтийн ажил хангалттгүй байснаас гадна хаягдал ихтэй технологи ашиглаж байсантай холбоотой. 2000 онд гарсан “Алт” хөтөлбөрийн үр дагавар нь мөн л давтагдсан. 68 хувийн татварын өмнө буюу 2005 онд 24 тн алт олборлож байсан. Үндсэндээ шороон ордын нөөцүүдийг ашиглаад дуусчихсан. Одоо шороон ордын нөөц 27 тн л үлдсэн гэсэн судалгаа бий. Одоо “Алт-2“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхшүүгийн хувьд дэмжиж тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага тавина. Ер нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд таван зорилт дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүй, татварын орчныг тогтвортой байлгах, хоёрдугаарт, геологийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааг сайжруулах, гуравдугаарт олборлолтыг өсгөх. Жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж 2020 он гэхэд Монголбанкинд тушааж байгаа алтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, орчин үеийн техник технологийг ашиглаж хариуцлагын тогтолцоог иж бүрэн хангах, тавдугаарт, бичил уурхайн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах гэсэн зорилтыг тавиад байна. Богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх ийм таван үндсэн зорилттой “Алт-2” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын удирдлагад “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүүлэх зөвлөл гэж байгуулагдсан. Зөвлөл нь дотроо орон нутаг, хууль эрх зүй, санхүүжилт, геологи, уул уурхай, байгаль орчины нөхөн сэргээлт гэсэн чиглэлээр хуваагдан ажиллана. Эхнээсээ иж бүрэн бүтцээр ажиллаж хяналт тавина л үг. 

-“Хуулийг хэрэгжүүлэх нарийн механизм буюу журам нь байхгүйгээс нөхөн сэргээлт хийхгүй байгаа олборлогчдод хариуцлага тооцож чаддаггүй” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ярьж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцсан салбар зөвлөлд энэ асуудлаар ярилцаж байгаа. Энэхүү “Алт-2” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үед Ерөнхий сайд чиглэл өгсөн. Ингэхдээ “Хуулиа зөрчөөд нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудын тухай асуудлыг тусад нь оруулж ирээд хариуцлагын асуудал тавьж болно” гэсэн чиглэлийг бидэнд өгсөн.

Ер нь 2017 онд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлаа шийдвэрдлэж дуусгая гэж ярьсан. Ингэснээр талбайнуудыг эзэнжүүлнэ, хариуцлага тооцох механизм тодорхой болно. Цаашлаад лиценцийг нь цуцлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дахин уул уурхайн салбарт оруулахгүй байх зэрэг арга хэмжээ авна.

-Алтны олборлолтоос хэр их орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолоод байгаа вэ?

-Алтны ханшийн төсөөлөл одоо байгаагийнхаас бага зэрэг бууралттай байгаа хэдий ч 1000 ам.доллараас дээш үзүүлэлт байхаар харагдаж байгаа. 2020 он хүртэл алт тушаалт 25 тонн хүрвэл зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс л гэхэд 59 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцоолоод байна. Түүнчлэн 1.1 тэрбумын борлуулалт хийх төсөөлөл харагдаж байгаа. Албан ёсны Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад альны олборлолтын салбарт ажиллах хүчний тоо нэмэгдэх эерэг үр дагавартай.

-“Урт нэр”-тэй хуулийн дагуу үйл ажиллагаа нь зогссон компаниудын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Шинээр лиценз олгох уу?

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын дагуу хуучин олборлолт явуулж байсан бол түүнээсээ 200 метрийн гадагш олборлолтоо үргэлжлүүлж болно. Шинээр лиценз олгох асуудал хуулийн хүрээнд эрэл хайгуул хийгээд нөөц таамаг бүхий ордод олгох тийм зарчим барьж байгаа. Хөтөлбөрт тусгагдсан нэг асуудал бол хууль бусаар алт олборлож байсан нөхөн сэргээлт явагдаагүй тийм талбайнуудыг эзэнжүүлэхээр ажиллаж байна. Хэн нэгэнд линценз олгож байж дараа нь байгаль орчноо хохиролгүй болгохыг шаардана. Тэрнээс биш тэр газар нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон гээд хаяхгүй. Ер нь “Урт нэр”-тэй хуулийн үйлчлэлд хамгийн сүүлийн байдлаар ашишглалтын 340, хайгуулийн 420-иод лиценз бий. Үүнээс 180 орчим нь алтных ашиглалтын лиценз.

-“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор яригдаж байгаа гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юү?

-Өнгөрсөн жил хүчтэй яригдаж байсан асуудал бол алт олборлогчдод олгох 260 тэрбумын зээл байсан. Гуравдугаар сард зээлээ аваад арав, араваннэгдүгээр сард Монголбанкинд алтаа тушаах, тушаахгүй бол хүүний торгуульд орох нөхцөлтэй зээл байсан юм билээ. Одоо бол бид санхүүжилтын асуудлыг хөрөнгө оруулалтын болон эргэлтийн гэсэн хоёр хэлбэрээр л олгох хэрэгтэй гэж үзсэн. Хөрөнгө оруулалт хийж техник тоног төхөөрөмжөө сайжруулъя гэсэн компани, аж ахуйн нэгжүүдэд бол арай урт хугацааны зээл олгох. Харин шатахуун түлшний зэрэг эргэлтийн хөрөнгө шаардлагатай компаниудад эргэлтийн журмаар зээл олгох тухай ярьж байна. Энэ зээл нь одоо ашиглагдаж байгаа шороон ордуудын төслүүдийн хэмжээнд, дээрээс нь үндсэн ордын ашиглалт хийх гээд хөрөнгө дутчихсан төслүүдийг хөдөлгөхөд зарцуулагдана. Ер нь үндсэн ордын ашиглалтад түлхүү зээл олгоё гэж төлөвлөж байгаа. Ингэснээр 2018 он гэхэд үндсэн ордоос орж ирэх алтны хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж найдаж байна. 

-Гацууртын ордыг ашиглах талаар “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд ярьж байгаа юу?

-Гацууртын ордын булш бунхантай хэсэг Ноён уулын ашиглалтын хүрээнд орохгүй, зайтай байгаа. Гацууртын ордыг ашиглах гэдэг дээр ордын нөөцийн ангиллын өөрчлөлтийг сая хийсэн. Дараачийн асуудал үргэлжлээд яригдана гэсэн үг. Өмнө нь “Урт нэр”-тэй хуульд хамрагдаад хязгаарлагдмал нөөцтэй гэж үзэж байсан бол одоо эдийн засгийн үр ашигтай нөөцтэй болж өөрчлөгдсөн. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Алт,нүүрсийг бол монголчууд өөрсдөө олборлож амархаан валют босгож болноо.

    0 0 Хариу бичих
  2. Энэ хөтөлбөр гээд байгаа зүйлсийн ард маш их юм нуугдаж байгаа даа

    0 0 Хариу бичих
    • юу?

      0 0
  3. GAZAR DELHIIIIG SUIRUULHENE DEE MAN-HAN ALT UHAHIIG ZOGSOOH ESTOI BAITAL ODOO BUUR HUULIAR DALIMDUULJ BGAAD SENDICHEJ DUUSGAH NI DEE

    0 0 Хариу бичих
  4. Зөвөө, зүгээр л мөнгө хэвлээд өгчих, ар нь алт. Мөн зарагдахгүй байгаа 20 мянган байрыг мөнгө хэвлээд улс авчих л даа. ханш унахгүй ээ, баталгаатай

    0 0 Хариу бичих
  5. алт ухаж байгалиа сүйтгэхээ болимоор юм дөө, ирээдүйд нөхөн сэргээлтийг нь хийдэг ухамсартай, соёлтой болсон хойноо л ухмаар юм

    0 0 Хариу бичих
    • Uur haanaas mungu bosgoh ve .esgii taabchig exportloh uu chiniiheer bol

      0 0