Цагаан тахалд дөнгөлөгдсөн залуус

Ц.Эрдэнэцэцэг


Монгол Улс НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид 1999 онд, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцид 2001 онд тус тус нэгдэн оржээ. Мөн УИХ-аас 2002 онд баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196-р зүйлүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчилсан байдаг. Харин  өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл энэ төрлийн бодис зарж борлуулдаг, хэрэглэдэг иргэдийн тоо өсч аюулын харанга дэлдээд байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт Монгол улсад БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн орнуудаас гэсэн гурван урсгалаар  амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисуудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байна. Мөн манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг олсны ургамлын тархац их байгаа нь түүнийг залуучууд түүж, боловсруулах нөхцлийг бүрдүүлж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нийлүүлэлтийн гол эх сурвалж болж байгааг албаныхан онцолж байна. 

Ж.Болд: 2016 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон

Энэ сэдвээр ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Ж.Болдтой ярилцлаа.

-Хар тамхины хэрэгт холбогдож буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа гэдэг. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ?

-2002 онд эрүүгийн хоёр хэрэгт нийт таван хүн холбогдож байсан. Харин 2012 онд 36 хэрэгт 184 хүн холбогдож байлаа. 

Өнгөрсөн 2016 онд 109 гэмт хэрэгт 224 хүн холбогдоод байна. 2016 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдсон 224 хүний 177 нь эрэгтэй, 147 нь эмэгтэй. Тэдний зургаа нь насанд хүрээгүй хүүхэд. Энэ бол бүртгэгддэг гэмт хэрэг биш, нууцын зэрэглэлттэй, өндөр зохион байгуулалттай үйлдэгддэг хэрэг. Энэ тоо нэмэгдээд байна гэдэг нь зөвхөн илрүүлсэн л тоо. 

-Залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт их холбогдож байна уу?

-Нийгмийн аль ч давхаргын, аль ч насны хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна. Хөдөө орон нутгийнхан хүртэл холбогдсон. 2016 онд хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг насны байдлыг нь авч үзвэл 0-18 насны 6, 19-25 насны 113, 26-35 насны 72, 35-аас дээш насны 33 хүн холбогдсон гэдэг тоон мэдээлэл бий. Эндээс харахад залуучууд маань их холбогдож байна.

-Хар тамхины хэрэгт холбогдож буй хүмүүсийн хэдэн хувь нь дотооддоо ургаж буй өвс, ургамлыг хууль бусаар олж авч, бэлтгэж байна вэ?

-Хар тамхины гэмт хэргийн 50 орчим нь дотоодод ургаж байгаа өвс, ургамалтай холбоотой. Харин үлдсэн нь гадаад улсад үйлдэгдээд орж ирж байгаа синтитик хэлбэрийн буюу химийн аргаар урвалд оруулаад гаргаж ирсэн “мөс”, кокайнтай холбоотой байна.

-Хил, гааль дээр илрүүлэлт ямар байгаа вэ?

-Хил, гаалийн хяналт шалгалт сайн байдаг бол энэ төрлийн гэмт хэргийн гаралт 50 хувиар багасна гэж тооцож байгаа. Шалгадаг тоног, төхөөрөмж, рентген аппрат зэргийг хил, гааль дээр суурьлуулж байгаа л гэдэг. Хэмжээний хувьд жижгээр орж ирдэг учраас тэр бүр хилээр орж, гарч байгааг илрүүлж чадахгүй байна л даа. Тоног төхөөрөмжийн ч хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа байх. Өнгөрсөн онд улсын хилээр хар тамхи оруулж ирсэн 36 хүнд холбогдох 15 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, шийдвэрлэгдсэн байгаа. 

-Хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?

-Монгол Улсын хилээр зохион байгуулалттайгаар оруулж ирвэл 25 жил хүртэл хорих ял оноодог. Харин хууль бусаар борлуулсан, зохион байгуулалтайгаар хийсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог. 

2002 онд эрүүгийн хоёр хэрэгт нийт таван хүн холбогдож байсан. Харин 2012 онд 36 хэрэгт 184 хүн холбогдож байлаа. Өнгөрсөн 2016 онд 109 гэмт хэрэгт 224 хүн холбогдоод байна. 2016 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдсон 224 хүний 177 нь эрэгтэй, 147 нь эмэгтэй. Тэдний зургаа нь насанд хүрээгүй хүүхэд. Энэ бол бүртгэгддэг гэмт хэрэг биш, нууцын зэрэглэлттэй, өндөр зохион байгуулалттай үйлдэгддэг хэрэг. Энэ тоо нэмэгдээд байна гэдэг нь зөвхөн илрүүлсэн л тоо. 


-Цагдаагийн байгууллагынхан хар тамхины хэрэг илрүүллээ гээд нэлээд өндөр тоон мэдээлэл хэлдэг. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо харьцангуй бага байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст нэг бүрчлэн хуулийн хариуцлага хүлээлгэж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирж байна?

-Хуулийн байгууллага хар тамхитай тэмцэх ажил дээр нэгдсэн нэг бодлоготой явдаг гэж ойлгодог. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон хүн шүүхээр эцэслэн шийдвэрлэгддэг гэж боддог. Яахав, тодорхой хэмжээд 10, 20 хүн холбогдлоо гээд нийгэмд шуугиж байгаад хоёр, гурав нь шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдол бий л дээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэн үү үгүй юу гэдэг нь шалгагдаад шат шатны хяналтаараа ороод явдаг. Прокурор нь хянаад шүүхэд шилжиж байгаа болохоор үүн дээр дундаасаа ял завшлаа гэдэг зүйл байхгүй. Энэ төрлийн гэмт хэрэг маш нууцын зэрэглэлттэй, өндөр зохион байгуулалт дор үйлдэгддэг. Тэр ч бүү хэл манай улсын иргэд гадаадын гэмт бүлэглэлттэй холбоо, сүлбээтэй ажилладаг болсон байна.

-Өнгөрсөн онд хар тамхины гэмт хэрэгт насанд хүрээгүй зурган хүүхэд холбогдсон гэлээ. Тэд хаанаас мэдээлэл авч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна вэ. Мөн эмэгтэйчүүдийн хэрхэн холбогдсон байдаг вэ?

-Нийгмээ дагаад бүх зүйл нээлттэй болж байна. Интернэт, сошиал орчноос мэдээлэл авч, хаанаас ямар хэлбэр дүрстэй ургамал түүх, яаж хэрэглэх үү гэдгээ мэддэг болж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийн хувьд гадаад улс оронд сурч, амьдарч байхдаа хар тамхи хэрэглэн буруу зуршилтай болж, эх орондоо ирээд найз нөхөдтэйгээ нийлээд ийм хэрэгт холбогдох, залуучуудад уруу татагдах байдал ажиглагдаж байна.

-Хар тамхи мансууруулах бодисонд донтсон иргэдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Цагдаагийн байгууллагаас авдаг арга хэмжээ гэж байдаг. Хуульд зааснаар нэмэлт ял буюу албадан эмчилгээ хийлгэх ял бий. Манай улсад яг үүнийг эмчилдэг, стандартын шаардлага хангасан эмнэлэг хараахан байхгүй байна. Тэгэхээр энэ төрлийн ялыг шүүхээс оноохгүй байгаа гэсэн үг. Бидний бодлого бол хүнийг барьж аваад яллаад байх нь гол биш, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх ёстой. Мөн нэгэнт хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай болсон этгээдүүдийг эмчилдэг байх шаардлагатай гэж үздэг. Эрүүл мэндийн салбарынхны хэлж буйгаар эмчилгээний өртөг өндөр байдаг гэсэн. ДЭМБ-ын судалгаанаар тав орчим хувь нь эмчлэгдэх боломжтой, бусад нь эмчилгээ хийлгэх боломжгүй гэдэг юм билээ.

-Манай улсад хар тамхи, мансууруулах бодисны хамааралтай иргэд хэр олон байна вэ. Ямар нэгэн судалгаа бий юу?

-Төрийн болон төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаанаар янз бүрийн л тоо гардаг. Зарим нь 74000 байнгын хэрэглэгч байна гэхэд зарим нь 90000 хэрэглэгч бий гэдэг. Харин цагдаагийн байгууллагын хийсэн сүүлийн арав гаруй жилийн судалгаанаас үзэхэд байнгын 5000-8000 хэрэглэгч байна гэсэн тоон мэдээ байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчлан судалсан зүйл байхгүй. Судалгааны арга тактик маань манай Монголын нөхцөлд тохирч байна уу гэдэг нь тодорхойгүй л дээ. Нэг хүний ард тэдэн хэрэглэгч байдаг гээд үржүүлээд гаргавал их тоо гарах байх. Хар тамхийг судалдаг дэлхийн хэмжээнд нотлогдсон судалгааны арга барилаар хийсэн судалгаа хараахан байхгүй байна.

-Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог. Нэг хэсэг манай улсыг дамжуулагч орон гэдэг байсан бол одоо хэрэглэгч орон болсон уу?

-Олон улсын хар тамхитай тэмцдэг байгууллагуудын үзэж буйгаар Монгол Улс хэрэглэгчийн жагсаалтад орсон гэдэг зүйл яригдаж байна. Дэлхийн хоёр том зах зээл манай хоёр талд байна. Миний мэдэж буйгаар 2010 оны үед ОХУ-ыг 10 гаруй сая хэрэглэгчтэй боллоо гэж байсан. БНХАУ бол үүнээс ч их. Энэ хоёр том гүрэнтэй харьцуулахад манай тоо бага мэт боловч гурван сая хүн амдаа тооцоод үзэхэд маш өндөр үзүүлэлт. Монголчууд юманд амархан дасан зохицдог учраас хар тамхины хамааралтай болвол аюулгүй байдал талаасаа хэцүү нөхцөл байдалд орно. 

-Тэгэхээр хар тамхитай тэмцэхийн тулд яах ёстой вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухал байх, тийм үү?

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай цагдаагийн алба хаагчид авч байгаа. Мөн устгал гэдэг арга хэмжээг сүүлийн гурван жил явуулж байгаад өнгөрсөн жилээс төсөв мөнгөний асуудлаас болж зогссон. Монгол Улсад олсны төрлийн ургамал 10 гаруй мянган га газарт ургадаг гэдэг нь тогтоогдсон. Хүүхэд, залуучуудын түүдэг газруудыг нь тогтоогоод устгал хийдэг байсан. Мөн их дээд сургуулиудын оюутнуудад энэ төрлийн бодисын хор уршгийн талаар яриа, танилцуулга хийдэг. Урьдчилан сэргийлэх ажлыг ийм л төвшинд явуулж байна. Урьдчилан сэргийлж байна гээд хүмүүсийг барьж, хориод байвал хар тамхитай тэмцэх ажил маань үр дүнд хүрэхгүй гэж боддог. Үүнийг ганц цагдаагийн байгууллага хийх боломжгүй л дээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар их олон байгууллага хамтарч ажиллан, Үндэсний хороотой байж тэр хороо нь энэ олон байгууллагуудыг нэгтгэж, зангидаж байж үндэсний хэмжээнд яригдах учиртай. Монгол Улс 2000-2005 онд  Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөртэй байсан. Хөтөлбөр хэрэгжиж дуусаад нэг хэсэг зогссон. Одоо хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хөтөлбөрөө боловсруулаад дууссан, удахгүй батлагдах байх. Мөн эрүүл мэндийн байгууллага хар тамхитай тэмцэх хэрэгтэй болох байх. Цагдаагийн мөрдөн байцаагч очоод хүнд эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг нь яриад зогсохоор эмч, эмнэлгийн ажилтан шиг бүрэн гүйцэд тайлбарлаж чадах уу, үгүй юү. Мөн устгал хийх ажлыг ганц цагдаагийн алба хаагчид хийх ёстой юу эсвэл ХХААХҮЯ, БОАЖЯ, МХЕГ-ынхан хийх ёстой юу гэдэг асуудал яригдаж, энэ олон байгууллагуудын уялдаа холбоогоор л энэ ажил үр дүнд хүрнэ.

-Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээврэлсэн, борлуулсан тохиолдлуудад эрүүгийн хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэж байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. СОЕН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛД ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙ БОЛ ДАРАА НЬ ИХ Л ОЛОН НУГАЛЖ ТӨЛӨНӨ ДӨӨ

    0 0 Хариу бичих
  2. Хар тамхи мансууруулах өвс зардаг этгээдүүдийг барьж хатуу шийтгэл өгөх нь асуудлыг шийдэх аргын нэг.Тэд эцэг эхийн нэг нь байхгүй буюу эцэг эх нь завгүй нэрийдлээр хүүхдэддээ анхаарал тавьдаггүй ,гадуур дэмий тэнэх дуртай хүүхдүүдийг уруу татдаг аргатай.

    0 0 Хариу бичих
  3. Uls yaduurhaar buh l muu muuhai yum tsetseglene. Ene bol yamarch arga bhgui. Haraal idsen mongo idsen hulgaichuud ta nar deer udahgui hariu chiny buuh bolno. Ter ued oilgoson ch oroitoh vii. Unench bai lalaruud miny

    0 0 Хариу бичих
  4. Шударгаар хэлье. Ганц арга байна. Хүүхдээ 18 хүрсэн бол хааяа ганц шил юм хуваагаад уучихаж бай. Хүүхэдтэйгээ найз шиг бай. Тэхгүй бол болохгүй нь. Бас архин дээр улсаас зөвшөөрөгдсөн нас сүүдэрт хүрсэн бол хүүхдээ чөлөөтэй уулгаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцаар уусаар бүрмөсөн архичин болно. эсвэл тэр муухай юманд орчихно

    0 4 Хариу бичих
    • Ёстой ухаангүй амьтан уу үгүй юу

      1 0