Б.Цэендэлэг: Ач хүү маань өвөөгийнхөө тулалдаж явсан Халхын голд ажиллаж байгаа

Г.Сонинбаяр


Баатрын гэргийд хүндэтгэл үзүүлэв

Бид Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийнхыг зорин очиж баатрын гэргий Б.Цэендэлэг гуайд хүндэтгэл үзүүлэхээр Баянхошууг зорилоо. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчдын “Хилчин” хотхонд баатрын гэргий тохилогхон аж төрдөг юм байна. Биднийг очиход хүүхдүүд нь бүгд ажил, сургуульдаа явчихсан хөгшин гэртээ ганцаараа байлаа. Ерэн насны босго хэдийнэ давсан гэхэд ануухан сайхан буурай ажээ. Өглөөнөөс хойш очно гэж хэл дуулгасан болохоор Б.Цэендэлэг гуай биднийг нэлээд хүлээсэн гэнэ. “Хүүхдүүд ирлээ” хэмээн идээ будаа, цай цүй болоод явчихав. Гал тогоо, зочдын ширээ хоёрынхоо хооронд жирийтэл гүйх аж. Ийнхүү цай, идээ дөхүүлэх зуураа “Би уг нь гадаа гараад дэлгүүр хоршоо орчихдог байсан юм. Энэ жил чадахаа байсан. Таван давхар маань цахилгаан шатгүй болохоор дээш доош явах нь амаргүй шүү” хэмээн ярилаа.

“Сүлдэт багана” хилчдийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагва, тус холбооны гүйцэтгэх захирал Б.Тулаабаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Болор нар хилээс төрсөн баатрынхаа гэргийд хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг болгон сар шинийн тавгийн идээг нь хүргэж ирсэн нь энэ. Хилчдийнхээ залгамж баатарлаг дайчин уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, ахмад үеийн хилчдийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүлдэт багана” хилчдийн холбооныхон ахмад хилчид, тэднийхээ ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Улаагчин тахиа жилийн сар шинийн босгон дээр тэд улсын баатрынхаа гэргийг зорин ирсэн нь бүр ч утга учиртай сайхан хэрэг байв. “Сүлдэт багана” хилчдийн холбооныхон гарын бэлэг сэлтээс гадна нэгэн өвөрмөц бэлэгтэй ирсэн нь Д.Гуулин баатарт зориулсан дуу байв. Ахмад хилчин Ш.Доржбалын шүлэг, Т.Ганболдын аялгуу “Мартахгүй” хэмээх дууны үгийг Д.Гуулин баатрын зургийн хамт жаазлан гэргийд нь дурсгасан юм. Б.Цэендэлэг гуай ихэд баярлан “Манай нэг хүүхэд гайгүй дуулдаг юм. Түүгээрээ энэ дууг нь дуулуулна аа” хэмээн өгүүлсэн. “Сүлдэт багана” хилчдийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагва “Бид хилийн цэргийнхээ 14 баатрыг олон түмэнд сурталчлан таниулах зорилготой. Энэ үүх түүхийг, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдаж явсан тэр хүмүүсийг хойч үе, залуучууд мартах ёсгүй. Ийм сайхан буурайтай уулзаж байгаадаа баяртай байна. Бид ингэж уулзаж байгаа нь Д.Гуулин баатрынхаа алдар гавьяаг олон түмэнд дахин хүргэх зорилготой” хэмээн ярилаа.  

Биднийг очно гэж дуулгангуут хөгшин багагүй бэлтгэжээ. Өвгөнийхөө тухай номыг гаргаад ширээн дээр тавьчихаж. Д.Гуулин баатрын мэндэлсний 100 жилийн ой өнгөрсөн 2016 онд тохиож үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, нутаг орныхон, хил хамгаалах байгууллагынхан нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ойн хүрээнд нутаг орноос нь санаачлан Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийн намтар түүхийг ном болгон хэвлүүлсэн юм байна. Уг номыг төрөлх нутаг Говь-Алтай аймгийн Цогт сумынх нь бүрэн дунд сургуульд багшилдаг, Д.Гуулин баатрын ахынх нь хүү голлон эрхэлж эмхэтгэсэн гэдгийг Б.Цэендэлэг гуай хэлнэ лээ. Сайхан ном гарчээ. Баатрын бага нас, ээж, аав, ах дүүс, үр хүүхдүүд, эр цэргийн албанд мордсон үе, Халхын голын дайнд оролцож гарамгай гавьяа байгуулсан, энх цагт улс нийгэмдээ хөдөлмөрлөсөн гээд л амьдралынх нь бахархам намтар түүхийг нэг нэггүй өгүүлжээ. Уг номыг эргүүлж тойруулангаа Б.Цэендэлэг гуайтай хууч дэлгэлээ.  

Айхыг мэддэггүй баатар, сум гээдэггүй мэргэн бууч

Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулин бол Монгол Улсын хил хамгаалах байгууллагаас төрсөн 14 улсын баатрын нэг юм. Тэрээр 1916 оны  хавар тухайн үеийн Засагт хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн нутаг Тогоот-Улаан хэмээх газар ядуу эмэгтэй Дэчингийн Нанжидын гуравдугаар хүү болон мэндэлжээ. Цөөн малтай, ах дүүсийнхээ хаяаг бараадан амь зуудаг өрх  толгойлсон ядуу бүсгүйн хүүхдүүд тусад ормогцоо айл айлд зарагдан, мөн ан ав хийж сурцгаан, мөр бүтэн гэдэс цатгалан амьдрах болжээ. Ийнхүү Д.Гуулин хүү хар багаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж хэрсүүжин хатуужжээ. Ээж нь хожим нутгийн залуу дархан Дүгэр хэмээх нөмөр түшигтэй эртэй ханилан суусан байна. Ингээд Гуулин хүү хойт эцгээрээ овоглосон ажээ. Зүүн хил хязгаар түгшүүртэй байсан 1937 оны хавар 21-хэн настай залуу эр Д.Гуулин цэрэгт татагдан Халхын голын 24 дүгээр отрядын Сүмбэрийн долдугаар заставт хуваарилагдан хөнгөн пулемётын наводчик  болжээ. Хар багаас ан гөрөө хийж, мэргэн буудаж сурсан нь хэрэг болж тэрээр цэргийн эрдэмд гарамгай суралцан олон удаагийн тулгаралтад гавьяа байгуулан онц хилчин, мэргэн буудагч болсон байна. Халхын голын Сүмбэрийн долдугаар застав тухайн үед Хулд уулаас Бүрд овоо, Шилийн худаг хүртэлх Халхын голын голдирлын дагуух 65 километр өргөн зурвас газрыг хамгаалдаг байв. 

1937-1939 оны хооронд Халхын голд 30 гаруй удаагийн томоохон тулгаралт байлдаан болоход Д.Гуулин баатар бараг бүгдэд нь оролцож, онц чухал, амь дүйсэн хүнд даалгавруудыг ганцаар болон  нөхдийн хамт амжилттай биелүүлж байжээ. Тэрээр Сүмбэрийн заставын дарга, Монгол Улсын баатар П.Чогдонгийн удирдлага дор Халхын голын дайны эхнээс дуустал үүрэг гүйцэтгэсэн аж. Байлдагч Д.Гуулин заставын дарга П.Чогдонгийн хамгийн тулгамдсан үед хүнд хэцүү даалгаврыг биелүүлдэг шилдэг гурван байлдагчийнх нь нэг байсан гэдэг. Энэ нь архивын материал болон П.Чогдон баатарын яриа, дайчин нөхдийнх нь дурсамжаар нотлогддог ажээ. Тэрхүү шилдэг гурван байлдагч нь Улсын баатар Н.Жамбаа, Д.Гуулин, эх оронч М.Гаасүрэн нар байв. П.Чогдон баатар дурсахдаа “Байлдагч Гуулин гайхалтай мэргэн бууддаг, ямар ч үед тэвдэж сандардаггүй, айхыг мэддэггүй, олон таван үггүй, өндөр сахилга баттай, өлчир чийрэг цэрэг байсан. Хамгийн хүнд цэгт энэ цэрэг зогсдог байлаа. Гуулин манай заставын онц буудагч бөгөөд ганц сум газар гээдэггүй хүн дээ. Манайхан түүнийг 400 метр дотор япон цэргийн төмөр малгай алддаггүй гэж бахархцгаадаг байлаа” хэмээн дурссан байдаг. 

Нэг удаа байлдагч Халтар дайсанд олзлогдож, заставын нөхөд нь түүнийг чөлөөлөхөөр давшилтад оржээ. Энэ тулгаралтад дайсны нэг пулемёт дээр солигдон очсон дөрвөн хүнийг Д.Гуулин ээлж дараалан төмөр малгайг нь цоо буудан устгаж, анд нөхрөө амжилттай чөлөөлөн авч байжээ. Мөн 1939 оны тавдугаар сарын 14-нд Сүмбэрийн заставын найман хилчин дайсны 600 гаруй морин цэрэг, 13 машин явган цэрэгт бүслэгдэн хагас өдөржин байлджээ. Эцэстээ манай дайчид сумаа ашигтай зарцуулахын тулд Н.Жамбаа, Д.Гуулин, Лувсандамбаа гуравтаа бүх сумаа шавхан өгч буудуулаад, эцэст нь гранатуудаа дэлбэлэн морин атакаар дайран бүслэлтийг сэтлэн зургаа нь амьд мэнд гарч байжээ. Энэ тулалдаанд Д.Гуулин баатар нөхдөөсөө авсан 20 сумнаасаа нэгийг ч гарздалгүй мэргэн буудаж, энэ нь дайсны зүрхийг үхүүлж, зоригийг мохоосон байна. 

Түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан улсын баатар Н.Жамбаа “Дайны хүнд хэцүү үед тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг, мэргэн бууддаг, айхыг мэддэггүй цэрэгтээ дарга хүн илүү хайртай. Бас хамт тушаал биелүүлэхээр авч явах дуртай байдаг. Манай Гуулин яг тийм цэрэг байсан. Би гуравдугаар тасгийн дарга. Манай тасгийн хамгийн гарамгай байлдагч нь Гуулин яах аргагүй мөн. Бид хоёр нэг удаа хамт харуулд гарч байхад хагас километрын цаана дайсны нэг машин явж байгаа харагдахад би жолоочийг нь бууд гэсэн тушаал өглөө. Манай хүн ч буудсан, машин ч  зогссон. Очоод харахад жолооч нь хоёр гараа ташраар нь буудуулсан байж билээ. Миний багцаалан бодож байгаагаар хүн бүрийн устгасан дайсан, дайсанд учруулсан хохирлыг нь тус тусад нь тооцдогсон бол Гуулин заставтаа лав тэргүүлэх байсан. Тэрээр 100 гаруй дайсныг устгасан хүн” хэмээн дурсчээ. 

Нэг удаа Н.Жамбаа, Д.Гуулин нар дайсны фронтын ард үлдсэн заставын нөхөддөө галын шугамаар нэвтэрч ар талтайгаа холбогдон хоол хүнсээр хангах онц чухал амь дүйсэн даалгаврыг биелүүлжээ. Тэд 50 гаруй хонь тууж, хоёр богц дүүрэн тамхи аваад буцаж галын шугам нэвтрэхдээ арав гаруй хонио алуулж амжилттай даван гарч байсан гэдэг. Энэ мэт эрэлхэг баатарлаг гавьяагаа үнэлүүлж Д.Гуулин баатар Халхын голын дайны галын шугам дээр 1939 оны тавдугаар сард Байлдааны гавьяаны улаан тугийн одон, “Хүндэт чекист” цол, тэмдгээр шагнуулж байв.  

Д.Гуулин баатар 1943 онд цэргээс халагдаж ирээд нутгийн бүсгүй Б.Цэендэлэгтэй гэр бүл болсон. 1958 онд Говь-Алтай аймгийнхаа Цогт сумын “Давшилт” нэгдэлд элсэн 32 жил тасралтгүй хонь хариулжээ. Ингэхдээ дайны баатар маань энх цагийн бүтээн байгуулалтад ч бас хөдөлмөрийн баатрын энтэй амжилт гаргажээ. Тэрээр сумынхаа хөдөлмөрийн аваргаар хоёр удаа, энх сүрэгтэн өрхөөр дөрвөн удаа шалгарч байсан нь үүний гэрч юм. Мөн Д.Гуулин баатар мэргэн буудагч, сайн анчны хувьд сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн төлөвлөгөөг биелүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байв. Ер нь Д.Гуулин баатрынхан ах дүүсээрээ анч улс байв. Ууган ах Мандал нь 60 гарсан хойноо ч харсан ангаа алдалгүй авладаг, ангаас ганзага хоосон ирдэггүй хүн байв. Ах Танзар нь мөн олон жил гадаадын анчдын отогт анчин, газарчнаар ажилласан байна. 

Эрэлхэг хилчин Д.Гуулингийн Халхын голын байлдаанд гүйцэтгэсэн гавьяаг үнэлж 1973 онд БНМАУ-ын баатар цолоор шагнажээ. Тэрээр ийнхүү Монгол Улсын 31 дэх баатар болсон байна. Түүний гавьяаг мөнхжүүлж Засгийн газрын тогтоолоор 1996 онд Цогт сумын бүрэн дунд сургуулийг, 1998 онд Алтай сум дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийг Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит болгосон байна. 2000 онд Цогт сумын бүрэн дунд сургуулийн 60 жилийн ойгоор Д.Гуулин баатрын хөшөөг нэрэмжит сургуулийнх нь өмнө сүндэрлүүлжээ. Энэ мэт бахдам сайхан түүхийг нь сөхөн Д.Гуулин баатрын гэргий Б.Цэендэлэг гуайтай хуучилснаа уншигчдадаа хүргэе. 
    
Өвгөн минь улсын баатар болоод л ан хийх, малын амь таслахаа байсан

-Баатар та хоёр нэг нутаг усны улс уу?

-Тийм. Бид хоёулаа Говь-Алтай аймгийн Цогт сумын улс. 

-Та хоёр хэдэн онд айл гэр болсон бэ. Дайнаас хойно уу?

-Дайн дуусч, цэргээс ирснийх нь дараа бид айл гэр болсон. Тэгэхэд би 19-тэй, манай хүн 29-тэй байлаа. Өвгөн минь надаас арав ах хүн байсан. Бид нэг нутгийн улс хойно хар багаасаа л биеэ мэднэ. Өсөхөөс эхлээд л мал малласан улс даа. 

-Халх голын дайнд оролцсон үеийнх нь тухай та хэр мэдэх вэ. Танд ер нь ярьдаг байв уу?

-Тэрийг нь би сайн мэдэхгүй. Мэддэг, дуулсан сонссон юмаа бүгдийг номд нь оруулсан. Зарим түүхийг нь би буруу ойлгоод явсан юм билээ. Малаа тууж яваад Японы жолоочийг олзолж, хоёр гарыг ард нь хүлээд авчирч байсан гэдэг байсан. Гэхдээ сүүлд сонсох нь ээ мал ч туугаагүй юм билээ. Н.Жамбаа баатартай хоёул явж байгаад япон жолоочийг олзолж ирсэн гэсэн. Өвгөн дайн дуусахын яг урд өдөр нь шархдаад хойшоо Орос руу эмчлүүлэхээр явсан. Тэгсэн чинь маргааш нь дайн зогсчихсон гэдэг. Их хүнд шархадсан юм билээ. Бараг л үхье гэж бодож байсан гэсэн. Тэгэхэд нь орос эмч тэгж болохгүй гэдэг байж. Тэр орос эмчийн хүчинд л хүн болсон гэдэг байсан. Хэвлээр нь сум ороод гэдэс нь 18 тасарсан. Тэгээд тэр тасарсан гэдэснийх нь арвыг нь авч хаяад, наймыг нь залгасан гэдэг юм. Түүнээсээ болоод хоол унд шингэх нь муухан л хүн байсан даа.

-Цэргээс халагдаж ирснийхээ дараа баатар маань нутагтаа ирээд ямар алба хашиж байв?

-Тэр үед цэргийн хугацаа таван жил байлаа. Халхын голд байлдаад ирсэн гээд л нутгийнхан ярьдаг байлаа. Өвгөн маань дайнаас ирээд нутагтаа алба хашсан юм байхгүй ээ. Бид айл гэр болоод л хоёулаа нутагтаа мал л малласан. Анх амины малтай байгаад сүүлдээ нэгдлийн мал малласан. Хоёулаа нэгдлийн гишүүн болсон. Манай Цогт суманд “Давшилт” нэгдэл гэж байсан. Тэндээ л мал маллаж байгаад бурхан болсон доо.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охинтой айл. Одоо хоёр охин маань л Дарханд амьдарч байна. Ач, зээ нар зөндөө. Би нэг зээгээ багаас нь өөр дээрээ авсан. Тэр зээтэйгээ л амьдарч байна. Зээ маань эхнэр, хүүхэдтэй болсон. Гурван хүүхэдтэй. Ингээд л зургуулаа амьдарч байна. 

-Гуулин баатар ах дүү олуул уу?

-Эхээс бол наймуулаа. Нэг эцгээс дөрвүүл, өөр эцгийн дөрвөн дүүтэй хүн. Одоо Баянхошуунд нэг дүү нь байна даа, ная гарсан хөгшин бий.  

-Баатар маань ямар хүн байв. Тэр их хүнд ширүүн тулалдаанд дайн тулаад оролцож байсан хүн сэтгэл санааны хувьд хүнд л байсан байх даа?

-Их тайван. Барагтай бол дуугардаггүй. Сайн юм болж байсан ч дуугардаггүй. Муу юм болж байсан ч дуугардаггүй л хүн байсан. Яриасай, дуугараасай гэхээр огт дуугарахгүй шүү.

-Д.Гуулин баатар хожим өөрийн тулалдаж явсан Халхын голд олон очсон байх. Та цуг явж байв уу?

-Би нэг удаа дагаад цуг явсан. Халхын голд очиж байлдаж байсан газруудаар нь явсан. 

-Сэтгэл нь их хөдөлж байв уу?

-Тэгэхэд Н.Жамбаа, С.Төмөрбаатар зэрэг улсын баатруудын гэр бүлийн улс цөм байсан. Гэр бүлийнхэн нь бид нэг машинд суугаад, баатрууд маань нэг машинд тусгай суугаад л явж байсан. Дайнд оролцсон тухайгаа огт ярихгүй. Хүнд л ярьж байхыг нь хааяа сонсдог байсан. Хамар даваанд хэдүүлхнээ, тун цөөхүүлээ агтан дээр байж байхад нь Японы таван онгоц ирж бөмбөгдөөд сүйд  хийх дөхсөн гэдэг. Тэр онгоцнуудыг буудах гэсэн буудаж болоогүй гэдэг. Нуугдах газар олдохгүй болохоор нь гал зуух руугаа орж байж амь гарч байсан гэж ярьж байсан. Онгоц яваад өнгөрөхөд гараад харсан чинь мал хунарыг нь хядаад хэцүү юм болгочихсон байсан гэдэг. Тэгэхэд маршал Г.К.Жуковын арми ирж байж тусалсан гэж ярьж байсан. 

-Улсын баатар цол хүртээд их баярласан байх даа? 

-Тэгэхэд хөдөө байсан. Өвгөн их ан хийдэг хүн байсан. Тарвага, гөрөөс энэ тэр их агнана. Амьдралдаа нэмэр болгоно. Улсын баатар болж ирээд ёстой ангийн өөдөөс буу шагайхаа больсон. Тэр бүү хэл мал ч нядлахаа байсан. 

-Цуг байлдаж байсан нөхдөө хэр ярьдаг байв?

-П.Чогдон баатар хамгийн том дарга нь. Тэднийхээ  тухай хүнд л ярьж байхад нь алдаг оног сонсоно уу гэхээс өөрөөр нь яриулж байсангүй. Тэгээд зав нь ч болохгүй. Малчин хүн чинь малдаа яваад л, хэдэн малтайгаа зууралдаад л таарна. 

-Хүүхдүүд, ач зээ нараас тань аав, өвөөгийнхөө үйл хэргийг залгамжилсан цэргийн хүмүүс гарав уу?

-Бараг байхгүй ээ. Нэг том хүү хотод тусгай хороонд алба хаасан. Гурван жилийн цэрэгт явсан юм. Ач, зээ бол олон. Тэднээс нэг хүүгийн хамгийн бага банди нь Дорнодын цэргийн ангид, Халхын голд гэрээт цэргээр ажиллаж байгаа. Тэр хүү л өвөөгийнхөө байлдаж байсан ангид орно гэж байж уржнан тийшээ явсан. Уг нь Алтайн цэргийн ангид байж байгаад тэндээсээ явсан юм. 

-Та хотод суурьшаад удаж байна уу?

-Өвгөнөө өөд болсны дараа 1990 хэдэн онд хотод ирсэн. Өвгөнийг байхад нь дүү нь хэлдэг л байсан. Хотод ир, байр ав энэ тэр гэж. Өвгөн ёстой дургүй. Тэгээд бурхан болсных нь дараа манай хүргэн энд ир гээд л хотод ирсэн. Дайнд оролцсон улсын баатруудын ар гэрээс бараг ганцаараа л би хоцорсон бололтой байдаг юм. 

-Сар шинээр шинэлгээ өргөн болно биз. Ач, зээ нар ирээд бужигнадаг байлгүй?

-Тэгнэ. Сар шинээр манайх гэдэг айл хөл хөдөлгөөн их. Хүүхдүүд бүгд ирж золгоно. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Сайхан буурайдаа эрүүл энх,урт удаан насыг ерөөе, сайхан шинэлээрэй .

    0 0 Хариу бичих
  2. yamar shan yum be, iim undur nasalj ur ach zee guchaa uzne gj. est l iim buurai nar deer hul tasardaggui bh da

    0 0 Хариу бичих