Доминиканы боксчин хэдий олон ялалттай, үзүүлэлт өндөр ч дэлхийн чансаанд 59 дүгээрт бичигдэж байгаа боксчин. Харин Жон Жемино цөөн тоглолт хийж, олон ялагдсан ч гэсэн дэлхийн чансааны 33 дугаарт эрэмбэтэй
МУГТ Н.Төгсцогтын найм дахь тулааны тов зарлагдаж, ирэх сарын 12-ны өдөр “Аянга” хочтой Доминиканы боксчин Энифел Эстебан Висентетэй тулалдана гэсэн мэдээлэл гараад байсан. Мөн гурван тулаан хийсний эцэст энэ оны сүүлээр дэлхийн аваргын бүсний төлөө тоглох чихэнд чимэгтэй мэдээ ч түгсэн юм. Тэгвэл гавьяатын маань ээлжит өрсөлдөгч солигдож, тоглолтын тов наашилсан байж болзошгүй мэдээлэл Boxrec.com-д тавигджээ.
Түүнд манай боксчныг энэ сарын 25-ны өдөр буюу нөгөөдөр Алабама мужийн Бирмингем хотын Легаси аренад Филиппиний боксчин Жон Жеминотой тулалдана гэсэн мэдээлэл тавигджээ. 1992 онд төрсөн, энэ жил 25 настай энэ боксчин мэргэжилд 23 тулаан хийхдээ 15 ялж, долоо ялагдан нэг тэнцсэн амжилттай юм байна.
Өмнө нь манай тамирчинтай тоглоно гэгдэж байсан Доминиканы боксчин Энифел Эстебан Висенте мэргэжилд 30 ялж, гурав ялагдан, хоёр тэнцсэн нэгэн байсан юм. Гэхдээ бокс сонирхогчдодоо хандаж хэлэхэд, өрсөлдөгч нь муудчихлаа, аваргын бүсний төлөө тоглох хугацаа хойшлогдох нь гэж санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл Доминиканы боксчин хэдий олон ялалттай, үзүүлэлт өндөр ч дэлхийн чансаанд 59 дүгээрт бичигдэж байгаа боксчин. Харин Жон Жемино цөөн тоглолт хийж, олон ялагдсан ч гэсэн дэлхийн чансааны 33 дугаарт эрэмбэтэй юм байна.