“Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалт болно

“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт өнөөдөр Корпорейт Конвеншн зочид буудалд болно. Тус чуулганыг “Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбоо”-ноос санаачлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт болох бөгөөд “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн дэлгэгдэх юм байна.

Мөн Засгийн газрын цаг, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг болох аж.

Түүнчлэн эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ