Ц.Мөнх-Оргил: БНХАУ ОУВС, АХБ, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ болон БНХАУ–д ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ОХУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар хэлэхдээ “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ онд ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Энэ айлчлалын бэлтгэлийг хангах зорилготой байсан. Ямар ч байсан энэ оны эхний хагас болж өгвөл эхний улиралд багтаан албан ёсны айлчлал хийлгэхээр болж тохирсон” гэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг айлчлал хийх үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийг тохирсон байна. Тодруулбал, төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар ярилцаж, гарын үсэг зурахаар болжээ. Мөн байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр тохирсон байна. Мөн эрчим хүчний салбарт ерөнхий хэлэлцээр хийхээр ч тохирчээ. ОХУ-тай Эгийн голын УЦС-ын талаар дэлгэрэнгүй ярилцаж, Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо. Энэ хүрээнд Эгийн голын УЦС, Шүрэн голын УЦС баривал Байгал нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг хамтарч судлах эрдэмтдийн ажлын хэсэг гаргахаар болжээ. Хоёр улсын эрдэмтдийг III,  IV, V сард ажиллуулж, хурал семинар зохион байгуулаад тэдний дүгнэлт дээр үндэслэн асуудлаа шийдэхээр тохирсон байна.

Харин БНХАУ-д хийсэн хоёр өдрийн айчлалынхаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Миний айлчлалын гол зорилго бол энэ оны III, IV сард урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан. Юуны өмнө “Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зинпингийн урилгаар оролцохоор боллоо. Манай талаас БНХАУ-аас Монголын түр зуурын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэгээ үзүүлнэ. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал огт хөдлөөгүй байгаа. Түүний шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, барилгажууаллтын явцад тухайн бүсийн иргэдийг амьдруулах 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэхжүүлэхэд зориулна гэдгээ илэрхийлсэн”  гэлээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Таныг ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл явсан. Энэ үнэн бодитой мэдээлэл үү?

-Энэ ор үндэслэлгүй мэдээлэл. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх үеэр ч энэ асуудлыг тодруулж асуугаагүй. Харин албан бусаар зоог барьж байхад С.Лавров сайд “Танайд “Эрдэнэт”, "Монросцветмет"-тэй холбоотой асуудал гараад байгаа юм уу. Манайхтай асуудал байна уу” гэж тодруулсан. Би хариуд нь, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улын Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” гэж хариулсан. Лавров сайд “За за, тэгвэл хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна. Ашгүй дээ” гэсэн. Ийм л яриа болсон.

-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банк хоёр тэрбум ам.долларын  своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдсан нь ямар учиртай юм бол?

-ОУВС-тай хийсэн тохиролцоон дотор “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төвбанктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон юм. Энэ асуудал дээр Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, сунгаж байгаа. Одоо хоёр банкны хооронд яригдаж хэлцлийнхээ хэмжээг жаахан нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ. Яг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана, судлаж үзнэ гэсэн хариултыг өгсөн.

-БНХАУ-ын талаас нийтдээ нийт хэдий хэмжээний ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?

-Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр тохирсон.

-Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөхдөө хоёр хөрштэйгээ хамтрах асуудлаар ярилцсан уу?

-Ярилцсан. ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төслүүд хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын тал үүнийг  маш сайн дэмжиж байгаа. Ялангуяа төмөр зам, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудал дээр манай улстай хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятадын талтай яригдаж буй томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг очиж холбогдох яриа хэлэлцээрийг хийнэ. У.Хүрэлсүх сайд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц гэсэн маш том салбаруудыг зангидаж, Хятадтай уул уурхайн, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугмуудын асуудлаар хэлэлцээр хийх юм. Ажлын хэсэг ирэх гуравдугаар сард, амжихгүй бол дөрөвдүгээр сард явна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Yamar muuhai hun be? Uhej bsan tsarai zustei amitan yumaa yana aa

    0 0 Хариу бичих
  2. Ene neg erguu yum gadaad yavdlin said gedgiig delhii toirch mungu gyih ajil gej oilgodog bololtoi Toirog deer yum hiihgui baij ih hurald songogdson ni haramsaltai

    0 0 Хариу бичих
  3. Удахгүй Эрдэнэбат халагдаж Хүрэлсүх ЕС болох юм байна.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ