Түүхийг өөрчилсөн гэрэл зургууд

Х.Батсайхан


Гэрэл зураг гэдэг өнөө цагт хүн бүрийн өдөр тутам хийдэг ажил, ердийн хэрэглээ мэт болжээ. Гэвч урлагийн энэ төрөл дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн байдаг. Бид энэ дугаараасаа эхлэн түүхэнд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирсан, хамгийн алдартай гэрэл зургуудыг цувралаар танилцуулахаар бэлдлээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хүн бүрийн санааг зовоож буй. Тиймээс хамгийн эхэнд байгаль орчны сэдэвтэй хоёр бүтээлийг онцолж байна. 

“The Tetons and the Snake River”

Ансел Адамс (1942)

Гэрэл зургийн урлагийг Ансел Адамсаас өмнөх ба хойш гэсэн хоёр хэсэгт ангилж болно гэдэгт ихэнх урлаг судлаач санал нэгддэг. А.Адамсаас өмнөх үед гэрэл зураг нь төдийлөн өргөн дэлгэрээгүй, өөрөөр хэлбэл, урлаг гэж хэлэгдэх төвшинд арай хүрээгүй байсан хэрэг. Харин Ансел болоод түүний үеийнхний хийсэн техник, арга барилын шинэчлэлтийн тусламжтайгаар одоогийн төвшиндөө хүрэх алхмаа хийсэн гэж үздэг.

А.Адамсын хувьд Хойд Америкийн онгон зэлүүд байгалийн зургийг ихэвчлэн авдаг байсан бөгөөд үүгээрээ байгалиа хэрхэн хамгаалах ёстойг америкчуудад зааж байлаа. “The Tetons and the Snake River” (1942) хэмээх дээрх зураг бол одоо Вайоминг мужийн нэрийн хуудас болсон Тетонсын дархан цаазат газарт орших Снейк голын зураг юм. Дархан цаазат газар байгуулагдах үйл хэргт энэ зураг шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Тэрээр чаддаг ажлаараа дамжуулан байгаль хамгаалах ажлыг өмнө нь ч хийж байсан бөгөөд 1936 онд Калифорнийн Кингс-Каньонд авсан зургуудаа Вашингтонд илгээж, тэнд Үндэсний дархан цаазат газар байгуулах ажилд дэм өгч байсан юм. Энэ бүхнээс харахад тэрээр сайхан зураг авч түүнээсээ таашаал аваад суух биш, үр дүнг нь үзэж чаддаг, нийгэмд нөлөөлөхийг хичээдэг хүн байсан гэдэг нь илэрхий. Түүний энэ арга барил бусад уран бүтээлчдэд “халдварлаж”, байгаль хамгаалах үйлсэд нөлөө үзүүлсэн гэдгийг тооцож ач холбогдлыг нь үнэлээд М.Адамсын бүтээлүүдийг “Эх дэлхийг аварсан зургууд” гэж нэрлэдэг бөлгөө.

Мандаж буй дэлхий

Уильям Андерс (1968)

Байгаль орчны сэдэвтэй хамгийн алдартай зургийг та бүхэн харж байна. Галт уулын өрх, гуу жалгаар дүүрэн сарны хөндий дээгүүр дагуулынхаа сүүдрээс аажимхан мандан гарч ирж буй дэлхийн дүрс энэхүү хальсанд буужээ. АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төв 1968 онд сарыг судлах зорилгоор Аполлон-8 хөлгийг хөөргөжээ. Нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтаж явсан Уильям Андерс гэгч сансрын нисэгч энэ гайхалтай зургийг авсан юм. Сонирхолтой нь хөлгийн багийн хийж гүйцэтгэх ёстой ажлын төлөвлөгөөнд сарны тойрог замаас дэлхийн гэрэл зургийг авах ажил байгаагүй гэдэг. 
Зураг 1968 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр авагджээ. Хөлгийн багийг ахалж явсан Фрэнк Борман анх олж харсан байна. Тэрээр хар цагаан хальсаар энэ гайхалтай агшны зургийг эхлээд авсан гэдэг. Зураг мэндлэх агшин хөлгийн дуу хураагуурт дараахь байдлаар бичигдэн үлджээ.

Борман:

Өө бурхан минь! Энэ зургийг хараач. Дэлхий дээшээ мандаж байна шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз.

Андерс:

Хөөе, хэрэггүй юм биш үү. Ажлын төлөвлөөнд ороогүй шүү дээ. 

Борман (инээж):

Жим, чамд өнгөт хальс байгаа юу?

Андерс: За алив, надад нэг ороомог өнгөт хальс аваад ир...

Андерс “Хэрэггүй юм биш үү, ажлын төлөвлөгөөнд ороогүй шүү дээ” гэдэг үгийг нэлээд шийдэмгий хэлсэн байдаг. Хэрвээ Борман хөлгийн багийг ахалж байгаагүй бол ертөнцийн нэгэн гоо сайхныг хүмүүс үзэж чадахааргүй болох байж. Зургийг Борманы тушаалаар өнгөт хальсаар У.Андерс анх авсан бөгөөд дараа нь багийн өөр нэгэн гишүүн Ловелл хоёр кадр дарсан байна. Энэ зургийг 1979 онд АНУ-ын Шуудан харилцааны газар марк болгон хэвлэжээ. 

Байгалийн гэрэл зураг авдаг хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Гален Родуэл “Мандаж буй дэлхий” зургийг хүрээлэн буй орчны чиглэлээр авагдсан хамгийн чухал ач холбогдолтой гэрэл зураг хэмээн үнэлсэн байдаг. Өөр бусад судлаачид байгаль хамгаалах хөдөлгөөнийг чухам энэ гэрэл зурагнаас үүдэлтэй гэж нотлохыг ч оролддог билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)