Б.Майнбаяр: Үлэг гүрвэлийн олдворыг мэргэжлийн бус хүмүүс эвдсэн байсан

С.Сосоржав


Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн палеонтологич, судлаач Б.Майнбаяртай ярилцлаа. 

-Цагдаагийн байгууллага хууль бусаар малтаж гаргасан үлэг гүрвэлийн олдвор илрүүлэн танай байгуулагад хүлээлгэж өгсөн тухай мэдээллийг бид аваад тантай уулзаж байна. Уг олдвор нь үлэг гүрвэлийн ямар төрөл байсан бол?

-Мэдээж ийм чухал олдворыг орон нутгийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн хүмүүст хэлэлгүй хууль бус малтлага хийсэнд харамсаж байна. Харин манай цагдаагийн алба хаагчид маш шуурхай ажилласны үр дүнд илрүүлэн бид шинжилгээ хийж үлэг гүрвэлийн олдвор болохыг тогтоосон. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутгаас ирж буй машиныг шалгаж байхдаа эвэрт үлэг гүрвэлийн толгойн яс бас нэг хэлхээ яс илрүүлсэн байсан. Энэ ажлыг Эрүүгийн цагдаагийн газрын хошууч Энхбат илрүүлсэн. Үлэг гүрвэлийн олдворыг мэргэжлийн бус хүн тэр бүр таних боломжгүй ч тухайн үед цагдаагийн албан хаагч бидэнд мэдэгдэж хамтран ажилласны үр дүнд үлэг гүрвэлийн олдвор гэдгийг тогтоосон. Тэдгээр олдворыг Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар болох Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших хожуу цэрдийн үеийн хурдас хуримтлалаас бүрдсэн Төгрөгийн ширээгийн олдворт газраас хууль бусаар малтсан гэж бид үзэж байгаа. Тэдгээрийг тогтоох аргыг бид сүүлийн жилүүдэд судалж, амжилттай хэрэгжүүлж хууль бусаар ухагдсан үлэг гүрвэлийн олдворыг хаанаас ухсан болохыг тогтоох боломжтой болоод байгаа. Ерөнхийдөө шинжлэх ухааны талаас нь тэдгээр үлэг гүрвэлийн нэр, төрлийг бид Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops, Нугас хошуут үлэг гүрвэл буюу Hadrosauridae-ийн 19,5см-ээс 14,5 см-ийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд гэж дүгнэлтийг хийсэн байгаа. Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жилийн хуримтлагдсан хурдас хуримтлал юм. Хадгалалтаасаа хамаараад нэн ховорт тооцогддог. 

-Хэрвээ олдворыг гадагш гаргах юм уу худалдсан бол хэдий хэмжээний үнэ хүрэх байсан бол. Энэ үнэлгээ, тооцоог танайх хийдэг үү?

-Үнэлж баршгүй л дээ. Хүн төрөлхтөн ямар нэг эд зүйлсийг чамирхлаас болж үнэ тогтоож байгаа юм. Бид бол үнэ тогтоох эрхгүй. 

-Хууль бус малтлагыг ер нь иргэд хэзээнээс эхэлж хийж ирсэн юм бэ?

-Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой. Иргэд хууль бус малтлага 1990-ээд оноос хойш их хийх болсон. Эхэндээ үлэг гүрвэлийн өндөг гэж хошуурч байсан бол сүүлдээ үлэг гүрвэлийн ясыг ухдаг болсон. Бүр сүүлдээ, гаднын улсуудын захиалгаар ч байдаг юм уу олдворын толгойг нь аваад явчихдаг тохиолдол их гардаг байсан. 

Маш олон палеонтологийн олдвор цуглуулга сүйтгэгдэж, хууль буй наймааны золиос болсон. Бидний сайн мэдэх Тарбозавр Батаарын асуудал бол үнэндээ эмгэнэлтэй үйл явдал болсон шүү дээ. Зохион байгуулалттайгаар, ялангуяа говийн аймгуудаар бүлэг болон  хууль бусаар малталт хийдэг хүмүүс ч цөөнгүй байна. Тэдгээр хүмүүс шинжлэх ухаанд хайртайдаа тийм ажил хийгээгүй нь тодорхой. Ашиг сонирхлын үүднээс л тэгж байгаа. Тиймээс хууль бус малтлага нь соёлын өвийн тухай хууль, хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэрэг юм. Сонин, хачин зүйл олдвол ашиг хонжоо харахдаа гол нь биш мэргэжлийн байгууллага, орон нутгийн дээд байгууллагад хандаж мэдээлэл хүргэж, хууль ёсны авран хамгаалах ажиллагааг зохион байгуулж, орон нутаг иргэний нэр хүндийг хамгаалж явах нь ёс зүйн хэрэг юм. Хууль бус малтлага бол хуулийн хариуцлага ногдуулдаг гэмт хэрэг гэж үздэг.

-Энэ олдворыг сэргээх боломж байна уу?

-Сэргээн засварлах, боловсруулах гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил. Тиймээс хугацааны хувьд удаан, бүрэн бүтний хувьд тийм ч төгс биш ч гэсэн засварлагдах боломжтой юм. Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн ясыг бол мэдээж мэргэжлийн хүмүүс малтлага хийгээгүй учраас маш их эвдэж сүйтгэсэн байдалтай бидний гарт ирсэн. Энэ нь үнэхээр харамсалтай. Ямар ч байсан бид боломжтой бүх арга хэмжээгээ авч тодорхой хугацааны дараа үр дүнг нь танилцуулах болно. Ер нь бол бүтнээр нь авч үлдсэн бол энэ дэлхийн үлэг гүрвэлийн судалгаанд үнэтэй олдвор болох байлаа. Иргэд маань энэ гашуун түүхээс сургамж авч дахин ийм үйлдэл бүү хийгээсэй. Хэрэв эртний амьтны олдвор олдсон тохиолдолд мэргэжлийн байгууллага, холбогдох орон нутгийн дээд байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаж байхыг анхааруулж байна. 

-Энэ олдворыг хэзээ малтаж гаргасан гэж үзэж байгаа вэ?

-Манай байгууллага Монгол Улсад байх эртний амьтан ургамлын судалгаа хийдэг цорын ганц мэргэжлийн байгууллага. Тиймээс бид хээрийн судалгааны ажлыг хийхдээ олон улсын төвшинд өндөр зэрэглэлтэй мэргэжлийн судлаач нартай хамтарсан экспедицийг ажлуулж ирсэн бөгөөд бие даасан хээрийн судалгаа явуулах шаардлага гардаг ч санхүү хөрөнгийн асуудлаас болоод тодорхой хугацаанд л судалгаа хийдэг. Харин тэдгээр хүмүүс бидний сиймхийг ашиглаад хавар ч юм уу намар ч юм уу ялангуяа говийн хөрсөн дээр ид өвлөөр ч  хасах 24-25 градус байдаг учир өвөл ч малтлага хийсэн ч байж магадгүй. Ухахдаа мэргэжлийн бус аргаар ухаж байгаа учраас хамгийн түрүүнд судалгааны гол үр дүнг үгүй хийдэг. Эртний амьтны судалгаа шинжилгээнд хамгийн чухал тооцогдох мэдээллийг үгүй хийснээр үндсэндээ судалгаанд хэрэглэх, ашиглахад үр дүнд маш муугаар нөлөөлөнө шүү дээ. Тиймээс хаанаас авсан нь тодорхойгүй бүрэн мэдээллийг нь үгүй хийсэн материалыг бид харьцуулах судалгаанд ашигладаг. 

Хууль бусаар малтлага хийгээд, тээвэрлээд эсвэл бариад ирэхээр хаанаас авсан, хадгалалт ямар байсан зэрэг мэдээлэл огт байхгүй болсон ирдэг юм. Тиймээс хууль бусаар малтуулахгүй байх хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд палеонтологийн дурсгалт газруудыг Соёлын өвийн тухай хуулийн дагуу улс аймаг, орон нутгийн хамгаалтад байх Палеонтологийн дурсгалт газар гэж үзээд хамгаалалтад авч байгаа. Мөн ЮНЕСКО-гийн Байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад хэд хэдэн газрыг оруулаад байна. 

-Энэ удаад эх  орондоо илрүүлсэн байна. Харин Тарбазавр батаар шиг гадаадад Монголын олдвор аль хэдийнэ гарчихсан тухай мэдээлэл танай байгууллагад ирдэг үү. Энэ тухай мэдээлэл байна уу?

-Тиймэрхүү зүйл олон байдаг. Хуулийн байгууллагаас гэхэд л хилээр гаргахыг завдсан олдворын тухай мэдээллийг бидэнд ирүүлж хамтран ажиллах хүсэлт тавьдаг. Үүнээс цаашлаад хууль бусаар хил давуулаад гадагшаа гарсан байна гэдэг бол эмгэнэлтэй. Тарбазавр Батаар гэхэд хажуугийн Хятадад ч биш, хаа байсан АНУ-д дуудлага худалдаанд оруулсан байдаг шүү дээ. Тийм хол газрыг яаж туулж, ямар аргаар очив гэдэг нь их сонин магадгүй тэр асуудлыг шалгаж байгаа байх л даа. Дараа нь манайхан дэндүү ихээр сурталчилсан байдаг юм. Ерөнхийдөө хууль бус аргаар малтагдсан тэгээд бүүр гадагш гарсан үнэт зүйлээ бид ямар ч судалгаагүйгээр, үндсэн мэдээллийг алдагдуулсан ШУ-ны нэрийг нь Т.батаар гэх мэтчилэн буруу сурталчилагааг их хийсэн л дээ.  

-Батаараас хойш хууль бус малтлага хийх нь ихэссэн гэсэн үг үү?

-Хоёр талтай л хэрэг болсон. Батаарын хэргийг хуулийн байгууллагаас шалгаад маш том хавтаст хэрэг болсон гэж сонссон. Хууль бусаар үлэг гүрвэлийн олдворыг ухаж гадагш гаргадаг нэг хэсэг бүлэг нөхөд байсныг шалгаж хуулийн байгууллагаас тэдний ухах сонирхлыг “дарж өгсөн” гэх үү дээ. Харин нөгөө талаар энэ үеэр улстөрчид маань мэргэжлийн байгууллагаа байхгүй юм шиг үзсэн тал бий. Яг үндсэндээ Монголынх гэдгийг батлах ажлын хэсэгт нь манай байгууллагын захирал, доктор Д.Цогтбаатар оролцож Тарбозавр гэдгийг нь баталж буцаах ажлыг нь хийлцсэн байдаг юм шүү. Бид ч тэгээд их даруу хүмүүс юм шиг байгаа юм.

-Монгол Улс энэ талын судалгаагаараа дээгүүрт ордог гэж сонссон. Хамгийн сүүлд хэзээ дэлхийн хэмжээний олдвор нээж илрүүлсэн бэ?

-Монгол Улс палеонтологийн судалгаагаараа, тэр дундаа үлэг гүрвэлийн олдвор, тэдгээрийн судалгаагаар дэлхийд дээгүүрт ордог. Монголчуудын ярьдгаар айргийн тавд ордог гэж хэлж болно. Олдворт газрууд 120-65 сая жилийн настай байгаа. Дорноговиос Говь-Алтай аймгийн нутгуудад тархсан үлэг гүрвэлийн олдвор олддог газрууд байна. Хүмүүсийн энгийн нүдээр харахад хэдийгээр нэг яс ч гэлээ хамгийн залуу нь 65 сая жилийн настай, асар их түүхийг хадгалсан байдаг. Нэг олдворыг олсноос хойш 15 хоногоос 3 жилийн хугацаанд судалж байж үр дүнгээ гаргадаг гэхээр маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг салбар л даа. 

Нэгэнт дэлхийн түүхтэй холбоотой судалгаа учраас дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж байж одоогийн үр дүнгээ олдог доо. Монголоос олдож байгаа олдвор бүр дэлхийн хэмжээнийх. Яагаад гэвэл үлэг гүрвэл судалдаг хэн ч байлаа бүтээлээ Монголынхтой харьцуулж байж үр дүн нь гардаг. Манай улсаас олдсон Үлэг гүрвэлийн хуруу, хумс ч бай жижигхэн гэлтгүй бүгд судалгааны чухал материал болдог. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)