-ГХЯ: Манжуурт зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлж байна-
БНХАУ-ын Манжуур хот руу зорчиж байсан манай улсын таван иргэн өчигдөр зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тэд тус улсын хилийн боомт Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд хөлсөлж явсан “Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ.
Хөлсөлж явсан “Toyota Pruis-20” маркийн автомашиныг нь том оврын ачааны машин мөргөж, жолоо барьж явсан хятад иргэн, таван монгол зорчигч иргэн газар дээрээ амьсгал хураажээ.
Ослын газар дээр цагдаа нар очиход нүд хальтирмаар дүр зурагтай байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Мөн бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр талийгаачид Өвөрхангай аймгаас бизнес аяллын мартшрутаар Манжуур хотыг зорьж явсан аж. Улмаар Хятадын хилээр нэвтэрснийхээ дараа Алтан-Эмээл боомтоос такси аваад зорьсон газартаа хүрэхээр явах замдаа ийнхүү осолдсон байна. Тэдний хоёр нь эхнэр нөхөр байсан бол хоёр нь багш мэргэжилтэй хүмүүс байсан гэнэ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, “Осол 15.00 цагийн орчимд БНХАУ-ын Алтан-Эмээлээс Манжуур орох замд гарсан. Хайлаар дахь Консулын газраас дээрх мэдээллийг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн даруйд эдгээр иргэний ар гэртэй нь холбоо барьж, ар гэрийнхэнд нь зохих дэмжлэг үзүүлж байгаа. Хайлаар дахь Консулын газраас хятадын талын цагдаагийн байгууллагатай хамтран хэргийн газар дээр очин ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
Уг ослын газарт БНХАУ-ын цагдаа нар, Дорнод аймгийн замын цагдаа нартай хамтран үзлэг шалгалт хийсэн аж.
Дашрамд сануулахад, 2016 оны зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аялалын шугамаар зорчиж явсан "90-67 УБА" улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус осолдсоны улмаас манай улсын хоёр иргэн нас барж, зургаан иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарч байв.
Түүнчлэн сүүлийн үед БНХАУ-д зорчиж байгаа Монгол иргэд авто осолд орох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул тус улсад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүллээ.