Бурханы орон Бодьгаяад бууж мордсон тэмдэглэл

Eagle.mn


Буяны зам бартаатай нь сайхан

Бурхан багшийн төгс гэгээрлийн хутгийг олсон Бодьгаяаг зорих шалтгаан минь энгийн мэт боловчиг урьд нэгэн насны ерөөл бизээ хэмээн сэтгэж, он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ном дагасан энэ удаагийн аяллаа эхэлсэн юм. Зураглаач О.Энхтуяа бид хоёр зураглаач Н.Адарсүрэнгээ эгнээндээ нэгтгэж, 2014 оны Монгол Сүнчойны үеэр Энэтхэг улсад танилцсан А.Амаатай нийлэн ханьсаж, шинэ жилийн баяр, саа чимэглэл, шагнал урамшуулал болсон гялгар нийслэлийнхээ утаан дундаас сугаран гарч аяны дөрөө харшуулав. Бид номын дуу сонсох, Дүйнхорын ванг сурвалжлах, “Ламын гэгээн-Монгол Сүнчой” ТББ-ын хэвлэл, мэдээллийг хариуцан ажиллах зэрэг олон шалтаг шалтгааныг олж, түүндээ урамшин байгаа мөнгөндөө тааруулан бартаат тойруу замыг сонгон, “Буяны зам бартаатай нь  сайхаан” хэмээсээр Энэтхэг улсыг зорьсон билээ. 

Бид Замын-Үүдийн чиглэлийн гал тэргэнд сууж, ургах нартай цуг эх орныхоо өмнөд хил дээр дөрөө мултлан, хилийн дээс алхан 8 цаг орчим давхисаар Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох жижигхэн зочид буудалд бууснаар хоёр дахь өдрийн аялал өндөрлөв. Оргилуун дарс буудуулан, 2017 оноо гүн хүндэтгэлтэйгээр угтан авсан дөрвөн монгол их гүрэн Хятадын нийслэл Бээжин хотын жижигхэн зочид буудалд бие биедээ зол жаргалыг ерөөсөөр нэгэн сайхан жилийг хамтдаа эхлүүлэв. Биднийг шинэ оны эхний өдөртэй хамт урт удаан сонирхолтой аялал хүлээж байлаа. Маргааш нь Хятадын Күнмин хотод үдэлж, Энэтхэгийн хуучин нийслэл Колката хотод шөнө дунд буув. Тэндээсээ машин хөлслөн 10 гаруй цаг давхисаар хүн зон холхилдож, тоос шороо нь бужигнасан ерөөлт газраа ирэв ээ. Бурхан багшийн дөрвөн их дагшин газрын нэг, Бурханы хутгийг олсон алдарт Бодьгаяад ийн буулаа. 

Номын дуунд баясмой 

Энэтхэг улсын Бихар мужийн Гаяа хот. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олсон их дагшин газар Бодьгаяа. Монголчууд Бодьгаяаг Дорждан хэмээнэ. Дээрхийн гэгээн XIV Далай багш “Дүйнхорын ван”-г өнөө жил 34 дэх удаагаа айлдаж байгаа завшаант цагаар ном хөтлөх зол тохиов. Энэ удаагийн “Дүйнхорын ван”-д дэлхийн 85 орны 200 орчим мянган хүн шимтжээ. 300 гаруй мянган мандат олгогдсон боловч, Хятад улс зарлиг тогтоомж гаргаснаар тус улсаас оролцохоор эрхийн бичгээ аваад байсан 100 гаруй мянган хятад, төвд иргэд номонд сууж чадалгүй нутаг буцжээ. Харин монголчуудын хувьд тойм тоогоор 1000 гаруй сүсэгтэн байсан болов уу. Нарийн тоо гаргах боломжгүй бөгөөд Энэтхэгийн Элчин сайдын яамнаас мэдээлэл авахад 3000 гаруй иргэн визэнд орж байгааг тухайн үед дуулгаж байлаа. Далай багш  2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс 14-ний өдрийг дуустал номын айлдварыг Төвдөөр айлдаж, номонд очсон улс үндэстнүүд тус бүрийн  төлөөлөгчид өөрийн улсын хэл дээр нь орчуулав. Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв лам, гавж С.Гантөмөр,  “Дилов хутагт” сангийн гүйцэтгэх захирал, гэвш А.Батцэнгэл нар зэрэгцэн монголоор орчуулж, номонд саатсан олны оюуныг баясган, ариун номын агаараар цэнгүүлсэн юм. Хамгийн анх өмнөд Энэтхэгийн Гоманд “Лам хүн 16 жил суралцаж байж Буддын шашины 5 боть номыг дүүргэдэг” гэж сонсоод “Арай л удаан” гэж цаг хугацааны уртад харамсангуй байсан би учир шалтгааныг тунгааж, арга ч үгүй юм даа хэмээн өнөө л эвлэрч суув. Бүхэл бүтэн 12 өдөр Далай багшийн хэлсэн, айлдсан, инээсэн, тоолсон, шоглосон гээд л бүгдийг хоцролгүй сонсч, хамтдаа баясч, номын гүнзгий сэжмийг алдалгүй барьж авахыг хичээж, инээх шалтгаан, цайлах чимээг анирдахаас өмнө орчуулагчийнхаа тайлбарыг шимтэн омойтож, Монголынхоо номт хөвгүүд, дээдийн номын ачлалт багш, хуваргуудад баярлаж суулаа. Нийт монголчууд, Монголынхоо нийт сүсэгтний өмнөөс энэхүү тэмдэглэлээрээ дамжуулан дээдийн номын садан, ачлалт багш, орчуулагч нартаа талархалаа илэрхийлэх нь өчүүхэн бичээч миний үүрэг болой. 

“Монгол сүнчой-4”

Энэтхэгийн цагаар 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 12:00 цагт “Монгол сүнчой-4” албан ёсоор эхлэв. Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн дээдсийн айлтгал ерөөлөөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам монголчуудад зориулан айлддаг дээдийн ном дөрөв дэх жилдээ ийн “Дүйнхорын ван”-гийн салшгүй нэг хэсэг болох Шантидэва гэгээнтний “Бодьсадын явдал дор орохуй”, Гамалашила гэгээнтний “Бясалгалын дундаж мөр” зэрэг номуудаар үргэлжилж, олны оюуныг цэнгүүлэх их үйлийг оройлон “Ламын гэгээн-Монгол Сүнчой” ТББ хамтран зохион байгууллаа. Номонд суух сүсэгтнүүдийн мандатыг сүнчойг зохион байгуулагчид олгосон нь зорин очсон монголчуудын цагийг хэмнэсэн хамгийн хүндлэлт ажил байлаа. Эс бөгөөс бид өнөөх 300 гаруй мянган хүн дунд дугаарлаж хэдэн өдөр болох байсан бизээ. Өмнөд Энэтхэгийн Гоман болон Сера Жи дацан, Дарамсала хотын Жүдийн дацанд суралцаж байгаа Монголын хутагт хувилгаад тэргүүтэй лам хуваргууд хүрэлцэн ирснээс гадна Монголын бурхан шашинтны тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй хутагт хувилгаад, лам хуваргууд ч хүрэлцэн очжээ. Жилээс жилд Монгол сүнчойг зорьж ирэх монголчуудын тоо өсч, шууд нислэг гарган монгол сүсэгтний тав тухыг болгоох, буддын шашины мөн чанарыг таниулахад “Ламын гэгээн-Монгол сүнчой” тэргүүтэй төрийн бус байгууллагууд онцгойлон анхаардаг болсон нь үнэхээр талархууштай.  

“Батцагаан” хэмээх монгол хийдийн нээлт

Номын айлдвартай давхцан нэгэн томоохон үйл явдал болсон нь Бихар мужийн Бодьгаяа дахь монгол сүмийн нээлт байлаа. Монгол хэв шинж, соёл ахуйг агуулсан уг хийдийг 16 жилийн хугацаанд барьж байгуулан нэгдүгээр сарын 9-нд өндөр үүдийг нь дэлгэж, “Батцагаан” хэмээн нэрийдлээ. Хийдийн нээлтэд Дээрхийн гэгээн морилон саатаж, тэргүүн хамба Д.Чойжамц тэргүүтэй Монголын хутагт хувилгаад, лам хуваргууд олноор саатан шашны зан үйлийн дагуу соёрхон ёслов. Монгол, Энэтхэг хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээгээр газар олгогдож, хийдийн бүтээн байгуулалт хөрөнгө санхүүгийн боломж, бололцооноос хамааран 16 жилийн хугацаанд үргэлжилсэн ч Бодьгаяаг зорин очих монголчууд хийгээд монгол туургатны заавал морилон саатах түүх, өв соёлын өргөө, буян номын ордон боллоо хэмээн баясаж сууснаа тэмдэглэхэд таатай байна. Мөнхүү өдөр морилон тухалсан Дээрхийн гэгээн Далай ламд их найман ханатай монгол гэрийг өргөл болгон барив. Хийдийн гуравдугаар давхарт номын орон, хоёрдугаар давхарт Монголын түүх соёл, шашны онцлогийг харуулсан музей, нэгдүгээр давхарт хийдэд шавилах лам хуваргуудын байр, гал тогоо, зочдод зориулсан өрөө гээд алив багтаасан нь өөриймсөг дотно дулаахан байлаа. 

Хэвлэлийнхний давуу эрх 

Номонд суухаар дотогшоо нэвтрэхэд гар утас, зөөврийн компьютер болон өөр бусад зүйлсийг хориглодог. Харин энэ удаад хэвлэлийнхэнд давуу эрх олгож зөөврийн компьютер, гар утастай орохыг зөвшөөрөв. Түүгээр ч үл барам зураг авахаар жаахан ойртох гэсэн хэд хэдэн зурагчин, зураглаачийг багахан саатуулсан хамгаалалтын ажилтан, цагдаагийн алба хаагчдад хандан Далай багш “Зураг авах гэсэн хүмүүсийг хорих хэрэггүй. Чөлөөтэй зургаа аваг. Ажлаа хийж байгаа хүмүүсийг бүү хорь. Хэвлэлийн эрх чөлөө шүү дээ” гэж хэлэн хэвлэлийнхэнд чөлөөтэй тааваараа ажиллах боломжийг олгосон юм. Өнгөрсөн өвөл Далай багшийг Монголд морилоход манай Гандан хийдийнхэн бидэнд хамгийн топ мандатаа өгч, маш том “арын хаалгадсан” юм. Гэвч монгол хамгаалагчид мандатаа үзүүлээд ч, өөрийнхөө эх оронд өөрийнхөө хэлээр яриад ч тусыг эс олон, хөөгдөж өвлийн тачигнасан хүйтэн өдөр гадаа гурван цаг зогссоноо бодохоор инээд хүрч байлаа. Тусгай эрхийн мандатаа хараад гуниг төрдөг өдөр бас байдгийг Далай ламын Монголд айлчилсан өдрүүдэд харин ч нэг ойлгож авсан даа. Харин Энэтхэгт бол огт өөр. Элдэв хүндрэлгүй. Бүх зүйл шаардлагын дагуу, аль аль талдаа амар. Нэг нэгнийхээ ажлыг сайхан хүндэтгээд л асуудалгүй. АНУ, Орос, Итали, Энэтхэг, Тайвань, Хятад, Солонгос, Швейцарь гээд олон орноос ирсэн 100 хол давсан хэвлэлийнхэн инээж байгаад л 12 өдрийн турш ажиллачихаж байгаа юм. Зохион байгуулалт гэдэг энэ л дээ. 

Мөргөлийн замд 

Номт улсаар ийн аялж явахад Монголд, тэр тусмаа Улаанбаатар хотод таараад байдаггүй өчнөөн хүнтэй уулзаж, зэрэгцэн суусан юм. Учир ухааны торгон баринтаг задласан бурхны номын энэ л зам дээр инээлдэж уулзан, аяга цай хуваан хүртэж, номонд шимтэнд хорхойссон өдрүүдээ тэр л улсынх нь тэнгэр дор үлдээн эргэн ахуй амьдралынхаа мөрөөр салаалж одоцгооно. Хутагт хувилгаад, эрдэмт багш, лам хуваргууд хийгээд урлаг, спорт, улс төрийн зүтгэлтнүүд, бизнесийн томоохон төлөөлөгчид болон эгэл энгүүн олонтой зөвхөн номонд шимтэх энэ л зам мөрт тааралддаг нь хаа эртийн нэгэн барилдлага бизээ. Дэлхийн од, төрийн сайд, уяач, бөх, зулгуй бялдууч, хулгайч дээрэмчин, баян ядуу, хөөрхөн муухай байх нь даанч хамаагүй. Бүгд зэрэгцээд л сууна. Бүгд яг л адилхан ном хөтлөнө. Тэгж шимтэн омойтуулж, өөртөө дагаар оруулж чаддагаараа дээдийн ном агуу юм. Түүнийг эн тэнцүүхэн сонсовч  өөрийн уураг тархи, оюун бодлоороо тунгаан хүлээж авагч хүний сав сэтгэлийн хэмжээ л мэдэх хэрэг. Тэнд албан тушаал, амьдардаг байшин, торгон хэвнэг, торон цамц аль нь ч хэрэггүй нь даанч сайхан. Дандаа ийм байдаг бол мөн ч амарсан гэж хаа нэгтээ бодогдох нь магад шуналаа бараагүйнх бизээ. 

Их бодь суварга тийш одох жуулчдын дараалал нэлээн урт үргэлжилнэ. Тэнд задгай мөнгө, бурхны зураг хөрөг, үзэж хараагүй цэцэг навч гээд гар дээрх жижиг худалдаа их. 30 секунд тутамд хөгшин залуу, эр эмгүй ирж өөрийн худалдаагаа сонирхуулна. Камер аппарат тус бүрт 100- 500 рупи төлж орно. Бүр дотогшилбол гутлаа тайлна. Ном гадаалсан нэгэн орой Монголын лам хуваргууд нийлэн Их бодь суварганы ард, Бодь модны дор ном хурав. Хурал эхлэхийн өмнө суварганы хана чимэглэж зогсоо хоёр жагар хүүтэй нийлэн, цэцгийн хэлхээг өлгөж явтал дээрээс бодь модны навч унаад ирэв. Жагар хөвгүүн өнөөх навчийг над руу сарвайн, авах уу л гэж байна. Би огт тоосонгүй, үгүй л гэчихлээ. Тэд толгойгоо бөнжигнүүлэн инээгээд л өнгөрөв. Буудалдаа ирсэн хойно болсон явдлыг яривал бүгд уулгалан тун тусгүй зүйл хийснийг минь ойлгуулав. Харин буцахынхаа өмнө суварга гороолоод явж байтал нэгэн төвд лам хүү 200 рупигээр бодь модны навчийг надад арилжсан юм. Бүр сүүлд Монголд ирсэн хойно Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва “Чи Бодь модны навч авчрав уу. Эмэгтэй хүн төрөхдөө жаахныг эмтлэж буцалгаад уучихвал эндэлгүй сайн амарждаг юм гэнэ лээ” гэж билээ. 

Соёмботой данх

Хэдэн зуун залуу лам нар пижигнэлдэн гүйлдэж, цай аягалж гамбир тараана. Бутгирсан шаргал сүүтэй цайнд нь хөлс дааварлаж, гамбирт нь гэдэс цадчихна. Ном сонсч суухад таарч тохирох хамгийн төгс хоол бол тэр юм. Залуу лам нарын барьсан данхыг ажиглаж байгаад “соёмботой данх” гээд л чангахан хэлчихэв. Монгол ламын гарт байх эрдэнэт соёмбыг бөөрөн дөөр нь улаан будгаар зурчихсан том цайран данхнаас уусан цай сэтгэл дагаад цаанаа л нэг өег. Тэрхүү соёмбыг хараад “Эх оронтой л хүн дээ, би” гэж бодож суусан минь ариун дагшин Бодьгаяад өнгөрүүлсэн өдрүүдийн дурсамж дундаас сэвэлзэн элэг зүрхийг минь илэрхий зөөллөнө. Өөрийн эх орон, хэл соёлтой, өөрийн бичиг үсэг, билэг тэмдэгтэй байна гэдэг энэ мэт жижиг юм шиг атлаа маш том ухагдахуунаас улам тодрох нь эндүүгүй сайхаан.

Мухар сүсэгтэй монгол 

Өргөл барьц, адис хүртэх, сан тавиулах гэдэг бүгд чин сэтгэлийн ариусал болохоос хувиа хичээгч нэгний өөрийгөө хамгаалах гэнэн сэтгэл биш юм. Монголчууд олноороо номонд шимтэж учир ухааныг таних гэж яваа нь туйлын сайн хэрэг л дээ. Харахад хэчнээн сайхан гээч. Зарим нь сайхан хичээнгүйлэн тэмдэглэнэ. Олон хүн зэрэгцээд суудаг болохоор халууцах, хөлрөх, хөл гар хөших, чилэх бол энүүхэнд. Ялангуяа манайхан шиг хөлөө нугалан бохирч, завилж суухаа төдийлөн больчихсон хүмүүст хүндрэлтэй. Шуудайтай ноос шиг л өнхрөөд байна. Сүүжилдээд л байна. Сүүлдээ уурсаж эхэлнэ. Би, чи-дээ тулна. Тэгэн тэгсээр хэн хэнийгээ буянгүй, номгүйгээр, нас намба, царай зүсээр нь дуудна. Юун ном сонсох л болно. Сонсоод, бичээд, тэмдэглээд байгаа ном нь уураг тархи, оюун бодлынх нь хаагуур орчихов оо л гэмээр болно. Ийм мэт элдэв жишээ олон. 

Бодьгаяад өнгөрүүлсэн өдрүүд 

Бодьгаяа миний зүрх сэтгэлд сайхан олон дурсамжийг бүтээж өгчээ. Бодь суваргыг тойрон гороолж, сүслэн залбирч, Далай ламын айлдварыг сонсч, Монголынхоо хутагт хувилгаадтай уулзан золгож, монгол сүмийнхээ нээлтийг өөрийн нүдээр харж, баясч, дэлхийн одоос яриа авч, буянд даган баясч элбэрэлт ээж, ахан дүүс, анд нөхдөдөө номын айлтгал бичүүлж, бурханд одсон хүмүүний хойтын буянд ерөөл өргөж, анд нөхдөө үдэж, ард нь гунигтай үлдэж, тэнд байх сүүлийн өдрөөрөө дэлгүүр орж, торго дурдан эргүүлж, сэрмийтлээ угтсан номын дүүг мөн л сэрмийтэл нь үлдээж аян замынхаа жолоог эх нутаг руугаа эргүүлэхдээ сэнгэнэм өвлийнхөө жаврыг үгүйлж Жагарын орны халуунд сэрүүсч, ариун дагшин Бодьгаяа баяртай гэж дотооддоо зөөлхөн шивнэсээр эргэсэн дээ. 

...Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нэвтрүүлэгч Ж.Рагчаа эгчтэй хамт Төв шуудангийн зүүн талын уулзвар дээр машинтай зогсч байлаа. Гэнэтхэн нэг хүн цонх маажиж цочоов. Харвал өрөөл татанхай нэгэн залуу хүү байв. Ж.Рагчаа эгч уулгалан “Эвий эвий” гэсээр 1000 төгрөг өгчихөв. Тэгээд “Бурхад ийм дүрээр бууж ирээд буян нүглийг дэнсэлдэг юм гэсээн” гэв. Тэр үеийн ажил хэргийн бүх яриа мартагдсан байхад энэ үг л харин сэтгэлд тод үлдэж. Далай ламын морилж байгаа газар гуйлгачин, тэнүүлчин олширдог юм шиг санагддаг. Буяны зам, буян бүтээж бас хурааж яваа зам болохоор арга ч үгүй биз. Бодьгаяа нүд дальдармаар өрөөл татанхай гуйлгачин олонтой, ядуу зүдүү, хэтэрхий хөгжил дорой газар. Нөгөө талаараа хүний сэтгэлийн боловсролыг ариутгаж, зузаатган бататгах жинхэнэ номын орон. Өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдэрсэн бүгдээ барьж тогтоон эргэцүүлсээр “Ийм л газар хүний зүрх сэтгэл зөөлөрдөг бизээ” хэмээн сэтгэж  Бодьгаяагаас мордсон доо. Бурхан багш гэгээрлийн хутгийг олсон, ариун дагшин Бодьгаяа шүү дээ. Буян нүглийг дэнсэлдэг Бурханы орон билээ л.

Яруу найрагч Б.Чулуунцэцэг

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. нүдэнд харагдтал бичжээ. ямар сайхан юм бэ, энэ жил би анх удаа очсон, үнэхээр сайхан байсан яагаад ч юм. хамгийн сүүлийн өдөр Далай багшийг хараад нүдэнд нулимс цийлэгнээд нулимсаа барьж дийлээгүй дээ.

    0 0 Хариу бичих