Амазоны захирал утаатай хэрхэн тэмцэх байсан бол?

Д.Төмөртогтох


Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ч утаатай тэмцэх дорвитой арга хэмжээг хараахан авч эхлээгүй байна гэж боддог. Хэрэв “шилдэг” гэх зэрэглэлд орох хэн нэгнээр хотын утааг арилгах төслийг удирдуулвал яах бол гэж бодож байсан уу?

Харин би оюутнуудаар дүүрэн үзүүлэнгийн танхимийн үүдэнд нэгэн үйл ажиллагааны нээлтийг үзэхээр зогсож байхдаа “Амазоны хэрэглээний инженерчлэлийн хүрээлэнгийн захиралд (Director of Applied Science) Улаанбаатарын утаатай тэмцэх даалгавар өгөөд орхичихвол яах бол” гэж бодож байлаа.

АМАЗОН ШИНЭ АЖИЛЧИН АВАХДАА ЮУГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРДАГ ВЭ

Энэ долоо хоногт манай сургуулийн инженерчлэлийн салбарын бүх оюутнууд хамтын тэмцээнд оролцох юм. Сургуулийн уламжлал ёсоор жил бүр инженерчлэлийн өөр өөр танхимын оюутнууд холилдон баг болж, тус бүр нэг төсөл дээр ажилладаг.

Тус тэмцээнийг нээж үг хэлэхээр Амазоны хэрэглээний инженерчлэлийн хүрээлэнгийн захирал ирсэн байгаа нь энэ. Тэрээр багаар хэрхэн ажиллах болон инженерчлэлийн төслийг хэрхэн гүйцэтгэх тухай сэдвийн хүрээнд бидэнтэй ярилцсан билээ.

Ярианы эхэнд тэрээр “Амазонд орох өргөдөл өгсөн хүмүүсээс хамгийн түрүүнд юуг нь хардаг гэж бодож байна” гэх асуулт тавьж орхив. Хэсэг хугацааны дараа “ур чадвар”,”боловсрол”, “ажлын туршлага” гэх утгатай үгс энд тэндээс дуулдаж эхлэхэд мань эр чимээгүйхэн толгойгоо дохиж байснаа эцэст нь БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР гэв.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувийн байр сууриа хөсөр хаяад ч хамаагүй ажилдаа анхаарлаа хандуулж, байнга шинэ зүйлд суралцаж, ажлынхаа бүх процесст нэг бүрчлэн оролцож байхыг тэрээр онцлов.

Яагаад ингэж хэлсэнээ тайлбарлахын тулд Амазоны сайт дээр байх “Leadership Principles” гэх хуудсыг гаргаж ирлээ. Нийт 14 ДҮРЭМ байх аж. Анх гүйлгээд харахад их энгийн хэдэн өгүүлбэр харагдах ч уншиж дууссаны дараа дахин уншиж, эргэцүүлж үзмээр санагдана.

Амазон хамгийн түрүүнд хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг тавьж ажлаа явуулдаг нь тодорхой. Үүнээс гадна Амазоныхан багаар ажиллаж л байгаа бол хэн нь ч “энэ миний ажил биш” гэж хандалгүйгээр, ямар ч нөхцөл байдал тохиолдсон ажлын үр дүнг чанарын өндөр түвшинд хүргэхийг зорьдог болохыг түүний яриаг сонсож байхдаа ойлгосон юм.

Тэрээр өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувийн байр сууриа хөсөр хаяад ч хамаагүй ажилдаа анхаарлаа хандуулж, байнга шинэ зүйлд суралцаж, ажлынхаа бүх процесст нэг бүрчлэн оролцож байхыг ярианыхаа турш хэд хэдэн удаа цохож хэлэв. Мөн шинэ санааг аль болох хурдан туршиж үзэж, тооцоололтой эрсдэлтэй алхам хийхийг эрмэлздэг гэдгийг ч хэлсэн билээ.

АМАЗОНЫ ШИНЭ БЭРХШЭЭЛ

Үүний дараа өөрийн ахлаж ажилласан Amazon AWS төслөөсөө жишээ татан ярьж эхлэв. Онлайн худалдаа байр сууриа олж, бүх зүйл жигдрэх үед Амазон шинэ бэрхшээлтэй тулгарчээ. Тэр нь хэдэн тэрбум хүнд үйлчилдэг вэб сайтыг ХЭРХЭН хэрэглэгч бүрт удаашралгүйгээр ачааллуулж, өөрсдөдөө төвөг багатайгаар сайтын кодчилолоо шинэчилж байх вэ гэсэн асуудал байв.

Мэдээж улс болгонд өөр өөр сервэр байрлуулж болоод байсан ч тэрбум хүний ачаалал бол өмнө нь огт байгаагүй шинэ зүйл байж л дээ. Тэгээд тэд хэрэглээний урсгалаа жижиглэж, тэнд зохицуулалт хийх санаа олсон. Миний ойлгосноор энэ нь нэг том урсгалыг олон жижиг урсгалд хуваагаад олон жижиг урсгалыг олон машинаас хангаж, орж ирсэн урсгал болон гаргаж буй ачааллыг хэмжүүртэй болгох зарчим.

Тэдний туршилт амжилттай болсоны дараа Амазоны үндсэн сайтаа холбожээ. Хожим үүнийг бизнес болгон хөгжүүлсэн нь Amazon AWS төсөл байж. Бидний мэдэх Dropbox үүн дээрээс анх эхлэсэн. Мөн одоогийн Netflix энэ үйлчилгээг авч ашигладаг. Энгийнээр бол онлайн компьютер ТҮРЭЭС юм даа.

Үүний дараа тэрээр

  • Юуны улмаас ямар байдалд яагаад орсон
  • Ямар байдлаар шийдэж болох вэ
  • Хамгийн оновчтой шийдэл юу вэ
  • Хэрэгжүүлэх болсон шийдлийн сөрөг тал болон түүний нөлөөллийг багасгах гэх мэт инженерчлэлийн төслийн ерөнхий процесс хэрхэн явагддаг талаар онолын зүйлсийг товч ярьсан.

Уг хүн маань Амазоны албан тушаалд очихоосоо өмнө манай сургуульд лекц уншдаг байсан профессор хүн шүү дээ.

Манай багийн хувьд надаас гадна нэг компьютерийн шинжлэх ухааны оюутан, нэг архитектурын танхимын оюутан, нэг сансар огторгуйн инженерчлэлийн (aero-space engineering) танхимын оюутнаас бүрдсэн цомхон баг байлаа. Нэлээд хэдэн багийг нэг хэсэг болгон хэсэг бүрийг докторын зэрэг горилогчоор удирлуулан долоо хоногийн турш өглөө 9 цагаас оройн 17 цаг хүртэл дааж авсан төсөл дээр нь ажиллуулах юм. Төслийн хувьд бидний ажиллах хүрээлэл Камерон улсын Бамбуй гэх хотхоны эргэн тойрон дахь асуудлууд.

Тэнд орчин үеийн соёл иргэншил байхгүй, цахилгаан байнга тасардаг, цэвэр усны хангамж хангалтгүй, бохир болон хог хаягдалын гадагшлуулах систем байхгүй гэх мэтчилэн барууны орны сайн дурын байгууллагуудын анхаарал хандуулдаг сэдэв болгон тэнд бий. Манай багийн хувьд тэнд нэг IT төв байгуулах тухай юм.

УЛААНБААТАРЫН УТААГ АРИЛГАХЫН ТУЛД ЮУНААС ЭХЛЭВ ВЭ

Бидний ашиглаж буй инженерчлэлийн аргачлалыг Улаанбаатарын утааг шийдвэрлэхэд ашиглавал ийм дүр зураг харагдана.

Хамгийн түрүүнд төслийн асуудлыг шийдвэрлэх санаагаа гаргахын тулд холбогдох нөхцөл байдал болон холбоотой хүмүүсийн бүлэглэлийг тодорхойлно. Энэ тохиолдолд дараах бүлэг хүмүүс гарч ирж байгаа юм.

  • Утааны асуудалтай холбоотой хүмүүсийн бүлэглэлд хамгийн түрүүнд бохирдсон агаараар амьсгалж, эрүүл мэндээ хохироож буй ИРГЭД
  • Асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх БОЛОМЖТОЙ СУБЪЕКТУУД болох Засгийн газар, олон улсын байгууллага, ТББ, бие даасан бизнес эрхлэгчид гээд инженерчлэлийн төслийг санхүүжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд тусалж чадах бүлэг
  • Төслийг удирдаж, хэрэгжүүлэх ИНЖЕНЕРИЙН БАГ

Үүний дараа утаатай холбоотой асуудалд хамаарах нөхцөл байдлыг тооцож үзнэ. Үүнийг гаргахад PESTLE шинжилгээний аргачлалыг ашигладаг. Энэ нь:

  • P – Political (Улс төрийн нөхцөл)
  • E – Economic (Эдийн засаг)
  • S – Social (Нийгмийн байдал)
  • T – Technical (Технологийн хангамж)
  • E – Environmental (Байгалийн орчин)
  • L – Legal (Хууль зүйн нөхцөл байдал) гэсэн үгсийн товчлол юм.

Төсөлтэй холбоотой бүх нөхцөл байдлыг ингэж ангилсаны дараа ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг нээлттэй нүдээр харах боломжтой болох бөгөөд амьдралд хэрэгжихүйц, бодит шийдэл олох нь бидний гол зорилго.

Дараагийн үе шат нь СУДАЛГАА хийх. Монголчууд долоо хэмжиж нэг огтол гэж ярьдаг. Бид тухайн асуудалтай холбоотой тоо баримтуудыг цуглуулахаас гадна өмнөх урьдач нөхцөлтэй холбоотой нөхцөлүүдийн талаар судалгаа, баримт цуглуулж, дүн шинжилгээ хийнэ гэсэн үг.

Тооцооллын тухайд дараах байдлаар гаргаж болно. Тухайлбал, өдрийн хэсэг бүрт утааны хэмжээ болон утаанд буй хорт бодисын  хэмжээг бүсчилж гаргана. Манайд агаарын чанарын хяналтын 39 харуул бий. Юугаа хэмждэг юм, утаа утаа утаа л байна, гэр хорооллынхон л утаа тарьж байна, тэд л буруутай, даарахгүй гээд юу тааралдсанаа түлээд байрны бусдыгаа алж байна гэх мэтээр манайхан их шуугих юм.

Утааны тархалт, бохирдлын хэмжээг тус суурьшлын бүсийн хүн амын тоо, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн тоонд ногдуулж үзээд хамгийн түрүүнд арга хэмжээ авах шаардлагатай хэсгүүдийг гаргаж ирнэ.

Гэхдээ хотын хэсэг бүрт харилцан адилгүй байдгийг мартаж болохгүй. Жишээ нь, Дарь эх, 32-ийн тойрог, долоон буудал орчимд утааны өтгөн бага зэргийн ялгаатай тархалттай. Мөн Баянхошуу, Зүүнсалаад Чингэлтэй, долоон буудал гэх мэт уулын дундахь хавчигдмал газраас ч их утаатай байх жишээний.

Үүнээс гадна өдрийн аль үед утаа ихтэй болж байна вэ гэдэг бас чухал. Тухайн айлыг өдөрт хэдэн удаа гал түлж байна вэ гэдэг нь гэр хэр хурдан хугацаанд дулаанаа алдаж байна вэ гэдгийг тодорхойлно. Эдгээрийг харьцуулж үзсэний дараа хамгийн түрүүнд арга хэмжээ авах хэсгүүдийг гаргана гэсэн үг. Бүр тодруулбал, утааны тархалт, бохирдлын хэмжээг тус суурьшлын бүсийн хүн амын тоо, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн тоонд ногдуулж үзээд хамгийн түрүүнд арга хэмжээ авах шаардлагатай хэсгүүдийг гаргаж ирэх юм.

Агаарын чанарын төлөв байдлын 2015 оны тоймд нийслэлийн агаарын бохирдлын эх сурвалжийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Усан халаалтын зуух болон гэр хороолол 80 хувь
  • Авто тээврийн хэрэгсэл 10 хувь
  • Дулааны цахилгаан станц 6 хувь  
  • Хог шороо 4 хувийг бүрдүүлж байна гэжээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт буй гэр хорооллын айлуудын 160.938 зуухны зуухны 62 хувь нь сайжруулсан, 2829 ширхэг нь усан халаалтын зуух гэж бүртгэгджээ.

Усан халаалтын зуухууд ихэвчлэн улсын мэдлийн болон үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүсийнх байдаг. Энэ ч үүднээс төслийн хүрээнд хамтран ажиллах, хөнгөлөлт үзүүлэх хамаагүй хялбар гэсэн үг. Мэдээж хэрэг өвөл дулаахан байхын тулд сайн дулаалга, сайн халаалттай байх нь чухал. Иймд шинэ төрлийн түлш, дулаан удаан хадгалах зуух зэрэг шийдлийг шууд туршиж үзэж болно.

Зарим хүмүүс орчин үеийн технологи санал болгодог. Канад модон байшин, Америк халаалтын технологи, Солонгос юу юу ч билээ дээ. Эдгээрийг шууд туршиж үзэхэд бэрхшээлтэй. Импортлож оруулах хугацаа урт, эдгээр материалыг ашиглаад байшин босгох зардал нь ч хэдэн арван сая төгрөгтэй дүйнэ.

Авто тээврийн хэрэгслийг ч мартаж болохгүй. Б.Аюурзана докторын “Улаанбаатарын утаат агаарын аеродинамик” нийтлэлд дурьдсанаар түгжрээтэй байгаа замын нийт талбай тэр чигээрээ утаа үйлдвэрлэгч болно. Түгжрэл ихтэй төв зам хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн шийдвэрлэх ёстой асуудлаа ул суурьтай судалж гаргаж ирсэний дараа утаа яагаад, ямар учраас, ямар байдалд байна гэдэг нь бүр ч тодорхой болно.

Ямар ч үед шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэх чадвартай ШИЙДЭЛ гаргахын тулд энэ олон нөхцөл байдал, судалгаа, эрсдэлийн шинжилгээ хийдэг юм шүү дээ. 

Энэ мэтчилэн судалгаа, харьцуулалт хийсний дараа сая хамгийн БОЛОМЖИТ хэд хэдэн шийдлийг үлдээгээд дахин үнэлэлт хийнэ. Энэ нь эрсдэлийн тооцоолол болон эрсдлийн эсрэг авч болох арга хэмжээ юм. Нөгөө PESTLE шинжилгээ хийсэн нөхцлүүд, төсөлд хамааралтай бүлэг хүмүүсийн талаар энд дахин сөхөж хараад төсөлд нөлөөлж болох эрсдэлээ тооцоолно. Улс төр, хууль зүй, техник технологи, нийгэм, эдийн засгийн тал дээр үүсч болох эрсдэлтэй асуудлуудыг харгалзаж үзэхийн зэрэгцээ эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах боломж бололцоогоо бодож үзнэ гэсэн үг.

Дээр дурьдсан судалгааны арга, инженерчилэлийн аргачлал бол Камерон улсын Бамбуй хотхонд IT төв байгуулах төслийн хүрээнд зааварлагч, зочин багшийнхаа тусламжтайгаар манай багийн хийсэн зүйл. Харин би үүнийг Улаанбаатарыг утааг шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж болох талаар бичлээ.

Амьдралд минь тохиосон чухал хэд хоног ингэж л өнгөрлөө дөө. Асуудалд хэрэгжүүлж болох шийдэл болгоныг харгалзан үзэж, тэрийг хэрэглэвэл ямар байх талаар, хэрэглэхгүй бол ямар байх талаар, хэрэглэсний дараах урт болон богино хугацаанд нөлөөлөл ямар байх, хэрэглэсэн шийдлийг төсөлтэй холбоотой хүмүүсийн бүлэглэл хэрхэн хүлээж авах талаар гээд л их олон талаас харж үзэж бодох юм. Тэгээд ямар ч үед шийдэх ёстой асуудлаа шийдвэрлэх чадвартай ШИЙДЭЛ гаргахын тулд энэ олон нөхцөл байдал, судалгаа, эрсдэлийн шинжилгээ хийдэг гэдгийг ойлгосон.  

Магадгүй Амазон шинэ үйлчилгээ явуулахдаа, ямар нэг бүтээгдэхүүн зах зээлд гаргахдаа үүнийг үндсэн үзэл баримтлалаа болгодог учраас нээлтийн өдөр бидэнд тэр захирал сэдэв болгон ярьж, чухалчилж байсан болов уу.

ЭХ СУРВАЛЖ: Д.Төмөртогтох

Түүний блогоор зочилж, нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, эх сурвалжуудыг харах бол ЭНД дараарай 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)