“Эрдэнэт” үйлдвэрээс хувь эзэмших боломжийг иргэд, ААН-үүдэд олгоно”

УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы  үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүнтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан дөрөв, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байгаа аж.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа" гэлээ.

Мөн тэрээр “Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК худалдан авсан асуудлыг Ажлын хэсэг шалгасны дүнд энэхүү худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан нь энэ намрын чуулганы онцлох шийдвэр байсан. Цаашдаа манай бүлгийн гишүүд болон ард иргэдийн зүгээс гарч байгаа санал бол “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох саналыг тавьж байгаа. Бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмших бололцоо олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон улсын болон дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх том арга хэмжээний эхлэл болно гэж үзэж байгаа” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. МАН тэгж чадна гэдэгт итгэж байна

    0 0 Хариу бичих
  2. хувьцааны ноогдол ашиг гэж хуваарилахымуу? шахаагаа хийгээд юм үлдэхгүй байхоо

    0 0 Хариу бичих
  3. Zuv shiidver bna

    0 0 Хариу бичих
  4. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ёстой шүү

    0 0 Хариу бичих
    • хаха өнөөдөн зээлээ төлж байгаа борчууд авах уу даа. дахиад хэдхэн хүн авна үнэгүй өгөх гэж байгаа биш дээ. улсаа байсан чамд үнэгүй байгаа гээд бодчих.

      1 0