Ц.Хулан: Хүмүүс дуучдыг их баян хүмүүс гэж ойлгодог

Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулантай ярилцлаа.

-Та Улсын филармони хэмээх их айлын нэг эд эс болсноосоо хойш багагүй хугацааг ардаа орхижээ. Анх хөл тавьж байсан түүхээсээ хуваалцаач?

-Баянмонгол чуулгынхан “Манай дуучин болооч” гэсэн санал тавьж байсан. Тэд “Бид жазз дуучинтай болох хүсэлтэй байгаа” гэсэн юм. Тэр мундаг хөгжимчидтэй нэг хамт олон болж ажиллах надад нэр төрийн хэрэг байсан. Ер нь дуучин хүний хувьд амьд хөгжимтэй дуулна гэдэг маш том боломж байдаг. Чадалтай мундаг хөгжимчидтэй баг болж ажиллана гэдэг дуучин хүний хувьд маш том хариуцлага, ахиц дэвшилт байдаг юм. Тэгээд саналыг нь баяртайгаар хүлээж авсан.

-Таныг жазз урсгал руу М.Эрдэнэбаатар багш тань хөтлөн оруулсан гэдэг. Тэр үед жазз хөгжмийг манайхан ойлгодоггүй байсан үе байх. Тийм үү?

-Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн хүү төгөлдөр хуурч, концертмейстер, талийгаач М.Эрдэнэбаатар багш маань надад жазз урсгалаар дуулахыг зөвлөсөн юм. Түүний хүү Польшт сурдаг байсан. Тэндээс хүүдээ захиж жазз хөгжмийн сурах бичиг гэж хэлж болохоор зарим зүйлсийг авч ирүүлсэн. Тэр үед одоогийнх шиг интернэтээс бүх зүйлийг бэлэн авах боломжгүй байсан юм. Мөн жазз сонсдог хүмүүс ч цөөхөн байлаа. Багш тэгж захиж авч ирүүлээд бид бэлтгэл хийдэг байлаа. Мэргэжлийн шалтгалтад бид дандаа жазз дуунуудаар шалгалт өгч байсан. Тэр нь миний хоолойнд зохицсон санагддаг. Багш миний амьдарлыг тэгж чиглүүлж, тэр цагаас л би өөрийн стиллээ олж авч, амьдралын зам мөр минь тодорхой болсон юм болов уу гэж боддог.

-Жазз урсгалыг сонсохоор надад эрэгтэй хүн л санаанд ордог. Жаззаас өөр ямар урсгалын дуунуудыг та сонсдог вэ?

-Тийм үү, харин миний хувьд жазз гэхээр эмэгтэй хүн санаанд ордог. Би бүр багаасаа л дандаа эмэгтэй жазз дуучдыг сонсдог байсан. Дуурийг бол хааяа л сонсож байна. Ардын дуунуудыг харин нэлээд сонсдог. Ардын дуу ухаарал хайрласан сонсоход сайхан шүү дээ. Би эхлээд поп сонсдог байв. Тэр үеийн дуунууд аялгуу сайтай уянгалаг дуунууд байсан. Тэгээд дуунд дурлаад Хүүхдийн ордны дууны дугуйланд явдаг болсон. Арай томроод СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангид элсэн суралцаж байхдаа металл рок сонсож эхэлсэн. Монголоосоо “Никитон”, “Нисванис”  хамтлагийг сонсдог. Тухайн үед Баачка ахыг бүгд шүтдэг байсан. “Нисванис”-ын хамгийн анхны тоглолт болоод, авс өргөж гаргаж ирээд л хүмүүсийн анхаарлыг татаж байсан. Мөн тэр үеийн Хүүхэд залуучуудын ордонд бүх тэмцээн зохиогддог. “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод”, “Мөнгөн хонх” зэрэг уралдаан болдог. Би ч ордог. Тэдгээр тэмцээнүүдэд “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа гээд бүгд тусдаа дуулж оролцдог байсан. Т.Дэлгэрмөрөн бас бүжгийн хамтлагтай. Хаянаа тухайн үед охидуудын зүрхийг булаадаг залуу байлаа. Тэдний хамтлагийн Д.Батсүх Хөгжим бүжгийн коллежид сурдаг урилгаар ирж дуулдаг.  Нэг удаа “Мөнгөн хонх” тэмцээн болоод “Камертон” хамтлаг нэг, манай хамтлаг хоёрдугаар байрт орж билээ. Тэгэхэд манай хамтлаг нэгдүгээр байрт ороогүйгээс болоод би зөндөө уйлсан. Энэ бүхнийг одоо ингээд эргээд харахад хамтдаа өрсөлдөж байсан хамтлаг дуучид  маань бүгд уран бүтээлээ туурвиад олонд танигджээ. Тэгэхээр бид хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж чадсан нэг үеийн уран бүтээлчид юм. Мөн тэр үеийн залуус маш их хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө бүх амьдралаа зориулж чаддаг байсан. Гэтэл одооны залуучууд арай өөр болжээ. Мөн болсон болоогүй дууны уралдаанууд, бас сургалтын төвүүд их байна. Үүнээс болоод залуучууд цагаа их бардаг. Тэр сургалтын төвүүд, янз бүрийн дууны уралдаануудын шүүгчид нь хүүхэд, залуусыг “Чи авьяасгүй” гээд хэлж чадахгүй. “Өө чи явчих юм байна”, “Чи авьяастай байна” гэж хэлээд хамаг амьдралыг нь үрдэг. Тэгээд нөгөөдөх нь СУИС-ын дуурийн дуулаачийн ангид орчихдог. Жинхэнэ сонгодог урлаг гэдгээ ойлгодоггүй. Урлагийн сургуулиуд нь ч шүүлтүүр муутай болсон байна. Мөн сүүлийн үеийн урлагт хөл тавьж байгаа залуус  ёс суртахууны асар их доголдолтой байгаа нь анзаарагддаг. Урлагийн төлөө насаараа амьдарч чадах хүнийг л урлагийн хүн гэж хэлнэ үү гэхээс амьдралынхаа талаас урлагаа хаясан хүнийг урлагийн хүн гэж хэлэхгүй.  Дэлхийд өөрийгөө таниулсан хүнийг “од” гэж хэлнэ үү гэхээс одоогийн өөрийгөө “од” гэж нэрлээд яваад байгаа залуусыг хэлдэггүй юм. Уг нь бол “Од” гэдэг чинь их нандин үг байхгүй юу. Тэгтэл одоо “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг үг шиг л үнэ цэнэгүй болсон байна. Сүүлдээ бүр сумын малчинд соёлын тэргүүний ажилтан цол олгосон байна шүү дээ. Одоогийн энэ дууны уралдаанууд бүхэлдээ бизнесийн шоу болжээ. Нэг, хоёр хүнийг л нэрд гаргаж, олонд таниулах гэсэн мөнгөний ажил юм.

-Дуучид нэр хүндтэй, харахад амархан мэргэжил учраас л залуучууд дуртай байдаг юм болов уу?

-Яг зөв. Ер нь хүмүүс, тэр тусмаа залуучууд дуучдыг их амархан мөнгө олоод баяждаг гэж боддог шиг байгаа юм. Тэгээд дээрээс нь их баян хүмүүс гэсэн ойлголттой байдаг. Яг үнэндээ бол урлагийн тогоонд хүн өчнөөн олон жил буцалж байж боловсордог. Хамаг амьдрал бүх зүйлээ зориулж байж үр шимээ амсдаг. Түүнээс биш тийм амар зүйл биш. Хэн илүү хөдөлмөрлөж, сэтгэж чадаж байна тэр хүн л амжилттай явдаг. Ер нь урлагийн хүмүүс уран бүтээлээ хийж л байхгүй бол мартагдана. Тэгээд уран бүтээл хийнэ гэхээр болсон болоогүй дуу дуулаад, түүнийгээ гадаа зогсож клипжүүлээд, мөнгө өгч телевизээр цацуулчаад дуучин гэдэг алдарын цаана нуугдаж явдаггүй юм. Хүний амьдрал юм болохоор мөнгөнд нь дурлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь цацдаг, нийгмийн олонх нь түүнийг нь сонсдог. Урлагийн хүн чанаргүй бүтээл хийхээсээ ичдэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай улсад урлаг шүүмжлэгчид, мөн урлагийн талаар тодорхой хэмжүүрүүд байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ард түмэн маань мэдээж тэр бүр дуурь, балет үзээд явахгүй шүү дээ. Угаасаа амьдралын төвшин түүнийгээ дагаад сэтгэлгээ нь ч гэсэн үзэхээр төвшинд хүрээгүй байна. Гэхдээ надад мэдрэгдэж байгаа зүйлээсээ харвал монголчууд маань хэдэн жилийн өмнөхөө бодвол сонгодог урлагийг ойлгодог үздэг болсон. Уран бүтээлчдийнх нь ч гэсэн чадвар сайжирсан. Энэ бол миний л бодол.

-Танд хамгийн ойр байдаг, анзаарагддагаар нь жишээ аваад үзэхэд филармонийн тоглолтуудыг ер нь хүмүүс хэр сонирхож үздэг вэ. Ихэвчлэн урлагийн салбарынхан байх шиг харагддаг.

-Нэг үеэ бодвол филармонийн тоглолтыг харьцангуй их хүмүүс үздэг болсон. Манай хамт олон ч залуу уран бүтээлчдээр цусаа сэлбэсэн. “Баянмонгол” найрал хөгжим маань маш мундаг хөгжимчидтэй. Эхлээд мэдээж доголдолтой зүйлс олон байсан. Угаасаа жазз урсгал манай улсад үүсээгүй шүү дээ. Харин гадны хүмүүс авч ирээд, мэргэжлийн хичээл заалгаад ирэхээр чих нь онгойгоод уран бүтээлчид маань өөрчлөгдсөн юм. Тэр хэрээрээ энэ урсгалыг сонсдог тодорхой хүрээнийхэн бий болсон. Одоо манай хамт олон орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, залуустаа зориулсан эрчтэй сайхан тоглолтуудыг хийгээд, үүнийгээ цаашдаа бүр илүү чанаржуулах гээд зорин ажиллаж байна.

-Та утааны эсрэг жагсаалд нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн. Та сая хэлэхдээ надад бодсон юм байсан болохоор нэгдсэн гэлээ. Тэгэхээр агаарын бохирдолыг бууруулахын тулд яавал зохилтой гэж та боддог вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Үр хүүхдээ утаагүй цэвэр орчинд байлгамаар байна. Охин минь өглөө бүр утаан дунд хичээлдээ яваад орой утаан дунд гэртээ ирдэг. Ингэхээр ямарч эцэг, эхийн уур нь хүрч, бухимдана биз дээ. Бүгд л хүүхдээ эрүүл өсгөмөөр байгаа шүү дээ. Утаанаас болоод маш  их өвчин гарч, хөрс хүртэл бохирдож байна. Хөрсний бохирдолтой тэр сул шороонууд нь  хавар намартаа эргэлдээд, зундаа хүртэл тоосонцортой байна. Энэ бүхний эсрэг ээж, аавууд хөдөлгөөн өрнүүлж байгаа гэж цахим хуудаснаас мэдээд нэгдсэн.  Надад бас бодож явдаг зүйл байсан болохоор их дуртай нэгдсэн юм. Миний бодлоор утааг арилгах  амархан юм шиг санагддаг. Улс ард иргэдэд үнэгүй газар өгсөн. Тэгвэл түүнийгээ буцааж аваад бүх гэр хорооллоо орон сууцжуулаад тэр газрынхан оронд иргэдээ байр өгөх хэрэгтэй юм шиг. Мэдээж түүнийгээ дагаад дэд бүтцийн асуудлаа хангалттай шийдээд, үхэжсэн хөрсөндөө мод тариад, орчноо эрүүлжүүлж болно шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд утааг арилгана гэж төсөвлөж хувааж идсэн мөнгө нь бараг нийслэлийн гэр хорооллын талыг нь орон сууцжуулахаар хэмжээний байсан байх. Тэгвэл ядарсан ард иргэд минь ядаж л түлэх юмаа олж ядан дугуй шатааж, агаарыг бохирдуулж, өөрийгөө болон бусдыг хохироохгүй юм даа. Яг зоригтой хийгээд, ажил хэрэг болговол утааг арилгах олон арга зам бий л гэж хардаг. Харин тэд хийхгүй яриад байгаа учраас эцэг эхчүүд дургүйцээд, жагсаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сэтгэлд хүртэл сайхан дуулдаг дуучин бүсгүй шүү. Амжилт хүсье.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ