Л.Цог: Эрх мэдэлд хүрчихээр л ухаан нь нэмэгддэг юм шиг аашилж болохгүй

УИХ-ын дэд дарга асан Логийн Цогтой ярилцлаа.

-УИХ-ын дэд даргын ажлаа өгснөөс хойш юу хийж байна вэ. Судалгааны ажил хийж байгаа гэсэн үү?

-Ер нь амралтын байдалтай байна. Би Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн томоохон судалгаа хийсэн. Энэ судалгаагаа үргэлжлүүлж байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, геополитикийн асуудлаас шалтгаалж Монгол Улс өнөө цагт Үндэсний аюулгүй байдлаа яаж хамгаалж, бэхжүүлэх ёстой юм гээд эрхзүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох асуудал чухал байгаа. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын эрх зүйн асуудлаар судалж байна. 

-Та өнгөрсөн УИХ-ын сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм бэ. Магадгүй өөр нам руу орсонтой тань холбоотой юу?

-Би Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсээгүй. Энэ намын идэвхтэй дэмжигч юм. Тус намыг байгуулсан Г.Уянгатай хамт олон жил иргэний хөдөлгөөний шугамаар ажиллаж ирсэн учраас дэмжиж явсан. Миний хүү Дархан-Уул аймагт тус намаас нэр дэвшсэн. Энэ мэтчилэн учир шалтгаан байсан учир өнгөрсөн сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг дэмжиж ажилласан. Миний сонгуульд нэр дэвшээгүй шалтгаан маань санхүүгийн боломжгүй байсантай холбоотой. Үүнийгээ ч би удаа дараа намынхандаа хэлж байсан. Зарим хүн шиг төрийн мөнгөнөөс шамшигдуулаагүй учраас надад хурааж хуримтлуулсан зүйл бага.

-Тэгэхээр нам тань хандив нэхсэн учраас нэр дэвшээгүй гэсэн үг үү?

-Сонгуульд оролцоход хувь хүнээс тодорхой хэмжээний мөнгө гарна. Би үүнийг л хэлж байгаа юм. 

-Одоо та намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ. Н.Энхбаяр даргатай уулзаж байна уу?

-Намын үйл ажиллагаанд оролцохгүй байна. Н.Энхбаяр даргатай уулзаагүй. УИХ-ын сонгуулийн өмнө би дарамтанд байж байгаад намаас гарах өргөдлөө өгсөн. Олон шалтгааны улмаас дарамтанд байсан. Үүнээс хойш улс төрийн болоод намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй байгаа. 

-МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн Ч.Улаанд хаягласан захидал бичсэн байсан. Та үүнийг олж үзсэн үү?

-Би олж үзээгүй л байна. Надад урваж, шарвасан зүйл байхгүй. Үзэл бодол нийлэхгүй хүмүүсээс болж л би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Өөрийнхөө үзэл бодол, зарчмаас ухарсан бол урвасан болно. Тэгээгүй байхад хэн намайг урваач, шарваач гэх юм. Ард түмний баялгийг идэж, ууж, оффшор данстай болсон бол урвасан гэж хэлнэ гэх мэтчилэн олон зүйл бий. Надад тийм зүйл байхгүй учраас нүүр бардам байна.

-Шинээр бүрэлдсэн парламент ямархуу төвшинд ажиллаж байна вэ. Өнгөрсөн зургаан сар гаруйн хугацаанд томилгооноос өөр ажил хийсэнгүй гэх шүүмжлэл нийгэмд байна. УИХ-ын гишүүн, сайд байсан хүний хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Үүнийг нэг үгээр хэлж болохгүй. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлтэй л сууж байна. Гэхдээ ажил хийх болов уу гэж харж, хүлээж байна. Тавантолгой, Оюутолгойн асуудалд зөв шийдэл гаргаасай. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал гээд байгалийн баялгаа цөлмүүлж буй байдлыг зогсоох ёстой. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байхдаа хэлж, ярьж байсан зарчим байр сууриндаа үнэнч байгаасай. Ер нь бол сэтгэл түгшээсэн олон асуудал хуримтлагдаж байна. Ардчилалд шилжээд 27, Үндсэн хуулиа батлаад 25 жил болж байгаа хэр нь нийгэмд хуримтлагдсан, болохоо байсан асуудлуудыг Үндсэн хууль руу чихээд улс төрийн намууд, бүлэглэлүүдэд хариуцлага тооцохгүй явж ирсэн нь маш том аюул. 

-Өнгөрсөн парламентын үед хийсэн хууль, тогтоолын төслийг өөрчилж, заримыг нь хэрэгжүүлэх хугацааг сунгаж байна. Хамгийн наад зах нь гэхэд нэр сольж, байгууллагуудын хаягийг өөрчилж байх юм. Төрийн ажлын залгамж чанар гэж ярьдаг хэр нь дөрвөн жилийн мөчлөгтэй бүгдийг өөрчилж байна. Энэ нь тогтолцооны гажиг уу эсвэл хүндээ, намдаа байна уу?

-Энэ бол хүнээс шалтгаалсан зүйл. Нэг болон бүлэг хүн буюу улс төрийн намтай холбоотой алдаж байгаа олон зүйл бий. Энэ бүхнийг Үндсэн хууль, тогтолцооны гажиг руу чихэж болохгүй. Яг гажиг байна уу гэдгийг нухацтай үзэхгүйгээр сайн дурын урансайханч шиг ярьж болохгүй. Эрдэмтэн, мэргэд судлаачдын төвшинд оновчтой гаргаж ирэхгүй бол нийгэм даяараа шуугиад буруу зөрүү өөрчлөлт орчих вий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан улстөрчид өөрсдөдөө ашигтайгаар буюу дараагийн дөрвөн жилд дахин гарчихаар баталчихаж болно шүү дээ. Үүнийг сайн ярих ёстой. Хоёрдугаарт, төрийн албыг самардаг жишиг энэ парламентад дахин давтагдаж байна. Дөрвөн жил тутамд ингэж байх ёстой юм шиг хандлага нь эргээд хариугаа авах өширхөх нөхцөл болж байгаа юм. Өнгөрсөн 27 жилийн гашуун туршлага бидэнд байна шүү дээ. Үүний цаана төрийн бодлогын залгамж чанар, хувь хүний хувь заяа ч яригдаж байна. Нэг улс төрийн хүчин яллаа гээд нөгөө намынх нь үед ажилд орсон хүмүүсийг халж, солих нь хүний ажил амьдралтай холбоотой зүйл шүү дээ.

-Одоо тэгэхээр яах ёстой юм. Нөгөө л хойд захын хар овоохой гэдэг шиг Үндсэн хууль руу бурууг чихэх хандлага надад байна л даа?

-Үндсэн хуулиа мөрдөх ёстой. Хуулиа мөрдөөгүй, сахиагүйгээс болоод байгаа юм. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй гэж би огтхон ч хэлэхгүй. Онож оношлохгүй бол долоон дор болно шүү гэдгийг л дахин дахин хэлээд байгаа юм.

-Хуулиа дагаж мөрдөхгүй байна гэлээ. Тэгэхээр улстөрчдийг хариуцлагатай болгох хуультай болох ёстой гэсэн үг үү?

-Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй хариуцлага гэж байх ёстой. Халдашгүй бүрэн эрхтэй гээд хууль зөрчөөд явна гэсэн үг биш. Манайд хууль дутаагүй, хангалттай бий. Харин тэр эрх зүйн хэм хэмжээгээ дагаж мөрдөхгүй байгаа нь зуршил болчихлоо. Үүнийг л өөрчлөх ёстой. Ялангуяа энэ нийгэмд маш хатуу байх хэрэгтэй. Ийм дэг, журамтай байж бид хөгжил дэвшилд хүрнэ. Өрх гэрийн амьдрал ч мөн адил. Биднийг аврах зүйл нь хууль юм. Үүнд төрийн бодлого сууж өгсөн байгаа. Энэ бодлого хууль болж гарахдаа ард түмний язгуур эрх ашиг, Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хэрхэн зохицуулж чадсан уу гэдгийг л харах ёстой. Эрх мэдэлд хүрчихээр л ухаан нь нэмэгддэг юм шиг аашилж болохгүй. Аливаа улс дампуурдаг шалтгаан нь хуулиа дээдлэхгүй, сахихгүй байгаагаас үүддэг гэдгийг би УИХ-ын гишүүн, төрийн сайд хийж байсан хүний хувьд хойч үедээ хэлмээр байна. Манай улстөрчид Үндсэн хуулиа ягштал мэдэж байна уу гэдгийг харахаар үнэхээр хэцүү. Мэдэхгүй байна. Эрдэмтэд, судлаачид нь хүртэл ойлголтын зөрүүтэй байх жишээтэй. Манайхан ганц хүн аврагчийн дүрээр гарч ирээд бүх зүйл сайхан болчихно гэж боддог. Энэ бол үлгэр шүү.

-Гэхдээ энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой байх шиг. Янз бүрийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд яриад эхэллээ?

-Өөрчлөлт оруулах төслөө нийгэм даяараа хэлэлцүүлэх ёстой. Бид олуулаа байгаа дээрээ Үндсэн хуульд “гар хүрчихье” гэж хандаж болохгүй. Энэ хандлагыг зориуд гаргах, хөөргөх нь эрх баригч хүчний араншин байдаг. Өөрсдөө буруугүй, Үндсэн хууль буруутай гэж чихэх хандлага байдгийг мартаж болохгүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө долоо хэмжиж нэг огтлох ёстой гэдгийг дахин хэлье. Төрийн хүн шиг, ард түмнээ бодож, хэсэг бүлэглэлийн ашиг сонирхлын дагуу хувирч болохгүй. Нухацтай ярьж, хэлэлцэхийн буруу байхгүй. Энэ явцад ойлголтын зөрүү арилж байх ёстой болохоос найзан дундаа орж болохгүй. Өөр нэг зүйл нь эдийн засаг сэхээнд орсон үед улс төрөөс хамаарвал юу болох билээ гэдгээ бодох ёстой. Эдийн засаг хүнд байхад ийм давлагаа нийгэмд өрнүүлбэл усны үерээс аюултай зүйл болно шүү дээ. 

-Та өмнөх парламентын үед Орхон аймгаас сонгогдон ажиллаж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан, аваагүй гэх мэдээлэл гарч байна. Энэ тухайд та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Би хэвлэлээр гарч байгаа хэмжээнд л мэдээлэлтэй байна. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө ямар ч мэдээлэл авч чадаагүй. Сонгууль гээд бүх хүн бужигнаж байлаа шүү дээ. Энэ сиймхийг ашиглаад хууль бус зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг сайн үзэх л хэрэгтэй. Шалгасан ажлын хэсэг нь ч бүгдийг ард түмэндээ тайлагнах ёстой. Байгалийн баялаг Монголын ард түмний эдийн засгийн аюулгүй байдал, сайн сайхан амьдрахын томоохон хүчин зүйлийн нэг. Тиймээс баялгийг хуваарилах асуудалд ямар нэг байдлаар луйвар явж болохгүй. 

-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг өнгөрсөн парламентын үед хамгийн муу, Монголд ашиггүй хувилбар учир хэлэлцэхгүй гэж байсан. Гэтэл энэ удаагийн Засгийн газар яг тэр гэрээг оруулж ирэхийг завдсан гэх мэдээлэл гарсан л даа. Энэ асуудалд таныг үгээ хэлэх байх гэж бодож байна?

-Тавантолгойн асуудлыг бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөв гольдрилд нь барьж чадсан. Өөрөөр хэлбэл, дампуурч байгаа цөөхөн компанийн сонирхлын дагуу ард түмэнд ашиггүй байдлаар хийгээд гаднынханд өгөх нөхцөл үүссэн байсныг хязгаарласан юм. Тухайн үед олонхи байсан намынхан зөв хандаж чадсан. Харин одоогийн эрх баригчид энэ асуудалд яаж хандахыг анхааралтай ажиглаж байна. Тэр муу төслийг далимдуулж ямар нэг зүйл хийчих вий дээ. Өөрсдийн ашгийн төлөө явж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлийн гар хөл болоод гаднынханд өгчих вий гэх болгоомжлол байна.

-Аль ч нам засгийн эрх барьсан тэр бүлэглэлүүдэд хамаардаггүй юм биш үү. Үндсэндээ бүгдтэй нь тохирч чадна гэх маягтай..?

-Засгийг нам барьдаггүй, засгийн эрхэнд төр байдаг гэдгийг хатуу ойлгох ёстой. Нам гэдгийг ямар хэмжээнд байх ёстой гэдгийг маш сайн хязгаарлаж өгмөөр байна. Бүр Үндсэн хуулийн заалт байж болох юм. Төрийн албаар дамжиж төр өөрийнхөө бодлого, залгамж халааг хангах ёстой. Гэхдээ бидний ярих нь ихсээд хэрэгжүүлэх нь дутмаг хандлагатай болжээ. Энэ осолтой хандлага шүү. 

-Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өнгөрсөн дөрвөн жилд төрийн мөнгийг шамшигдуулаад төрийн сангийн дансаа улайлгачихсан юм уу. Одоогийн төрийн эрх барьж буй хүмүүс ийм зүйл ярих юм билээ. Таныг тэр цаг хугацаанд төр түшилцэж байсан болохоор тань асуугаад байна л даа?

-Энэ бол бие даасан том асуудал. Үүнийг нэг цагийн дотор ярихад багадна. Шинэ парламент бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж, хийж буй шалгалтыг харвал хууль зөрчсөн үйлдэл хавтгайрч байсныг харуулж байна. Үүний учрыг шударгаар олох ёстой. 

-Давосын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улс улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрснийг зарласан байна. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн аюулгүй байдал орвонгоороо эргэчихлээ?

-Нэг улсаас хэт хараат болчихжээ. Энэ бодлогын алдаа. Үүнийг өөрөөр юу гэж хэлэх юм. Зах зээл гэдгийг төр өөрөө ерөнхий утгаар нь зохицуулах үүрэгтэй. Гэтэл төр засгаас явуулж байгаа бодлого ямар байна вэ. Түүхий эдээ зөөгөөд хэдэн төгрөгтэй болох тухай л бодож байна. Дан ганц газрын баялагтаа дулдуйдаж болохгүйг өнгөрсөн хугацаанд явж ирсэн бодлого харууллаа шүү дээ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш уначихаар манайх хямраад байдаг. Үүнтэй зэрэгцээд хөдөө аж ахуй, малаа яах ёстой вэ гэдгээ бодсон алсыг харсан тэнцвэртэй бодлого үгүйлэгдсэн хэвээр байна. Мөн өөрсдийн ашгийн, эрх мэдлийн, өмчийн төлөө дайтаж байгаа бүлэглэлийн эрх ашиг болж хувирч байна. Ингэж ард түмний хувь заяагаар тоглож болохгүй. Ингээд ярихаар хариуцлагын асуудал гарч ирнэ. Гэвч нэг хэсэг ярьж байгаад хоорондоо тохироод нам гүм болчихдог байж болохгүй. Үүнийг ард түмэн харж л байгаа. Ард түмэн тэнэг биш шүү дээ. 

-Гүйцэтгэх засаглал бүрдээд долоон сар орчим хугацаа өнгөрч байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?

-Мэргэжлийн мэргэшсэн гэх талаасаа юу л бол доо. Томилгоог нь харвал урд өмнө нь явж ирсэн жишиг харагдаж байна. Олон түмний шүүмжлээд байгааг үндэстэй гэж бодож байгаа. Мэргэжлийн бус мөнгөний Засгийн газар болсон гэдэг. Сайдын албан тушаалд бодлогын хүн байх ёстой. Тухайн салбарыг арван хуруу шигээ мэддэг, аж амьдралаа зориулсан, туршлагажсан хүн удирдвал мэргэжлийн болохоос биш дуртай хүнээ томилдог энэ байдал нь мэргэжлийн бус байгааг илтгэж байна.  

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа таван удаа өөрчилжээ. Хууль дүрэм багадаагүй, гагцхүү биелүүлэхгүй байна гэж та түрүүнд ярилаа. Эдийн засгийн сахилга батаа мөрдөхгүй байгаа энэ байдлыг яаж сахиулж, зөв гольдрилд оруулах ёстой юм бэ?

-Үндсэн хуулийг мөрддөг бусад хуулийг мөрддөггүй гэсэн санаа гарч болохгүй. Хууль бол хууль. Өнгөрсөн 27 жил Монголын улс төрийг удирдсан хоёр том намын тогтоосон улс төрийн дэглэмийг нураахын тулд Ерөнхийлөгч гэдэг институцээр дамжиж магадгүй шүү. Гэхдээ хэн Ерөнхийлөгч байх вэ гэдгийг сайн сонгож, судлахгүй бол одоогийнхоос долоон дор болох эрсдэлтэй. Аливаа зүйл олон талтай. Нэг талыг барьж шуурах нь алдаагаа давтна гэсэн үг.   

-Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. jishee n tumur zamiinhan

    0 0 Хариу бичих
  2. УИХ-ын дэд дарга байсан хүн биз дээ? 27 жил улс төрд байлаа, юу хийв? Ногоон нам, Оюуны нам, МАХН, өөр олон намд байлаа, урвахаас өөр юу хийв

    0 0 Хариу бичих
  3. Өөрсдөд нь хийх эрх мэдэл цаг хугацаа байхад хийгээгүй мөртлөө бусдад заах гээд байдаг хүнийг юу гэдэг вэ??

    0 0 Хариу бичих
  4. Iim hun hognuud yum yarihgui nudend uzegdehgui baival zugeersen.Hogiin tsog gedeg uu ene huniig

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ