Баянгол дүүрэг буюу III хороолол, Өргөө кино театрын хажуугийн 2Д байрны III орцны цахилгаан шат удирдлагаа алдан, доош унасан осол өчигдөр гарчээ. Ослын үеэр 73 настай эрэгтэй хүнд бэртсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Уг осол өчигдөр 16.00 цагийн орчимд болжээ. Тухайн үед 73 настай М I давхраас цахилгаан шатанд суун VII давхарт дарсан гэнэ. Гэтэл дээш явж байсан цахилгаан шат гэнэт доош унан, зогсчээ. Энэ үед М ач охиныхоо нөхөр рүү утсаар ярин “Лифт уначихлаа, үхлээ” хэмээн хэлснээр түүнийг III давхарт байхад нь очсон байна. Тэрээр III давхарт цахилгаан шатны хаалгаар өвөөтэйгөө ярилцаж байтал өвөө нь гэнэт чимээгүй болсон гэнэ. Тухайн үед залуу өвөөгөө ухаан алдчихлаа гэж бодон, дуудаж байтал дээд давхраас шатаар бууж явсан нэгэн залуу IX давхарт цахилгаан шатанд хүн гацсан байгааг хэлжээ. Ингээд дээш гартал III давхарт байсан цахилгаан шат ийнхүү IX давхар руу татагдан тэндээ гацжээ. Тэд лифчин дуудсан ч 20-иод минутын дараа тухайн байрыг хариуцсан “Их өргөө” СӨХ-ны дарга ирсэн ч цахилгаан шатны түлхүүр байхгүй, лифтчиний утас холбогдохгүй байна хэмээжээ. Хүргэн Ш-ийн хэлж буйгаар 16.30 цагийн үед IX давхарт лифтчин ирж, хаалгыг нь онгойлгоход цахилгаан шатны зарим товч нь салсан, 73 настай өвөө нь духаараа юм мөргөн унахдаа хэлээ хазан цус гарсан байдалтай шалан дээр хэвтэж байсан аж. Тиймээс тэд Яаралтай түргэн тусламжийнхны хамт ГССҮТ дээр очиж үзүүлэхэд, М-ийн нурууны гурван үе хугарсан, дал нь цуурсан, толгойдоо бэртэлтэй хэмээн оношлогдон эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа аж.
Бэртсэн иргэний ар гэрийнхэн нь “Их өргөө” СӨХ-ны дарга тухайн үед цагдаа, онцгой байдлын газар болон мэргэжлийн хяналтын газарт дуудлага өгөн нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Ноцтой асуудал үүсээгүй, бид цахилгаан шатанд гацсан хүнийг 5 минутад гаргасан” хэмээн өөрсдийгөө буруугүй мэт тайлбарласанд гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Мөн тус байрны лифтчин бэртэл авсан М-ийн гэрт ирж, цахилгаан шатанд унагасан эд зүйлийг нь өгөхдөө “Бидний буруу биш” хэмээн гэрийн эзэгтэйг хэл амаар доромжилсон гэнэ.
Харин бид энэ асуудлаар “Их өргөө” СӨХ-ны даргатай утсаар холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад, тэрээр “Өчигдөр долоон давхарт амьдардаг хүн нэг давхраас есөн давхар руу гараад цахилгаан шатанд гацсан байсныг бид шуурхай ажиллан гаргасан. Тухайн үед цахилгаан шатны хурд хязгаарлалтын улмаас есөн давхарт чичиргээ өгөн гацсан байсан. Бид түргэн тусламж дуудан түүнд авах ёстой арга хэмжээгээ авсан. Манай СӨХ БНСУ-ын “Handook” үйлдвэрийн уг цахилгаан шатыг 2012 оны хоёрдугаар сард суурилуулан сар бүр засвар үйлчилгээг нь хийгээд явж байгаа. Тухайн өдөр манай СӨХ 5 цахилгаан шатаа зогсоон үзлэг үйлчилгээ хийн ганц явж байсан цахилгаан шат нь тэр гуравдугаар орцных байсан. Одоогоор холбогдох байгууллагууд шалгалт хийн ажиллаж байгаа. Цахилгаан шат чухам юунаас болж гацсан талаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа” гэв.
Тухайн цахилгаан шат өмнө нь гурваас хоёр давхар руу унаж гацаж байсан талаар бэртсэн иргэний ар гэрийнхэн хэлж байлаа.
Цахилгаан шатыг одоогоор ашиглахгүй “Засвартай” гээд бичиг наагаад тавьчихсан байгаа гэнэ.
