-Интернетээр бараа, бүтээгдэхүүн зарж, түүнийхээ орлогоор амьдралаа болгоод л явна-
Уншигчид маань Сук Сук буюу С.Хорлоо эмээгийн Сувдаа гэх бүсгүйг андахгүй таних биз ээ. Гуч дөнгөж гарч яваа гурван хөөрхөн охины ээж Сувдаа маань бусдад баяр баясал бэлэглэж, сайн үйлсийн үрийг тарьж, мянга мянган хүнд амьдрах итгэл хайрласаар байгаа мундаг бүсгүй.
Түүний том охин нь хоёрдугаар ангийн сурагч бол удаах нь таван настай. Харин бага охин нь есөн сартай. Сувдаа бидэнтэй ярилцахаар ирэхдээ бага охин С.Энх-Ивээлтэйгээ ирсэн юм.
Ингээд Ц.Сувд-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Та ойрд тун завгүй байгаа харагдсан. Өнгөрсөн долоо хоногт хоёр ч айлыг орон гэртэй болгосон байв уу?
-Маш хүнд нөхцөлд амьдарч байсан хоёр сартай болон 20 хоногтой нярайтай хоёр айлыг орон гэртэй болголоо. Бид нялх хүүхэд, өндөр настай хүмүүс хүнд нөхцөлд амьдарч байвал яаж ийж байгаад л туслахыг хичээдэг.
Н.Цэцэгээ гуайн хувьд охиныхоо хоёр сартай нярай болон түүний хоёр хүүхдийн хамт хана нь нурсан дулаалгагүй гэрт амьдарч байсан. Харин 20 хоногтой нярай маань аав, ээж, ах, өвөөтэйгээ автомашины граажид хоног төөрүүлдэг байсныг та бүхэн харсан байх.
-Манай уншигчид таныг Хорлоо эмээгийн Сувдаа гэдгээр андахгүй. Ингэхэд та ямар мэргэжилтэй, аль нутгийн бүсгүй билээ?
-Би Увс аймгийн Өлгий суманд төрж өссөн хөдөөгийн бүсгүй. Аав ээжээсээ ах дүү долуулаа. Завханы МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Завхан аймагт мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаж байгаад тэндэхийн бэр болсон. Хоёр охиноо Завхан аймагт хадмындаа амьдарч байхдаа төрүүлж байлаа. Бага охиноо хотод ирээд төрүүлсэн.
-Таны хань ямар хүн байдаг вэ?
-Охидын минь аав Завхан аймгийн хүн. Бид тусдаа гарч, өрх тусгаарлаагүй байхдаа хоёр охиноо төрүүлсэн юм. Нөхөр маань тэр үед хотод оюутан байлаа. Ингээд манай хүн сургуулиа төгсөх цаг болж, өрх тусгаарлаж амьдралаа төвхнүүлэх талаар ярьж байсан үе л дээ. Одоогоос яг таван жилийн өмнө. Тэгсэн манай хүн “Сургуулиа төгсч чадаагүй, дундаас нь хаясан” тухайгаа бидэнд дуулгасан. Ингээд л би эмэгтэй хүний бардам зангаар хоёр охиноо аваад нутагтаа аавынхаа гэрт очиж байлаа. Аав маань хорт хавдраар нас бараад удаагүй байсан үе. Ээж минь намайг оюутан байхад мөн л хорт хавдраар өөд болсон.
-Та гурвын араас нөхөр тань очсон биздээ?
-Ирээгүй ээ. Бид гурав ирэх болов уу гэж их харсандаа. Ингээд би нутагтаа аавынхаа гэрт хоёр гурван сар амьдраад удалгүй хот руу нүүсэн. Бусдын л адил хот газар очиж ажил төрөл хийе, амьдралаа өөд нь татъя гээд ирж байсан.
-Тухайн үед таны ах, эгч хотод амьдардаг байсан уу?
-Манай нэг ах хотод байдаг. Тэдний хажууд хашаанд нь бид гурав аавынхаа гэрийг барьж, хотын айл болж байлаа. Бусад ах, эгч маань Ховд, Увс, Багануурт амьдардаг.
-Хөдөөнөөс хотод суурьшихаар ирсэн хүмүүст ажил олдохгүй хэсэгтээ л хэцүү байдаг. Та хотод ирээд мэргэжлийнхээ ажлыг хийсэн үү?
-Хотод ирээд мэргэжлээрээ ажлаагүй. Би хоёр дахь охиноо төрүүлчихээд нэлээд жин нэмсэн. Бараг 90 кг болчихсон байсан. Банкинд ажилд орох гээд анкет бөглөхөөр бие хаа, зүс царайгаар гологдоод, ажил олдохгүй. Ингээд хоёр охиноо тэжээхийн тулд хар бор ажил хийсэн. Арьс ширний үйлдвэрт арьс угааж, хусаж явлаа. Цайны газарт аяга тавга угаагчаас эхлээд тогооч болтлоо дэвшиж ч үзлээ.
-Та хэд одоо түрээсийн орон сууцанд амьдарч байгаа гэсэн үү?
-Бид дөрөв өнгөрсөн зун Багануурт зуссан. Тэнд ахынхаа хашаанд гэрээ барьчихсан байгаа. Одоохондоо би бага охинтойгоо байр түрээслээд амьдарч байна. Хоёр охин маань манай хадам аав, ээж хоёр дээр байгаа. Хадмууд маань бүхий л үед миний дэргэд байж, тусалж дэмжсээр ирсэн. Хэзээ ч намайг орхиж байгаагүй, ёстой бурхан шиг хоёр хөгшин бий. Хүмүүс намайг ажил хийхгүй ямар орлогоор амьдраад байна вэ гэж их сонирхдог юм шиг байна лээ. Би интернетээр бараа, бүтээгдэхүүн зарж, түүнийхээ орлогоор амьдралаа болгоод л явна.
-Олны хүчээр Хорлоо эмээгээ тавхан хоногийн дотор байшинтай болгосон-
-Ингэхэд та бусдад тусладаг энэ сайхан ажлаа хэзээ эхлүүлсэн юм бэ?
-Хотод нүүж ирсэн цагаасаа л их бага хэмжээгээр бусдад дэм тус болдог байсан. Хотынхон “Би л болж байвал бусад хүн надад хамаагүй” гэсэн амин хувиа хичээсэн үзэлтэй юм шиг санагддаг байлаа. Ер нь тийм хувиа хичээсэн хүмүүстэй олон таарч байсан даа, би.
Тийм хувиа хичээсэн хүмүүс дээр очоод л “Та ийм хувиа хичээсэн байж болохгүй” гэхийн оронд би өөрийнхөө үйлдлээр нэг ч гэсэн хүнд нөлөөлье гэж бодсон л доо. Ингээд долоо хоногт ядаж нэг ядарсан хөгшнийг хоолонд оруулж, ойр зуурын хэрэгцээтэй зүйлийг нь авч өгдөг байлаа. Тэр тухайгаа өөрийнхөө фэйсбүүкт бичдэг байсан.
-Таны үйлдэл өдгөө олон хүний амьдралд гэрэл гэгээ асаасан. Мэдээж тэдний хамгийн тод жишээ бол Хорлоо эмээ шүү дээ. Хорлоо эмээтэй уулзаж байсан үеэ та эргэн дурсаач?
-Би найзтайгаа урьдын л адил нэг хөгшинд хоол авч өгье гээд Бөмбөгөр орсон юм. Найзынхаа хэлснээр тэнд цай зардаг өндөр настай эмээг баахан хайж хайж, олсонгүй. Ингээд гуйлга гуйдаг өвөөг хоолонд оруулчихаад харьсан юм. Өвөө ч баярласнаа илэрхийлж надад дуу дуулж өгөөд. Өвөөгийн талаар фэйсбүүктээ бичтэл нэг ах “Өвөөд өгөөрэй” гээд надад 50 мянган төгрөг өгсөн.
Маргааш нь нөгөө өвөөд мөнгөө өгөх гээд Бөмбөгөр орлоо. Тэгсэн өвөөгөө олдоггүй ээ. Ингэж хоёр өдөр дараалж эмгэн, өвгөн хоёр хайдаг юм байна. Өвөөгөө олоогүй хүн харихаар автобусны буудал дээр зогсож байтал азаар нөгөө цай зардаг эмээтэйгээ таарсан.
-Тэр эмээг С.Хорлоо эмээ гэдгийг та яаж мэдсэн юм бэ. Та өмнө нь түүнийг харж байгаагүй биздээ. Зургийг нь харж байсан юм уу?
-Би эмээг өмнө нь харж байгаагүй. Зургийг нь ч харж байгаагүй. Ер нь андашгүй л дээ. Цай үүрээд явж байдаг хоёр таягтай эмээ гэхээр. Ингээд эмээг дагаж автобусанд суугаад гэрт нь хүргэж өгсөн юм. Эмээгийн амьдардаг жижигхэн байшинг ингэж л анх харж байлаа. Биднийхээр бол нүүрсний амбаарт амьдардаг байсан шүү дээ, С.Хорлоо эмээ минь. Тэр өдөр би эмээгийнхээс гарч явахдаа “Хөөсөнцөр ч юмуу дулаалга авчирч энэ эмээгийн байшинг ядаж нүх сүвийг нь таглаж өгнө дөө” гэж бодсоор харьсан. Ингээд урьдын л адил эмээгийн талаар фэйсбүүктээ бичтэл, маш олон хүн туслая гэж надад хандсан.
-Хорлоо эмээг байшинтай болгоход гар бие оролцсон залуус ёстой л “Олны хүч оломгүй далай” гэдгийг батлан харуулсан шүү?
-Тиймээ. Олны хүчээр эмээдээ тавхан хоногийн дотор шинэ байшин барьж өгсөн шүү. “90 настай энэ эмээ цай зарж, олсон мөнгөө өвчтэй хүүдээ өгдөг” тухай фэйсбүүктээ бичсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн байх. Хорлоо эмээ маань өргөмөл ганц хүүдээ бүхнээ л зориулж өдийг хүрсэн хөгшин.
Амьдардаг байсан байшингаа зарж хүүгийнхээ эмчилгээнд зориулсан боловч хүү нь ч олигтой эмчлэгдээгүй юм билээ. Ингээд л эмээ маань орон байргүй болж, өөрийнхөө байшингийн хажууд жижиг амбаарт хоног өнгөрөөдөг байсан. Эмээгийн байшинг худалдаж авсан хүмүүс “Өндөр настай хүнийг яаж хөөх вэ дээ” гээд хажуудаа байлгадаг гэж байсан.
-Бидний тусламжийг авч байсан хүмүүс маань одоо эргээд “Сувдаадаа туслана аа” гэдэг-
-Та өндөр настай хүмүүст түлхүү тусладаг юм шиг санагдсан?
-Энэ бүхнийг би ганцаараа хийдэггүй шүү. Тийм болохоор та биш та бүхэн гэж ярих нь зүйтэй болов уу. Намайг залгахад юу ч хийхэд бэлэн асаалттай танк шиг залуус маань миний ард байдаг.
Бид өөрийнхөө чадал хүрэхгүй зүйлд ам гардаггүй. Таны хэлсэнчлэн, нэн тэргүүнд өндөр настай болон нялх хүүхдэд туслахыг хичээдэг. Бас амьдралын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг хүмүүст чадлаараа дэм болъё гэж боддог доо.
-Гэр орон, ажил төрөлтэй болгоод дэмжиж, туслаад байхад дэм тус ойлгохгүй, итгэлийг тань алдах хүмүүс байх уу?
-Ер нь гайгүй шүү. Гэхдээ зарим нь архиа уучихсан явж л байдаг. Гэхдээ тэр хүмүүс дотроо сайхан амьдаръя, архинаас гаръя, амьдралаа өөд нь татъя гэсэн тэмүүлэлтэй, бодолтой байдаг. Тийм хүмүүстэй ойр байж ярилцаж, сэтгэл санааг нь дэмжих шаардлагатай байдаг. Бид заримдаа сэтгэл зүйч болчихсон, нөгөө хүмүүстээ зөвлөгөө өгөөд л явж байдаг шүү дээ /инээв/.
Зарим нь одоо эргээд “Сувдаадаа туслана аа. Яаж туслах уу” гэдэг. “Хүүхдүүдийг чинь хараад өгье. Чи ажлаа амжуул”, “Хувцас хунарыг чинь угаагаад өгье” гээд л, хөөрхөн. Тэднээсээ би чинь эргээд итгэл найдвар, урам зориг аваад л амьдарч байна даа.
-Олны дэм, хүчээр та бүхний ажил бүтэмжтэй сайхан байдаг нь мэдээж. Гэхдээ зарим үед бэрхшээл тулгарахад шантарч, “одоо болъё” гэж бодох үе танд байсан л байхдаа?
-Хэцүү байна, болъё гэж шантарч байгаагүй. Бидний туслаж байгаа айлыг зарим хүмүүс “Арчаагүй, доожоогүй. Өөрсдөөсөө болж ингэж амьдарч байгаа юм” гэхэд нь та “Нөхцөл байдал дээр өөрийн биеэр очоод үз” гэж хэлмээр санагддаг шүү. Зураг үнэн байдал хоёр шал өөр шүү.
“Загасыг нь барьж өгснөөс загас барих аргыг нь зааж өг” гэдэг үг байдаг. Гэхдээ үнэхээр “Загасгүй нуур” байвал яах юм бэ. Бидний туслаж байгаа айлуудыг доромжилсон тэр хүмүүст ингэж хэлмээр байдаг шүү. Иймэрхүү зүйл дээр хааяа сэтгэлээр унана аа.
-Өөрийгөө олж авсан минь миний хамгийн том амжилт-
-Таныг хийсэн ажлаа хэтэрхий рекламдаж, “шоу” хийлээ гэж шүүмлэх сэтгэгдлүүдийг нэг биш удаа харж байсан. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Аливаа юм хоёр талтай байдаг. Нэг хэсэг нь магтаж, урамшуулж байхад зарим нь шүүмжилж байдаг. Хийж байгаа ажлынхаа талаар өөрийнхөө фэйсбүүкт бичихээр өөрийгөө рекламдлаа гэж ойлгодог юм шиг байна лээ.
Хийсэн ажлынхаа талаар фэйсбүүктээ нийтэлдэг маань хоёр зорилготой. Нэгдүгээрт, хүмүүсийн дотор нуугдаж байгаа тусч, өгөөмөр сэтгэлийг идэвхижүүлэхийг хүсдэг. Хоёрдугаарт, монголчууд маань нэгдэж чадвал юу хийж чаддагийг олон түмэнд харуулахыг зорьдог.
-Гэхдээ амьдралд муугаасаа сайн хүн нь илүү байдаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч олон хүн танд маш сайхан урмын үг хайрладаг байх. Сэтгэлээс тань гардаггүй урмын сайхан үгийг хэзээ, хэнээс сонсож байв?
-Миний нэг ягаан малгай байдаг даа. Тэр малгайг надад эгч маань Хорлоо эмээд туслахын өмнөхөн авч өгсөн юм. С.Хорлоо эмээд туслаж байх үеийн зурагнууд дээр ихэнхдээ тэр малгайг өмсчихсөн байгаа. Тэгсэн саяхан нэг эгч “Сувдаа ягаан малгайгаа өмсөхөөрөө сайн үйлс хийдэг” гээд биччихсэн байсан. Сая Н.Цэцэгээ эмээд туслахдаа тэр малгайгаа өмсч таарсан юм л даа. Энгийн боловч тэр эгчийн хэлсэн энэ үг их хөөрхөн санагдсан.
-Та өнгөрсөн хугацаанд олон хүнд туслаж, олон ч айлын амьдралыг өөрчиллөө. Харин энэ хугацаанд Ц.Сувд-Эрдэнийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?
-Би энэ хугацаанд өөрийгөө л олж авлаа. Юу хүсдэг, юунд дуртай, юунаас аз жаргал мэдэрдэг гээд ер хэн бэ гэдгээ маш сайн ойлгосон.
-“Итгэл сэтгэлийн гүүр” сангийн маань залуус 4000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 19 айлыг гэр оронтой болгожээ-
-Таны хэлсэнчлэн эдгээр сайн үйлсүүдийг зөвхөн Сувдаа ганцаараа хийгээгүй. Таны ард “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн олон залуус бий. Та бүхэн энэ сангаа хэзээ байгуулсан билээ?
-С.Хорлоо эмээд байшин барьж өгсний дараа олон хүн “Та нар албан ёсны байгууллага байгуул” гэж хэлсэн л дээ. Ингээд би залуустаа энэ талаар хэлж, удалгүй “Итгэл сэтгэлийн гүүр” сангаа байгуулсан. Энэ хугацаанд бид 4000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 19 айлыг гэр оронтой болгожээ.
-Танай сангийн туйлын зорилго юу вэ?
-Нийгмийн ялгаатай төвшнийг арилгахад өөрсдийн хувь нэмрээ оруулах. Монголчуудын нэг хэсэг нь хэтэрхий баян, нөгөө хэсэг нь дэндүү ядуу амьдарч байна. Болдог бол нэг саванд хийж сэгсэрч байгаад амьдралын гоё өнгийг гаргачих юмсан гэж боддог шүү.
-Эдийн засгийн хямралтай энэ үед мөнгөн хандив цуглуулна гэдэг амаргүй ажил байх шүү?
-Хүмүүс эдийн засаг хямралтай байна гэх хэдий ч ажилтай иргэд маань өдөрт 5000 төгрөгөөр хоол авч идэж байгаа. Хэрвээ та хүсвэл нэг өдрийнхөө хоолны мөнгийг бусдад хандивлаж, тэр хүний амьдралыг тэс өөр болгож болно. Гэхдээ сайхан сэтгэлт хүмүүс маань буяны ажилд гар татаад байдаггүй. Сайхан сэтгэлтэй хүмүүс муу сэдэлтнээсээ хамаагүй илүү байдаг шүү.
-Ер нь хүмүүс ийм дорой, хэцүү амьдарч байгаагийн шалтгаан таны бодлоор юу вэ?
-Би хотод нүүж ирснийхээ дараа ядуу, дорой амьдралтай хүмүүсийг залхуу болохоор ингэж амьдарч байна гэж боддог байсан. Тэр үед надад ч хоолгүй, хоосон хонох өдрүүд байсан. Өнгөрсөн таван жилийн амьдрал маань надад их зүйл ойлгуулсан. Ядруу амьдраад байгаа энэ хүмүүс жоохон эргүүлэгт гацчихсан байдгийг ойлголоо. Тэр эргүүлгээс нь гаргахын тулд энэ хүмүүст урам зориг хайрлаж, итгэл хүлээлгэх хэрэгтэй юм шиг санагддаг. Магадгүй бидний ажил энэ хүмүүсийг тэр эргүүлгээс нь гарахад бага ч гэсэн дэм болдог байхаа.
-Хорлоо: Миний Сувдаа ухаанаараа баян болохоор бусдад тус, дэм болдог-
...Ийн бид ярилцлагынхаа дараа Ц.Сувд-Эрдэнэ болон түүний бага охин С.Энх-Ивээлийн хамт С.Хорлоо эмээгийн гэрийг зорилоо. Сувдаа эмээгийнд очих замдаа “Хорлоо эмээгийн бие ойрд сайнгүй байгаа. Хүйтэнд цайгаа зараад яах вэ. Гэртээ дулаахан сууж бай гээд л байхад үгэнд орохгүй юм. Ханиад хүрээд, астам нь хөдөлчихсөн гэсэн. Энэ бандгарыг аваачиж үнсүүлэхгүй бол “Санаад байна” гээд байх юм хөөрхий” хэмээн хуучлав.
С.ХОРЛОО ЭМЭЭГИЙНД ЗОЧИЛСОН СУРВАЛЖЛАГЫГ ЭНДЭЭС УНШААРАЙ.
С.Хорлоо эмээ ч биднийг очиход ихэд баярлан, бандгар охиноо өхөөрдөн хошуу дэвсэнэ. С.Энх-Ивээл ч эмээдээ эрхэлж, элдэв янз болох нь эгдүү хүрмээр. “Чамайг улстай ирнэ гэж мэдсэнгүй. Хэлэхгүй дээ. Чамд тэр аяганд хэдэн банш хийчихсэн байгаа. Сувдаа минь ид. Дэлгүүрийн хүүхэн “Танай Сувдаа ахиад нэг эмээг гэртэй болгосон байна” гэж байна лээ. Утсан дээрээс харсан юм байх аа. Тэр эмгэн мөн хэцүү гэрт амьдардаг байжээ” хэмээн Хорлоо эмээ Сувдаагаа халамжлахын зэрэгцээ элдвийг асууж, лавлана.
Энэ хооронд Сувдаа эмээгийнхээ хэдэн буурал үсийг цэгцэлж, “Даралт чинь хэдтэй байна. Хөл нь яаж байна. Хоол ундтай юу. Эмийн сан орж эм тан авах уу. Юу хэрэгтэй байна” гэлцэнэ. С.Хорлоо эмээд хариуд нь “Одоо би Сувдаагаасаа юу авах вэ дээ. Энэ хүмүүс “Танай Сувдаа ямар мөнгөөрөө хүмүүсийг гэр оронтой болгоод байна” гэж асуух юм. Тэгэхээр нь би “Миний Сувдаад юу байхав дээ. Ухаанаараа баян болохоор ингэж олонд тус болдог юм” гэж хэлсэн” хэмээн жуумалзана...
ГЭРЭЛ ЗУРГИЙГ БОЗАД