Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг хоёр хоногийн өмнө гарсан.  Тодруулбал, хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан Б гэх эрэгтэй үл мэдэх зүйлээр хоолойгоо хэрчсэн гэдэг. Урьдчилсан байдлаар шинжээчид түүнийг хумсаараа хоолойгоо зүссэн байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргасан талаар тус шүүхийн Тамгын газраас мэдээлсэн.

Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлж, 6-7 оёдол тавьснаар амийг нь аварсан байна. Тэрээр “Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо хэрчсэн бөгөөд уг үйлдэл нь шүүх танхимын хяналтын камерт бичигджээ.

Б-ийн энэхүү үйлдлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Одхүү “Шүүх хуралдааны үед цагдаагийн нэг алба хаагч байсан. Манай байгууллага ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас харуул хамгаалалтын хувьд цагдаа нар анхаарал хандуулахгүй бол хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол их байна. Өмнө Тахарын байгууллага энэ үүргийг гүйцэтгэж байхад ийм тохиолдол гарч байгаагүй” хэмээн тайлбарласан. Мөн шүүгдэгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тухай үг хэлээгүй гэсэн юм.

-Шүүх танхимд хоолойгоо хэрчсэн үеийн БИЧЛЭГ-

Тэгвэл шүүх хурлын танхимд хоолойгоо зүсч танхайрсан Б-г Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, хошууч Ё.Лхагвасүрэн “Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орж шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой. Үзлэгээ хийж, журмын дагуу ажилласан. Тухайн шүүх хурлын бичлэгт шүүгдэгчийг хоолойгоо зүсэхэд цагдаа болиулахаар ажиллаж байгаа дүрс байна. Тиймээс цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Харин хуулийн дагуу шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэн, шалгаж байна” гэв.

Шүүгдэгч Б-ийн хувьд өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан ч давтан гэмт хэрэг үйлдэн дахин шүүхийн өмнө ирээд байжээ. Одоо түүний өмнөх хоёр зүйл анги дээр танхайрсан гэх зүйл анги нэмэгдээд байна.