Шинэ хэв шинж бүхий ирээдүйн хот

Үндэсний тойм сэтгүүл


Жэйми Лернер: Архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн бөгөөд Бразилийн улс төрч асан. Тэрээр “Хотын зүү эмчилгээ” номын зохиогч юм.

Дэлхий дахиныг зовоож буй байгаль орчны болон нийгмийн асуудлыг зохицуулах шийдэл хот болгонд байна.

Дэлхийн дулаарал, ган гачиг, цагаачлал, хүн амын өсөлт зэрэг нь хотуудад хүндхэн ачаалал өгсөөр байна. Ийм дүр зургаар хотуудын, мөн бидний ирээдүй ямар байх бол?
Уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын нөлөө үлэмж. Дэлхийн хүлэмжийн хийн 75 хувийг хотууд ялгаруулж байна гэсэн тооцоо бий. Арван хоёрдугаар сард Парист болох уур амьсгалын асуудлаарх бага хурлын өмнө хөгжингүй болон хөгжиж буй орнууд ялгалгүй хүлэмжийн хийг багасгах талаар дэлхий нийтийн зөвшилцөлд хүрэхээр чармайж байна. Харин энэ зөвшилцөл нь дэлхийн олон янз бодит байдал, олон соёл, эдийн засгийн хөгжлийн харилцан адилгүй түвшин бүрийг шингээж чадах болов уу? Асуудалд нэг улсын хэмжээгээр сэтгэж хандах нь үр өгөөжтэй үйлдэл мөн үү? 

Дэлхийн хүн амын олонх нь хотод амьдарч, хотынхон хүрээлэн буй орчинд ийм их нөлөөлдөг юм бол хүмүүсийн аж амьдралыг сайжруулах, гариг ертөнцтэйгээ зохистой харьцах арга ухааныг олох шийдлүүд чухам хотын оршин суугчдаас л гарах нь зүйн хэрэг бус гэж үү? 

Бидний өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хотууд л гаргаж чадна гэдэгт би баттай итгэдэг. Их бага, баян ядуугаар үл хамааран хот болгон хоёроос гурван жилийн дотор дорвитой сайжрах бололцоотой. Тэгээд ч хот гэдэг бол хүний нийгэмд үлдсэн эв нэгдлийн сүүлчийн боломжит орон зай гэж би үздэг. 

Мега-хотуудын жагсаалт тэлсээр, улам бүр олон хүн хөдөөнөөс хот руу шилжин суурьшсаар байгаа энэ үед хот болгон өөрийн доторх ахуй амьдралын чанарыг тодорхойлох гурван асуудлыг чухалчлах нь зүйтэй. Эдгээр нь замын хөдөлгөөн, тогтвортой хөгжил, нийгмийн олон талт төрх гурав бөгөөд чухам эндээс манай нийгмийн хэтийн тогтвортой байдлыг хангах шийдлүүд урган гарна. 

Хот төлөвлөгчид замын хөдөлгөөний асуудлыг хөндөхдөө хотыг автоманшинаас дээгүүр, хүмүүсийг мөн автомашинаас дээгүүр тавих ёстой юм. Автомашин гэдэг зүйл үйлдвэрлэгдэж эхлээд зуу гаруйхан жил л өнгөрсөн атлаа одоо эзэлж байгаа орон зай, шаардаж байгаа дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хэтийдсэн их. Автомашин гэдэг бол ирээдүйн тамхи юм. 

Автомашин ямар ч хүнтэй зүйрлэмгүй үлэмж их орон зайг эзэлж байна. Гэрийн ойролцоох дундаж зогсоолын талбай 25 кв. метр, ажилдаа машинаа унаж очвол ажлын хажууд дахиад 25 кв. метр, нийтдээ зөвхөн ганц машин “сойх” гэж 50 кв. метр талбайг өөрөөр ашиглах боломжгүйгээр“зарлагадах” болно. Тэгвэл дэлхийн олон улсад 50 кв. м зай гэдэг бол бүтэн айлын орон сууц, эсвэл ажлын байртай тэнцэх талбай байдаг. Машинд эзлүүлж бай энэ их зай талбайн ядаж нэгээхэн хэсгийг айлын гэр орон, ажлын байр болгон ашиглавал, бүр олон нийтэд хэрэгтэй талхны цех, кофены газар, номын дэлгүүр, цэцгийн худалдаа зэрэг жижиг бизнест хэрэглүүлбэл хэчнээн их өгөөжтэй болохыг бодоод үз дээ!

Замын хөдөлгөөнийг боловсронгуй тулд бид эн тэргүүнд ая тухтай, аюулгүй, найдвартай, хямд хүртээмжтэй, ашиглахад хялбар нийтийн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх ёстой. Нийтийн тээврийн бүхий л төрөл (галт тэрэг, метро, автобус, трамвай, такси, дугуй) хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж харилцан дамжих сүлжээнд нэгдсэн байх учиртай юм. Парисын “Autolib”, “Vélib” шиг автоманишны болон дугуйн прокат үйлчилгээ ч чухал үүрэгтэй.

Гэсэн ч нийтийн тээврийн ирээдүй бол “газар дээрх метро” гэгддэг тусгай замын автобус буюу BRT төрлийн систем гэдэгт би итгэдэг. BRT систем нь нэгэнт байгаа дэд бүтцэд суурилж, өөрчлөлт оруулсан ч явах зам, урсгалаа тодотгох, шаардлагатай технологийн шинэчлэл хийх зэргээр л хязгаарлагдана. Ийм тээвэр ердийн автобусных шиг хүлээлт үүсгэхгүй найдвартай ажиллагаатай, өртөг зардал багатай, (метроны шугам барихаас хавьгүй хямд) уян хатан графикаар нэвтрүүлэх боломжтой зэрэг олон давуу талтай. Анх Бразилийн Куритиба хотод 1974 онд явж эхэлсэн BRT систем нь өдгөө Богота, Сөүл, Истанбул, Бээжин, Рио-де-Жанейро зэрэг дэлхийн 200 гаруй хотод үйлчилж байгаа бөгөөд цаашид ч олон хотод нээгдэх төлөвтэй. Хэтдээ BRT нь резинэн дугуйтай, зориулалтын замаар явж буудал болгон дээрээ цэнэглэгддэг хөнгөн цахилгаан тэрэг болж хөгжих байх гэж би боддог. 

Тогтвортой хөгжлийн асуудлыг хөндөхдөө гол нь эрчим хүч, цаг, нөөц баялгийн үрэлгэн ашиглалтаас зайлсхийх шаардлагатай юм. Хамгийн энгийнээр хэн бүхний хийж чадах зүйл бол машинаа аль болох бага унах, ажилдаа ойрхон амьдрах, хаягдлаа дахин ашиглах зэргээс эхэлж болно шүү дээ. Үр ашиг өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал техник ашиглах нь чухал хэдий ч үүнээс илүүтэйгээр хот төлөвлөлтөө өөрөөр хийж тогтвортой орчин бүрдүүлэх нь асар том өөрчлөлтийг авчирна. Хот төлөвлөлт гэдэгт хотын зохион байгуулалт, өсөлтийн төлөвлөлтийг багтаан ойлгож байна. 

Эрүүл хот хэмээгч нь ажил, амьдрал, хөдөлгөөний нэгдмэл бүтэц мөн. Үүнийг газар орон, экосистем буюу хөрс, ус, ургамлын бүтцийг тэгш харгалзан төлөвлөсөн дизайнаар цогцлуулах боломжтой. Дизайнчлагдсан ийм төлөвлөлт олон нийтийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэн залж, хүн амын нягтрал, орон зайн ашиглалт, хэрэглээний болон орлогын түвшний оновчтой зохицуулалт хийх боломжийг бүрдүүлнэ. 

Хотын эдийн засгийн гол цөм нь үйлчилгээ, жижиглэн худалдаа, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийн салбар руу шилжихийн хэрээр олон ажлын байр хүмүүсийн гэрт ойртон ирж, шинэ технологийн тусламжтайгаар олон хүн ямар ч цагт, хаанаас ч ажлаа гүйцэтгэх бололцоотой болсон. Энэ нь гэр, ажил хоёрын хооронд зорчих хугацааг богиносгож, цаг болон эрчим хүчний хэмнэлт гаргана. Түүнчлэн соёл урлаг, амралт чөлөөт цагийн газар руу нийтийн тээврээр, эсвэл явганаар очих боломжтой байхаар хот төлөвлөх нь ч энд өгүүлэн буй тогтвортой хөгжил, хэмнэлтийн горимын нэгэн бүрдэл хэсэг байх болно. 

Харин нөгөө талаас хотыг тусгайлсан чиг үүргийнх нь дагуу орон сууцны хороолол, захын хороолол, төвийн бизнес дүүрэг гэж хэсэгчлэн хуваах байдлаар төлөвлөх нь орон зайн үр ашиггүй зохицуулалт бөгөөд эдгээрт байгаа дэд бүтцийг өдрийн, эсвэл шөнийн турш сул зогсоход хүргэнэ. Тэгвэл оршин суугчдынхаа олон талт үйл ажиллагааг дэмжихүйц байдлаар төлөвлөсөн цомхон хотын цэсэнд байгалийн унаган төрх бүхий газар, цэвэр усны нөөц, түүгээр зогсохгүй ферм, тариалангийн газрыг ч багтаасан байдаг. 

Олон талт төрхөөс үүдэлтэй асуудал хөндөж байгаа бол хот хэмээгч нь шинэ оршин суугчдыг шингээсээр байдаг “зуух” гэдгийг санах хэрэгтэй. Шинэ Тив угтаа ийм жороор бүрэлдсэн, тиймээс урьдын сургамжаа бас мартаж болохгүй. Харин өнөөдөр Шинэ Тив ч тэр, Хуучин Тив ч тэр тогтсон статус квог үгүйсгэгч хүмүүсийн давалгаанаас эмээн болгоомжилж буй. Манай нийгэм олон талт төрх нь нэмэгдэхийн хэрээр ижилслийн хямралд орж байна. Сүүлийн үеийн дүрвэгсдийн хямрал яах аргагүй зэрэгцэн оршихуйн хэрэгцээ шаардлагыг бий болголоо.

Хотууд цөхрөл бухимдал дуудах биш, итгэл найдвар төрүүлэх ёстой. Хамтын ижилслийн ухамсар, хүлээн зөвшөөрөгдөх, харьяалагдах мэдрэмж зэрэг нь амьдралын чанарыг дээшлүүлдэг. Хүмүүс бие биетэйгээ харилцах, холбоо тогтоох орон зай болох гол ус, цэцэрглэгт хүрээлэн, нийтийн байгууламж зэргийг хот бүрдүүлж өгөх ёстой. Ийм газруудад яг л өдрийн тэмдэглэл, гэр бүлийн зурагтай адил хотын оршин суугчдын ой санамж, дурсгал хадгалагддаг.

Хотын ижилслийг хамгаалахын сацуу оршин суугчдын нийгмийн олон талт өнгө төрхийг мөн хөхиүлэн дэмжих ёстой юм. Хөрөнгө чинээгээр нь, эсвэл үндэстэн угсаатны гарал үүслээр нь, насны ангиллаар нь тусгаарласан гетто маягийн зохион байгуулалтад хот хэрхэвч орж болохгүй. Хана, хашаа тэргүүтэн нь бодитоор бус, зөвхөн хийсвэр төсөөлөлд л хамгаалалтын хэрэгсэл болж харагддаг. Харин аюулгүй, амгалан оршихуй бол нийгмийн эв нэгдэл, нягтрал, хамтын аж төрөхүйгээс улбаатай харилцан хүндэтгэл, харилцааны соёлын үрээр л бүрэлддэг зүйл юм. 

Эдийн засгийн хангалуун байдал тайван, тогтвортой байдлыг бий болгодог. Гэхдээ дан ганц санхүүгийн механизмаар эдийн засгийн өсөлтийг хангах шийдэл эрэлхийлэхийн оронд амьдралын чанарт хөрөнгө оруулах шаардлагатай. Дэлхий даяар банкны салбар болон автомашины үйлдвэрлэл рүү цутгаж буй олон тэрбум долларын ядаж өчүүхэн хэсгийг боловсрол, эрүүл мэнд, соёл, дэд бүтэц рүү оруулсан бол хэчнээн ажлын байр шинээр бий болж, хэчнээн хүний орлого эрс дээшлэхийг төсөөлөгтүн. 

Эрс өөрчлөлтийг идэвхжүүлэх, урт хугацааны санаачлагыг төвлөрүүлэн боловсруулах нэгэн аргачлалыг би “хотын зүү эмчилгээ” гэж нэрлээд байгаа юм. Зүйрлэвээс хотын ахуй амьдралд богино хугацаанд цочроо өгч идэвхжүүлэх, үхэжсэн, үзэмж доройтсон хэсгийг дахин амь оруулахад зүү төөнүүр шиг оновчтой, цэгийг нь олсон түргэн засал хэрэгтэй байдаг. Куритиба хотын хуучин уурхай ойр орчмын оршин суугчдыг ихээр бухимдуулж байсныг богинохон хугацаанд нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар амралт, чөлөөлт цагийн бүс төдийгүй экологийн боловсрол олгох төв болон хувирсан. Өдгөө Байгаль орчны нээлттэй их сургууль буюу “Unilivre” гэх болсон энэ газар хотын хамгийн гоёмсог, ил захидлын болон дурсгалын зураг авахуулдаг цэг болж хувирсан. Ингэж нэг цэгт нэг дор гурван асуудлыг шийдсэнээрээ “хотын зүү эмчилгээ”-ний бодит жишээ болж чадсан юм. Хот болгон хязгааргүй боломжтой. Хот болгонд эвдэрч хаягдсан үйлдвэрийн дүүрэг, ширгэж бохирдсон голын эрэг, зэвэрч гандсан тээврийн зангилгаа, өмхөрч муудсанхуучин байшин бий - тэр бүхэн нүдэнд өртөх хог биш, шинэ амьсгаа, шинэ зориулалтаа нэхэн хүлээж буй газрууд юм шүү. 

Хотын дизайн гэдэг нь хамтын зохион бүтээл, нийтлэг хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байх ёстой. Тиймээс хамтын хариуцлагын мэдрэмж бидний хүчин чармайлтад түлхэц өгч байх нь чухал. Гэхдээ энэ нь алхам бүртээ бүгдийн таалалд нийцэх зөвшилцөлд хүрнэ гэсэн үг биш. Туйлын зөвшилцлийг эрэлхийлэх нь байнгын зогсолт, гацалтад хүргэнэ. Ардчилал бол зөвшилцөл биш, харин нийгэм өөрөө онч мэдрэмжтэйгээр эвлэрүүлэн зохицуулдаг мөнхийн зөрчил юм. Ялангуяа хэтийн төлөвлөлт, алсын бодлогыг ард иргэдийн саналыг байнга сонсох замаар засварлаж болохгүй. 

Өнөө бидний туулан буй хямрал илүү сайхан хотуудыг босгох сэдэл, хүчин чармайлтыг яг одоо бидэнд суулгаж өгөх учиртай. Шинэ хотын дурсгалт газар, сайхан гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал, театр музей бүхнээс улам илүү нээлттэй, тогтвортой нийгэм төрөн гарах жамтай. Энэ бүхэн бол хотын соёл төлөвших газар, айлаар бол “зочны өрөө” юм. Хот хэмээгч нь хүмүүний л бүтээгдэхүүн учраас хүмүүсийг хооронд нь учруулах л зориулалттай газар. Тиймээс хотын ирээдүйг бид хамтдаа зураглах ёстой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. tusgai zamiin avtobusiig nemj shinechilj tumur zamaar yavuulval deersen

    0 0 Хариу бичих
  2. Манайх хот толовлолтоо!!маш буруу хийсэн!!

    1 0 Хариу бичих
  3. komunizm geheer neg hunii erhshel bish neg hotod amidrahiig zuv baiguulj

    0 0 Хариу бичих
  4. mongotei boloh arga http://Cash4Visits.com/ref.php?refId=345221 ane linkeer orod bvrtgvvlerei tanias ymarch mongo shaardlaggvi

    0 0 Хариу бичих