Амьдралын сайн сайхныг үнэгүй хүртэж болох уу?

Үндэсний тойм сэтгүүл


Орон орны сэтгэгчид “Амьралын хамаг сайхан нь үнэгүй байж болох уу” гэх нэгэн чухал асуултад хариулж байна. 

“Амьдралын чухам хамаг сайхан бүхэн үнэгүй. Харин удаахь сайхан бүхэн асар өндөр үнэтэй байдаг юм”

Амьдралын хамаг сайхан нь үнэгүй гэж хэн хүнгүй л давтан хэлдэг. Тийм л юм бол нарны туяа, хайр, оддын гялбаа гээд амьдралын тэр чухал бөгөөд сайхан бүхэнд бидний сэтгэл яагаад барагтай ханадаггүй юм бол? Энэ сонин, гаж байдлыг Коко Шанель тунгаахдаа,

“Амьдралын чухам хамаг сайхан бүхэн үнэгүй. Харин удаахь сайхан бүхэн асар өндөр үнэтэй байдаг юм” гэж өгүүлжээ.

Та үүнтэй санал нийлэх үү? Таны амьдралд хамгийн сайхан, удаахь сайхан нь юу байв, тэр бүхэн Танд юуг өгөв?

Яо Чэнь 

Хятадын жүжигчин, нийгмийн идэвхтэн

Амьдралын хамгийн сайхан нь үнэхээр үнэгүй. Нар, ус, агаар гэх мэт орлуулж болшгүй, биднээс салгаж болшгүй зүйлс байдаг. Бид л тэдгээрийг бараг анхаардаггүй, байж л байх ёстой юмс гэж ойлгох гээд байдаг талтай. Харин аль нэгийг нь алдахын даваан дээр, хараа муудахаар ч юм уу, эсвэл эрүүл мэнд доройтоод эхлэхээр, бүр цаашлаад байнгын хэрэглээ болсон байгалийн баялаг хомсдоод, бохирдоод эхлэх үед л тэр бүхэн ямар үнэ цэнэтэй болохыг ухаарч эхэлдэг байх. 

Миний хувьд хоёрдахь эрхэм нандин бөгөөд бас л үнэлж боломгүй зүйл бол миний жүжигчний замнал л болов уу. Үүнийг ямар ч мөнгөөр хэмжиж болохгүй л дээ. Энэ бол зүгээр л миний хувь тавилан байсан.

Амьдралд хөл тавьж байгаа олон залуус амжилтанд хүрэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй л гэцгээдэг. Гэтэл би жишээ нь, эрүүл мэндээ золин байж, эсвэл тэр “хамгийн нандин, сайхан” зүйлсийнхээ аль нэгийг хойш нь тавин байж мөрөөдөлдөө хүрэхгүй л байсан шүү дээ. Мэдээж, аз гэдэг бас чухал хүчин зүйл болох нь олонтаа. Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол азын тэнгэр эргэж чамайг тэтгэхгүй ээ. 

Мөрөөдөл биелэх шиг сайхан юм байхгүй. Тиймээс би хувь заяандаа ихэд талархаж явдаг.

Ричард Хелл

Америкийн дуучин, ая зохиогч, уран зохиолч

Энэ асуултыг сонссон даруйдаа “үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй шүү дээ” гэж шууд бодсон. Нарны туяа хүртэл хорт хавдар үүсгэж байна. Ус улам л үнэтэй болсоор байна. Гэрлэлт ч гэсэн хүчин чармайлтын үр дүн л гэж бүгд хэлж байгаа биз дээ? Харин аз болоход, миний хэрэгцээ гэж багахаан юм байна. Хайрлуулах, хайрлах тэр мэдрэмж ямар сайхан гээч, тэгээд ч ямар ч үнэгүй биз дээ? Нөгөөх нь би урлагт ухаангүй дуртай, урлаг гэхээрээ ном, кино, уран зураг, музей, за тэгээд хөгжим - энэ юмнууд ч тийм айхтар үнэтэй биш. 

Би угаасаа үнэтэй юманд дургүй. Ер нь ихэнхдээ л зиндаархсан, хоосон гайхуулсан зүйл байдаг байх, тэрнийг л Коко Шанель өөрөө ч үгүйсгэдэг байсан атлаа тэгж хэлсэн байх гэж би бодож байна. Гэсэн ч мэдрэмжиндээ найдаж чадвал хамгийн аятайхан юмсыг маш хямдханаар олчих боломжтой шүү дээ. (Харин Коког буруутгах хэрэггүй биз ээ, тэр хүн авьяас чадварынхаа үр шимийг үнэд хүргэж чадсан сайн бизнесч эмэгтэй байсан болохоор үнэтэй цайтай юмны хэрэглээг дэмжих хувийн сонирхол байх нь аргагүй)

Бас, хүн ер нь хүсэж байсан ямар нэгэн юмаа авчихаар нэг бол тэрийгээ дахиад ихээр олж авахыг хүснэ, эсвэл өөр юманд шунаж эхэлдэг юм билээ. Тэгэхээр хүсдэг юм нь ажил байх нь хавьгүй дээр. Өөр юм авах гэж шунаснаас өөр юм хийх гэж шунасан нь дээр биз дээ? Яагаад гэхээр ийм тохиолдолд улам ихийг хүснэ гэдэг нь улам илүүг бүтээхийн, улам сайн хийхийн шунал болж хувирна, ингэвэл заавал үр шим нь ирнэ шүү дээ.

Янис Варуфакис 

Грекийн ерөнхий сайд асан, улс төрч, эдийн засагч, эрдэмтэн

Амьдралын хамгийн сайхан нь аз жаргал. Аз жаргал бол цаанаасаа, язгуураараа сайхан өөр ямар нэгэн юмны, жишээлбэл, буянтай сайн үйлс, сайхан амралт, сайхан хайр гэх мэтийн үр дүн. Гэтэл тэр бүгд ямар ч зах зээл дээр арилжигддаггүй шүү дээ. Харин бид тэвчээрээ барагдуулдаг, бухимдлаа тээдэг зүйлс бол удаахь сайхан гэдэгтээ орох байх. Тийм зүйлсийн үнэ өртгийг бас тооцоолох боломжгүй хэдий ч асар их үнэтэй.

Жинхэнэ аз жаргалыг худалдан авсан эд зүйлс, үйлчилгээгээр орлуулна гэвэл сайхан нойрсож алжаалаа тайлахын оронд нойрны эмээр унтуулахтай л адилхан юм болох байх. XIX зуунд Америкийн зарим сэтгүүлд “Аз жаргал гэдэг эрвээхийтэй адил. Хөөгөөд байх тусам баригдахгүй, харин чимээгүй суувал өөр дээр чинь нисээд ирнэ” гэж тодорхойлсон байсан. Материаллаг баялгийн араас ингэж хөөцөлдөхөө болих нь бас л ямар ч үнэгүй шүү дээ!

Жинхэнэ аз жаргалыг худалдан авсан эд зүйлс, үйлчилгээгээр орлуулна гэвэл сайхан нойрсож алжаалаа тайлахын оронд нойрны эмээр унтуулахтай л адилхан юм болох байх. XIX зуунд Америкийн зарим сэтгүүлд “Аз жаргал гэдэг эрвээхийтэй адил. Хөөгөөд байх тусам баригдахгүй, харин чимээгүй суувал өөр дээр чинь нисээд ирнэ” гэж тодорхойлсон байсан. Материаллаг баялгийн араас ингэж хөөцөлдөхөө болих нь бас л ямар ч үнэгүй шүү дээ!

Тэгэхээр аз жаргалын эрэлхийлэл нь бүтэшгүй зүйл юм бол бид яах ёстой гэж? Миний дотор байгаа өөдрөг үзэлтэн наранцэцэг нарыг дагаж дэлбээгээ эргүүлдгийн нэгэн адилаар хүмүүний язгуур мөн чанарт нь ч бүтээлч чадамжийг нь нээн гаргах далд механизм бий гэдэгт итгэнэ. Аз жаргал бол түүний урьдчилан төлөвлөөгүй үр дүн нь. Яг л нисэж ирээд мөрөн дээр зөөлхөн суух эрвээхий шиг. 

Гэтэл, өдөр тутмын амьдралын түгшүүрийн дохио бидний анхаарлыг дор нь сарниулж, биднийг дуртай гэж төсөөлснөө авдаг, авсандаа дуртай болдог хэрэглэгч болгон хувиргана. Тэгээд эцэст нь залхсан, урам хугарсан - тавгүйтлийнхээ мөн чанар, учир шалтгааныг олж тодорхойлох чадвараа үүрд алдсан, Марк Твений онож хэлсэн “шаардлагагүй шаардлага бүхнээ хязгааргүйгээр олшруулагчид” хэмээгчийн амьд жишээ болон хувирна. 

Нөгөөтэйгүүр Дороти Паркер “Тансаг хэрэглээгээ л зохицуул, харин шаардлага өөрөө аяндаа зохицуулагдана” гэсэн байдаг. Мэдээж, шаардлага өөрөө аяндаа зохицуулагдана гэдэг нь эрх ямба өөрөө өөрийгөө үржүүлж байдаг нийгмийн үлэмж цөөхөн, дээд давхаргынханд л үнэн байх. 

Соёл иргэншилт нийгэм гэдэг хүн бүхэнд зорилгодоо хүрэхийн төлөө эрч хүчтэй, бүтээлчээр зүтгэх эрх чөлөөг олгосон байхыг хэлнэ. Гэхдээ үүний тулд хүн бүхэн айдас, өлсгөлөн, дарлал гурваас ангид, дээрээс нь Виржиниа Вульфын хэлсэнчлэн “өөрийн гэсэн ганц өрөөтэй” байх ёстой биз ээ.

Карл Лагерфельд 

“Шанель”, “Фенди” болон өөрийн нэрийн брэндийн зохион бүтээгч захирал

Шанелийн зөв өө. Амьдралын удаахь сайхан бүхэн асар өндөр үнэтэй - яагаад гэвэл хүмүүс ер нь хамгийн хэрэгцээтэй зүйлдээ биш онцын хэрэггүй зүйлдээ их мөнгө төлөх гээд байдаг.

Тансаг хэрэглээг ёс суртахууны талаас нь их шүүмжилдэг, гэхдээ эдийн засгийн өнцгөөс нь харах юм бол ихээхэн хэрэгтэй эд л дээ. Тансаг хэрэглээ л мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг, баячуудын халааснаас мөнгийг нь гаргаж ирдэг, ур ухааныг тэтгэдэг биз дээ. 

Зочид буудалд хоногийн 80 мянган доллар төлөх үйлчлүүлэгч байна гэдэг их сайн хэрэг. Тэгж байж тэр байшинг барьсан барилгачин, зураг төслийг нь зохиосон архитьекторч, тавилгыг нь урласан урчууд, тэнд ажиллагсад гээд үй олон хүний амьдралыг залгуулна. Тийм өрөөг урлаж босгосон бүхэн өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж байдаг урлагийн бүтээл туурвисан гэдгээрээ бахархаж, сэтгэл санааны таашаал эдэлнэ.

Михаил Прохоров

Оросын тэрбумтан, ерөнхийлөгчид өрсөлдөж байсан ба “Бруклин Нэтс” мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэн

Би хэзээ ч тийм материаллаг сонирхолтой байгаагүй. Би зөвлөлт загварын орон сууцны жижигхэн байранд түүнээс дөнгүүр амьдрах боломжтой болсон үедээ ч аж төрсөөр байсан. Миний одоо оршин суугаа Москва дахь байшинд очиж үзвэл хэн буудалласан нь тодорхойгүй аятайхан зочид буудал л гэж бодох байх. Тэнд ямар ч урлагийн бүтээл байхгүй, нэг ч Фабержегийн өндөг байхгүй! Би л байна, “Бруклин Нэтс”-ийнхээ бэлтгэлитйн хувцсыг л өмссөн байх болов уу. 95 долларын л үнэтэй эд шүү дээ!

Тэгэхээр би юу гэж харж байна вэ гэвэл, тэр хэлээд байгаа “удаахь сайхан зүйлс” гэх их үнэтэй юмнууд бол яг хэрэглээ нь эзэндээ таарсан үедээ л үнэ цэнэ нь утга учиртай болно. Жишээ нь би усан дээр дотор эвгүйрхдэг учраас дарвуулт завиар сэлэх хүсэлгүй. Гэхдээ надад дарвуулт завь бий л дээ, тэрийгээ усны цанын зориулалтаар ашигладаг. Энэ спортоор илүү сайжрах нь миний өөртөө тавьсан зорилго юм. 

Дарвуулт завины тухайд надад өөрийнх нь үнэ өртөг биш, харин хамгийн сайхан нь огт үнэгүй өөр зүйлд оршиж байдаг. Шинэ сорилтыг даваад, шинэ хөдөлгөөн хийж сурсандаа байгаа юм. Ялангуяа над шиг 2 м 7 см өндөр хүний хувьд шүү дээ! Үүнийг надад хийгээд өгчих өөр хүн байхгүй болохоор тэр.

Завины тухайд, хувь хүний хөгжилтэй холбоотой болохоор үнэ цэнэ нь тэндээ оршиж байдаг, тиймээс ч тийм зүйлд хөрөнгө хаяхаас хэзээ ч буцахгүй. За бас хааяа үнэхээр сайн дарсанд бол хөрөнгө зарна аа.

Юссу Н’Дур

Сенегалын дуучин, ая зохиогч, улс төрч

Надад хүмүүст хүрдэг хоолой заяасандаа үнэхээр азтай. Өчнөөн олон хүн мөрөөдлөө биелүүлж чадаагүй байхад ингэж алдаршиж, олон шүтэн бишрэгчтэй болсон маань үнэхээр бурхны хишиг. Ийм авьяасыг цааш нь хөгжүүлж болохоос үнэ хөлс төлж авна гэж байхгүй. Амьдралын хамаг сайхан нь үнэгүй байдгийн нотолгоо энэ биш гэж үү?

Миний амьдралд тохиодог хамгийн сайхан зүйлсийн нэг бол яах аргагүй тоглолтын дараа үзэгчийн нүүр царайд тодорсон баяр хөөрийн илэрхийлэл байдаг. Тэр хүн хэн болохыг би мэдэхгүй, гэсэн ч бидний сэтгэл зүрх жинхэнэ утгаараа тэр мөчид холбогддог! Эсвэл гурван ойтой хүү минь намайг хараад мишээж байгаа нь - өөдөөс гүйж ирээд, над руу үсрээд өхөөрдөм зөөлхөн тэвэрч байгаа нь. Эсвэл гудамжинд танихгүй хүн таараад мэндэлж байгаа нь, бид хоёрт хоёуланд маань бүтэн өдрийн турш аз жаргал бэлэглэдэг юм шүү дээ.

Хайр гэдэг өөрийгөө бусдад бэлэглэхийн нэр юм бол тэр баярлаж хөөрсөн харц, тэр цагаахан инээд, тэр элгэмсүү мэндчилгээ гээд амьдралын хамаг сайхан бүхэн үнэгүй болохын нотолгоо бус уу.

Энэ тухай та эргэлзэж байгаа бол амьсгаагаа аль болох удаан түгжиж байгаад байгаль эхийн бидэнд харамгүй өгдөг хүчилтөрөгчөөр цээж дүүрэн амсьгалаад үз. Амьдралын хамаг сайхан гэдэг нь тэдгээрийг зориуд цаг гарган ажиглаж анзаардаг, тэдгээрт баярлаж хөөрдөг хүмүүст л олддог юм шүү дээ.

Андреа Пейич
Австралийн загвар өмсөгч, гоо сайхны томоохон брэндийг сурталчилсан анхны ил трансжендер эмэгтэй

Коко Шанелийн зөв өө. Амьдралын хамгийн сайхан нь үнэгүй, учир нь хүмүүс хоорондын харилцаа, тухайлбал, бусад хүмүүтэй хамтраад дэлхий дахин, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө ямар нэгэн хэлбэрээр гар бие оролцож байна гэлдэг мэдрэмж нь аз жаргалын суурь үндэс болж өгдөг. 

Манай нийгэмд хүмүүс хоорондын харилцаа бараа үйлчилгээний хоорондын эдийн засгийн харилцаанд дарагдчихаад байгаа нь үнэн. Үүнээс болоод хүмүүс бүтээж байгаа зүйлсээсээ ч, бие биеэсээ ч хөндийрөхөд хүрч байна. Арилжааны үнэт зүйл дээр суурилсан үзэл суртал биднийг хэчнээн ихийг авах тусмаа төдийчинээ аз жаргалтай болно хэмээн залж байна. Гэтэл хүсэн дурлаж байсан зүйлээ авсны дараах таашаал ямар богино настай, ямар хязгаарлагдмал болохыг мэдэрсэн хэн бүхэн ийм биш гэдгийг хэлээд өгнө. Харин ч, хэчнээн ихийг авах тусмаа тэр анхдагч таашаалынхаа мэдрэмжийг ч улам бүр гээсээр байдаг нь үнэн. 

Уг нь амьдралын хамгийн сайхан бүхэнд хүрч чадаж гэмээнэ л удаахь сайхан руу, тэр үзэмжит, бүтээлч, хурдасгагч бүхнийг буй болгогч мэдлэг, туршлага өөд тэмүүлэх боломжтой. Харамсалтай нь ийм зүйлс нь чухам өндөр үнэтэй бөгөөд хамгийн сайханд хүрч чадаагүйгээ удаахь сайхнаар орлуулна гэж боддог цөөнхөд л зөвхөн хүртээмжтэй болоод байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих