П.Ууганбаяр: Монгол гэдэг өвчний нэр биш тусгаар улсын маань алдар гэдгийг ойлгуулахыг зорьсон

Гадаадад ажиллаж амьдардаг олон мянган монголчуудын дотор эх орныхоо нэрийг гаргаж, дэлхийн тавцанд дуурсгаж яваа төдийгүй “Монгол” хэмээх нэрийг нь хүртэл эрхэмлэн дээдэлж, басхүү хар бараанаас өмгөөлөн харамлаж, өмөөрч явдаг хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг билээ. Тэдний нэг бол зохиолч Пүрэвдоржийн Ууганбаяр хэмээх бүсгүй юм.

Тэрбээр “Монгол” номоороо Шотландын зохиолчдын холбооны цом, 2012 оны Шилдэг бүтээлч эмэгтэй, 2014 онд Шотландын оны шилдэг Ази эмэгтэй шагналуудыг тус тус хүртэж байжээ. Мөн “Монгол” ном нь Их Британийн бестселлерийн жагсаалтад хэдийнэ багтсан байна. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 21-нд түүний хийсэн радио нэвтрүүлэг “BBC World Service” олон улсын сувгаар цацагдах төдийгүй бичсэн нийтлэл нь өөр олон хэл дээр орчуулагдаж дэлхий нийтийн хүртээл болох юм байна. Ингээд Монголоо “өмөөрч” яваа зохиолч П.Ууганбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө бидэнд товч танилцуулаач?

-Намайг Пүрэвдоржийн Ууганбаяр гэдэг. Монголоосоо гараад 14 жил болж байна. Англи, Испани улсуудад амьдарч байгаад сүүлийн хэдэн жил Шотландад суурьших болсон доо.

-Таныг Завхан аймгийн уугуул гэж сонссон. Эцэг эх тань ямар хүмүүс байдаг вэ?

-Би Завхан аймгийн Түдэвтэй суманд төрөөд Сантмаргац сум болон Улиастай хотод өсөж торнисон. Ер нь манайх их нүүдэг айл байсан юм. Манай аав малын эмч мэргэжилтэй байсан бөгөөд дараа нь нэгдлийн даргаар ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдсаны дараа манайх хэдэн малтай болж зундаа хөдөө зусаж малаа малладаг байлаа. Харин манай ээж Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Би айлын том охин л доо, доороо хоёр дүүтэй. Нэг нь Хөтөлд, нөгөө нь Улаанбаатар хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг. Эцэг эх маань одоо Түдэвтэй сумандаа амьдарч байгаа.

-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Би багадаа их гүйж явдаг, завгүй хүүхэд байсан даа. /инээв/ Айлын том хүүхэд болохоор дүү нараа харж хандахаас гадна, гэрээ цэвэрлэнэ, модоо хагална, хоол ундаа хийх гээд бүхий л ажлаа амжуулдаг байлаа. Зуны цагт үхэр малаа саахаас эхлээд цагаан идээгээ боловсруулдаг их л завгүй хүүхэд байсан. Харин чөлөөт цагаараа ном унших дуртай охин байлаа.

1980-аад оны үе гэдэг чинь социализмын үе шүү дээ. Тухайн үед манайх аймгийн төв дээр, дараа нь сумын төвд нүүж ирсэн. Аав ээж хоёр маань их ажилтай тул, орой ирдэг байсан даа.

-Хэрэв би андуураагүй бол та 2000 оны үед багшийн мэргэжлээр суралцахаар Англид очиж байсан гэсэн. Чухам яаж яваад Завхан аймгийн охин гадаад улсад хөл тавих болов?

-Би Монголд байхдаа Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи, орос хэлний багш мэргэжлийг бакалаврын зэргээр 1998 онд төгссөн. Тэгээд Монголдоо хоёр жил орчим ажиллаж байгаад Лондон руу багшийн мэргэжил дээшлүүлэх дөрвөн долоо хоногийн курст явснаар анх удаа хилийн дээс алхаж байлаа. 2001 оноос Шотландад Глазго хотод ирж эндээ зочид буудал болон коллежид өөр өөр ажил хийж байгаад 2005 оны үед мэргэжлийнхээ чиглэлээр ахиж сураад магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор сургуулийн хүүхдүүд, оюутан болон насанд хүрэгчдэд зориулж мэргэжлийн зөвлөгөө өгдөг дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Энэ олон жил хүний нутагт ажиллаж, амьдраад явж байхад эх орныхоо юуг нь илүү санаж, үнэ цэнийг нь ойлгож байв?

-Хүмүүс гадагшаа, өндөр хөгжилтэй орнууд руу явж байна гэж ярьдаг. Гэхдээ гадаадад олон жил ажиллаж, амьдраад ирэхээр Монголд маань зөндөө олон сайхан зүйл оршиж байдаг гэдгийг өөрийн эрхгүй ойлгодог юм байна. Би монгол гэртээ, хөдөө өссөн хүн шүү дээ. Тэр утгаараа нэгнийхээ уйтгар гуниг, баяр жаргалыг тэр дор нь мэдэрдэг, сэтгэл санааны хувьд хэн хэндээ маш их дэмжлэг болж байдаг юм байна гэдгийг хамгийн сайн ойлгосон. Гадаадад бол тус тусдаа нэг өрөөнд ороод л алга болчихдог. Харин би хөдөө өссөн болохоор аав ээжтэйгээ гэртээ галаа түлээд, бүх зүйлээ хамт хийж амьдрахыг үнэхээр аз жаргал байжээ гэж боддог доо.

Бас Монголчууд маань юмханаар юм хийгээд сурчихсан амьдрах чадвар сайтай хүмүүс шүү дээ. Нэг юмыг маш олон зүйлд хэрэглэж, ашиглаж чаддаг. Тийм ч учраас аливаа асуудал, бэрхшээл тулгарахад түүнийг төвөггүйхэн шийдвэрлэдэг давуу талтай. Мэдээж хэрэг нүүдэлчин амьдралтай Монголчуудад эртнээс хэрэгцээт юм бүхэн гарын дор байгаагүй учраас өөрт байгаа ганц нэгхэн зүйлээр хэрэгцээгээ хангах ухаанд суралцжээ. Гэтэл энд ганц варений шилний таг онгойлгоход хүртэл тусгай багаж байгаа байхгүй юу. Ингээд бодохоор бид дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс юм гэж бодох болсон.  

-Та 2014 оны эхээр “Монгол” нэртэй номоо гаргасан юм байна. Чухам ямар шалтгааны улмаас энэ сэдвийг хөндөх болов, номондоо юуг тусгахыг зорьсон бэ?

-2014 оны нэгдүгээр сард миний “Монгол” нэртэй намтар зохиол маань уншигчдын гарт хүрсэн юм. Ингээд Глазго болон Английн Лондон хотод номныхоо нээлтийг хийсэн. Би 2010 онд өөд болсон хүүгийнхээ дурсгалыг мөнхжүүлж үлдээе гэсэн бодол төрж энэхүү номоо бичиж гаргасан. Номонд миний эгэл жирийн амьдрал, Завхан аймагт төрж өссөн дурдатгал, мөн социализмын үеэс ардчилал руу орж буй Монголын шилжилтийн байдлыг өөрийнхөө нүдээр гаргаж тавьсан. Түүнчлэн хөдөө төрж өссөн би  гэдэг хүн нэг л өдөр гадаад улс оронд хөл тавиад явж байтал бидний бахархан хүндэлдэг “Монгол” хэмээх үгийн өөр өөр утгуудтай танилцсан. Чухам энэ нь надад ямар сэтгэгдэл төрүүлж, хэрхэн туссан тухай өөрийн амьдралын хүүрнэлтэй цуг номдоо тусгасан даа. Үүний цаана монгол хүнийг монгол гэж дуудаасай, энэ үгний утгыг зөв ойлгоосой гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон юм.

-Миний судалж мэдсэнээр 1860-аад оны үед Их Британийн эрдэмтэн “Дауны Синдром” хэмээх өвчтэй хүмүүсийг “Монгол” хэмээн нэрлэсэн юм билээ. Та бидэнд энэ тухай тайлбарлаач, яаж яваад Монгол маань өвчний нэр болоод хувирчихав?

-1860-аад оны үед Их Британийн судлаач Жон Лэндон Даун “Дауны синдром” өвчнийг судлах явцдаа уг өвчнийг “Монгол” гэж нэрлэсэн байдаг. Гэхдээ тэрээр энэхүү өвчнийг 21 дэх хромсом нэгээр илүү хүмүүс гэсэн шинжлэх ухааны оношийг мэдэхээс өмнө аж төрж байсан учир өөрөө таамаглал дэвшүүлсэн бөгөөд монгол хүний нүд жартгар, нүүр хавтгай байдал нь эдгээр өвчтэй хүмүүстэй адил гэсэн утгаар хэрэглэжээ. Харамсалтай нь энэ нь олон улсад өргөн тархаж, хэвшмэл ойлголт болсон байдаг. Ингээд бүхэл бүтэн 100 жилийн турш дэлхий нийт уг өвчнийг “Монгол” хэмээн нэрлэсэн бөгөөд 1965 оны үед түүний ач хүү олон улсын эрдэмтэдтэй хамтран энэ хэллэгийг Дауны нэрээр нэрлэе гэсэн санал гаргаж улмаар Дауны синдром буюу хам шинж гэж албан ёсоор томьёолсон. Мөн энэ үеэр манай төлөөлөгч ДЭМБ-д хандан тус нэр томьёог өөрчлүүлэх хүсэлт тавьсан юм билээ.

-Зарим орнуудад биднийг өнөөг хүртэл “Монгол” гэж нэрлэсээр байгааг мэддэггүй, үүнийг зөвхөн дээрх өвчний нэр төдий байдлаар ойлгосоор байгаа гэдэг хэр үнэний ортой вэ?

-Хэдийгээр ДЭМБ 1965 онд энэхүү өвчний нэрийг “Монгол” гэж хэрэглэхээ больсон ч үүнээс өмнө амьдарч байсан хүмүүст энэ нь нэгэнтээ тогтсон ойлголт болоод хэвшчихсэн байсан. Мэдээж хэрэг бүгд биш л дээ. Боловсрол, нийгмийн давхарга, гарал үүслээс шалтгаалж зарим улс оронд үүнийг одоог хүртэл хэрэглэсээр байна.

Үүнээс үүдэн “Монгол” гэдэг үг хараалын, дорд утгатай болоод хувирчихсан байгаа нь миний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг. Хүмүүс ямар нэгэн тэнэг, эв хавгүй үйлдэл хийх үед монгол гэдэг үгийг хараал маягаар нэгнээ доромжлон хэрэглэх болсон байна. Улмаар энэ нь товчлогдож монго, монг гэсэн үгс болжээ. Өөрөөр хэлбэл Монгол гэсэн үг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон монголчуудыг бүдүүлгээр доромжилж байгаа хэлбэр болон хувирсан. Тиймээс би үүнийг зогсоохыг хүсэж олон улсын радио болон сонин сэтгүүлд нийтлэл бичих болсон доо.

-Чухам аль орнуудад ийм дорд утгаар хэрэглэж байна бэ?

-Эх орондоо байгаа хүмүүс маань мэдэхгүй байж магадгүй юм. Гэхдээ тухайн нутаг орны гүнд нь орж, олон жилээр амьдраад ирэхээр олон зүйл ажиглагддаг л даа. Тухайлбал, Итали, Испани, Англи, Шотланд, Аргентин, Мексик, Франц, Өмнөд Африк гэх мэтчилэн маш олон оронд иймэрхүү зөрөөтэй ойлголтууд байсаар байгаа юм.

-Тэгвэл бид хэрхэн улсынхаа нэрийг гадаад иргэдэд зөв утгаар ойлгуулах ёстой вэ?

-Хэрэв ийм тохиолдолтой тулгарвал нэн тэргүүнд үүнийхээ учир шалтгааныг үндэслэлтэй, зөв тайлбарлаад өгчихдөг мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид үүнийг эелдэг, зөөлөн байдлаар ойлгуулдаг байх чухал юм. Учир нь энэ үгийг хэрэглэж байгаа хүмүүсийн олонхи нь үүний цаад учир шалтгааныг ихэвчлэн мэддэггүй. Мөн твиттер, фэйсбүүк гээд олон нийтийн сүлжээн дээр монгол гээд хайгаад үзвэл өчнөөн олон хэл дээр янз бүрийн онигоо, элэглэл бичээд араас нь монгол гээд тайлбарлачихсан байдаг. Мэдээж үүнийг хараад өөрийн эрхгүй дургүйцэх сэтгэл төрж болно. Гэхдээ бид тэр хүмүүст уурлаж уцаарласан сөрөг зүйл хэлэхээсээ илүү Монгол гэж туурга тусгаар улс, үндэс угсаатан байдгийг мэдэх үү гэх мэт мэдээлэл түгээх маягаар хандвал зүгээр. Зөөлөн хатуугаа гэж үг байдаг шүү дээ.

-Таны ажигласнаар барууны орнуудад монголчуудын талаар хэр ойлголттой байна вэ?

-Манайд ирж байсан, сонирхон судалдаг биш л бол Монголын талаар төдийлөн мэдэхгүй дээ. Бидний талаарх хамгийн түгээмэл ойлголтод нэгдүгээрт дауны синдром хэмээх өвчний нэршил, хоёрдугаарт XIII зууны үеийн Чингис хаан үеийн хүмүүсийг л монгол гэж нэрлэдэг байсан. Одоо байхгүй болчихсон мэтээр ойлгох нь бий.

-Уучлаарай хувийн чанартай хэдэн зүйл асуух гэсэн юм. Төрүүлсэн үр хүүхдээ алдана гэдэг хүнд тохиолдож болох хамгийн том уй гашуу шүү дээ. Та тэр хүнд цаг үеийг хэрхэн туулж гарсан бэ?

-Тогоо хөмөрчихсөн юм шиг санагдаж, амьдрал ямар хатуу байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Гэхдээ хүн зовлон даадаг гэж үнэн юм билээ. Өглөө босоод нүүрээ угаахаас эхлээд бүх зүйлд өөрөө өөрийгөө хүчилж байсан даа. Хүү мань гуравхан сар амьдраад өөд болоход хүний амь, амьдрал ямар хэврэг юм бэ гэдгийг мэдэрсэн болохоор нэг олдох амьдралдаа хүн шиг хүн байж, хүмүүст хэрэгтэй зүйл хийе гэж бодох болсон. Талийгаач хүүгээс минь хойш манай гэр бүлд дахин нэг шинэ хүн нэмэгдсэн. Одоо  нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Том охин маань 16 настай, дараагийн хүү нь естэй, харин бага охин маань гурван настай.

-Дауны синдромыг хэвлийд байхад нь оношилж болдог гэж байсан. Та хүүгийнхээ өвчний тухай төрүүлснийхээ дараа мэдсэн үү?

-Тиймээ, хүүгээ төрүүлээд хоёр хоногийн дараа цусны шинжилгээгээр 21 дэх хромсом илүүтэй буюу дауны синдромтой гэсэн онош гарсан. Мэдээж хэрэг эрүүл саруул хүүхэд гарсан гэж бодож байтал ийм мэдээ сонсоод маш их цочирдсон. Бас хүүгийн маань бие тааруу байсан учраас юу ч хийж амжаагүй байхад гурван сар нүдний өмнүүр жирэлзэх мэт өнгөрсөн.  

-Хэрэв та төрөхөөс нь өмнө мэдсэн бол ямар шийдвэр гаргах байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд би яг ямар шийдвэр гаргах байснаа хэлж мэдэхгүй байна. Тухайн үед энэ өвчний талаар би ямар ч ойлголтгүй байсан. Орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад хүүхдийг хэвлийд байхад нь оношилж элдэв гажиг, өвчин байгаа эсэхийг тогтоодог болчихсон. Гэхдээ үүнд сайн ч тал бий, муу ч тал бий. Мэдээж ийм төрлийн оношлогоог хийснээр ямар хүндрэл, аюул тулгарч болох вэ гэдгийг эртнээс мэдэж түүнд бэлтгэлтэй байх нөхцөл боломжийг хангах өгдөг. Гэсэн хэдий ч үүнд тодорхой хэмжээний сөрөг тал бий. Жишээ нь Их Британид гэхэд жирэмсний явцад хүүхэд дауны синдромтой төрөх магадлалтай гэж оношлогдвол нийт эхчүүдийн 90 гаруй хувь нь үр хөндүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ нь нэг талаар хүний эрхийг хөндсөн асуудал гэж би боддог. Хүүхдийг төрөөгүй байхад нь л энэ биднээс муу, зовлон зүдгүүр авчирна гээд үр хөндөж байгаа нь хэрцгий явдал шүү дээ.

-Саяхан та BBC агентлагийн “Монгол” хэмээх нэртэй баримтат радио нэвтрүүлгийг хийж, хэд хэдэн том сайтад өөрийнхөө нийтлэлийг гаргажээ. Энэ тухай?

-Энэ радио нэвтрүүлэг маань арваннэгдүгээр сарын 24-нд цацагдсан. Харин өмнөх өдөр нь “BBC news online” вэб сайтад миний бичсэн нийтлэл гарсан. Гэтэл энэ нийтлэлийг маань хоёр өдрийн дотор 900 мянган хүн уншсан бөгөөд нийтлэл олон нийтийн анхаарлыг маш их татаж байна гэсэн мэйл BBC-гээс надад ирсэн л дээ. Мөн саяхан BBC-гийн Испани хэл дээр гардаг вэб сайтад нийтлэгдэж олон мянган хүн уншсаар байна. Энэ нь уг сэдэв хүмүүст эмзэг бөгөөд сонирхолтой байгаагийн илрэл юм. Эдгээр радио нэвтрүүлэг болон нийтлэлд маань Монгол гэдэг үг надад ямар утгыг агуулдаг вэ, мөн энэ үгийг бусад улс үндэстэн ямар янзаар хэрэглээд байна вэ гэдгийг гаргаж тавьсан.

-Надад таны “Монгол” ном маш сонирхолтой санагдсан. Та номоо монгол хэл дээр хөрвүүлэн гаргая гэсэн бодол бий юу?

-Уг нь номоо хөрвүүлж эхэлсэн л дээ. Харин аав маань уншаад уйлсан даа, хөөрхий. Зээ хүү нь талийгаач болсон хүнд сэдэв учраас эцэг эхийгээ бодоод түр азнахаар шийдээд байна.

-Тэгвэл ирээдүйд энэ бүтээлээ кино хальснаа буулгая гэсэн санаа байгаа юу?

-Хийнэ гэж боддог. Энэ бол миний ирэх шинэ жилд амжуулах зорилго гэж хэлж болно. Кино хийнэ гэдэг олон жилийн хөдөлмөр учраас ядаж энэ жилдээ багтаад хамтарч ажиллах газруудтайгаа гэрээ хийе гэсэн бодолтой байгаа. Бүр болохгүй юмаа гэхэд телевизийн баримтат нэвтрүүлэг хийе гэсэн санаа байна даа.

-Миний бас нэг асууя гэж бодож явсан зүйл байна. Та номынхоо төсгөлд бууз хийх жорыг хавсаргаж өгсөн гэж сонсож байсан. Яагаад үүнийг оруулсан бэ?

-Би талийгаач хүүгээ Буузан хүү гэж нэрлэдэг байсан л даа. Үүнээс гадна миний нэг австрали найз байдаг юм. Хүний газар, амьдрал хэцүү үед найз маань надад их тусалж, дэмждэг байлаа. Тэр маань буузанд их дуртай, манайд ирээд бууз идчихээд намайг бүр тэврээд авах шиг болдог сайхан хоол гэж ярьж байсан. Тийм болохоор би номдоо бууз хийх жор оруулсан. /инээв/

-Ингээд ярилцлагын төгсөлд номныхоо хамгийн дуртай хэсгээс нэг эшлэлийг бидэнд сонирхуулаач?

-Номын маань бүлэг болгон мэргэн сургаал юмуу монгол ардын зүйр цэцэн үг эшлэж эхэлдэг л дээ. “Зарим хүмүүс хийх юмсан гэж ярьдаг бол зарим нь хийдэг” гэсэн үг байдаг. Энэ нь ялангуяа монголчууд бидэнд ихээхэн хамаатай юм шиг санагддаг. Мэдээж хэрэг Чингис хаанаараа бахархалгүй яахав, ярилгүй л яахав. Гэхдээ бид  хэдэн зууны тэртээ Чингис хааны хийсэн үйлсээр бардамнахаасаа илүү өөрсдийнхөө төлөө, ирээдүйн үр хойчийнхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийгээд, Монгол гэдэг нэрийг зөвөөр таниулаад явцгаая гэж л хэлмээр байна даа.

-Ярилцсанд баярлалаа

АРХИВ: 2014-12-06


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)