Өнөөгийн Монголыг бүтээсэн ардчилсан Үндсэн хууль

Энэ жил Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой тохиож байна. Монголчууд өмнө нь 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж байв. Дөрөв дэх Үндсэн хуулийн хувьд өмнөх гурваасаа олон талаар онцлогтой. Өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байсан бол 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

Монгол Улс социалист нийгмийн тогтолцоог халж, ардчилсан нийгэмд шилжсэн түүхэн чухал үед ардчилсан төрийн тогтолцоо, нийгмийн харилцааны суурийг тавьж өгснөөрөө 1992 оны Үндсэн хууль үнэ цэнэтэй юм. Энэхүү анхны ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн гэж үздэг. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар зохицуулалт туссан байдаг.

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд уг хуульд 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Харин сүүлийн гурван парламент дамжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярьж ирсэн төдийгүй гурван удаа УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, хуулийн төсөл боловсруулах зорилгоор ажиллуулсан билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг дан эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилуулж байна.  

Үндсэн хуулийн он цагийн товчоон

1990 он

-Гуравдугаар сарын 14. МАХН-ын Төв хорооны VIII бүгд хурал МАХН-ын удирдан чиглүүлэх, манлайлах үүрэг ролийн тухай 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсгийн заалт ба 82 дугаар зүйлээс тус тус татгалзах тухай саналыг БНМАУ-ын АИХ-д уламжлах нь зүйтэй гэж үзэв.

-Гуравдугаар сарын 23. БНМАУ-ын АИХ “БНМАУ-ын төрийн дээд байгууллагын бүтцийн тухай” тогтоол гаргав. 1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, МАХН-ын удирдан чиглүүлэх, манлайлах үүрэг ролийн тухай заалтыг хасав.

-Дөрөвдүгээр сарын 1. АИХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссыг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулан байгуулав.

-Тавдугаар сарын 10. БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуулийг тус тус батлав.

-Аравдугаар сарын 4. Улсын Бага Хурлаас тогтоол гаргаж, БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах Комиссыг шинэчлэн байгуулав. Комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатыг томилов

-10 дугаар сарын 18. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын анхны хурлаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав.

1991 он

-Дөрөвдүгээр сарын 19. БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос Үндсэн хуулийн төслийг “Монгол Улсын их цааз” нэртэйгээр эцэслэн боловсруулж, БНМАУ-ын Бага Хуралд өргөн барив.

-Тавдугаар сар. БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос төслийн англи орчуулгыг зарим гадаад судлаачдад илгээв.

-Тавдугаар сарын 21-25. БНМАУ-ын Бага Хурал “Монгол Улсын Их цааз”-ын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэв. Уг төслийг 1991.6.01-1991.9.01-нийг хүртэлх хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэх тухай тогтоол гаргав.

-Зургадугаар сарын 5. Монгол Улсын Их цаазын анхны төслийг төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтлэв.

-Зургадугаар сарын 14-27. Монголын төрөөс Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн Комиссын шинжээчийн хэсэг Монголд ажиллаж, ажлын хэсгийнхэнтэй хамтран Үндсэн хуулийн бүлэг, зүйл нэг бүрээр санал солилцож зарим дүгнэлт, зөвлөмж өгөх чиглэлээр ажиллажээ.

-Долдугаар сарын 23. БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос (Хууль зүйн яамны оролцоотойгоор) “Их цаазын төсөл, Монгол Улсын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онолын бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулав.

-Долдугаар сарын 26. Монгол Улсын “Их цааз”-ын төслийн талаар иргэд, байгууллагаас ирсэн саналыг судалж төсөлд тусгах, нэгтгэх, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг өргөтгөн шинэчлэн байгуулах тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргын захирамж гарав. Нийт 89 хүний бүрэлдэхүүнтэй 10 ажлын хэсэг байгуулагдав.

-Есдүгээр сарын 9-12. Улаанбаатар хотноо “Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурийн асуудал” сэдэвт олон улсын онолын бага хурал болов.

-Есдүгээр сарын 25. БНМАУ-ын Бага Хурлын ээлжит IV чуулган ажлаа эхлэв. Энэ чуулганаар Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн болон Их цаазын төслийг хэлэлцэв.

-Аравдугаар сарын 20. Улсын Бага Хурал Монгол Улсын Их цаазын төслийг хэлэлцээд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж эцэслэн хэлэлцүүлэхээр БНМАУ-ын АИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргав.

-Арваннэгдүгээр сарын 7. “Монгол Улсын Их цаазын хавсралт хууль”-ийн төслийг БНМАУ-ын АИХ-д өргөн мэдүүлэх тухай Улсын Бага Хурлын тогтоол гарав.

-Арваннэгдүгээр сарын 11. БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдаан ажлаа эхлэв. Монгол Улсын Их цаазын төслийг хэлэлцэж эхлэв.

1992 он

-Нэгдүгээр сарын 13. Энэ өдрийн 11 цаг 35 минутад Үндсэн хуулийг батлав. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 2-т: “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу XYII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагат өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” гэж заажээ.

-Нэгдүгээр сарын 14. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтов.

-Нэгдүгээр сарын 15. БНМАУ-ын АИХ “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийг батлав.

-Тавдугаар сарын 8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль батлагдав.

1994 он

-Нэгдүгээр сарын 12. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж дүгнэлт гаргав. Энэ нл Үндсэн хуулийн Цэцэд үүссэн анхны маргаан байв.

-Нэгдүгээр сарын 12. УИХ-ын гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн Цэц хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" тухай заалтыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг УИХ-д оруулжээ

1997 он

-Тавдугаар сарын 1. Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэх журмын тухай хууль батлагдав.

1999 он

-Арванхоёрдугаар сарын 24. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Энэ хууль нь бусад асуудлын зэрэгцээ УИХ-ын гишүүд Засгийн газрын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан тушаалд нэгэн зэрэг томилогдохыг зөвшөөрчээ.

2000 он

-Арваннэгдүгээр сар. Үндсэн хуульд 1999 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргав.

-Арванхоёрдугаар сар. Олонхи нь МАХН-ын гишүүд болсон парламент нь эвслээс баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тэр чигээр нь дахин батлав. Энэ нь үндсэн хуулийн хямрал үүсгэв.

2001 он

-Гуравдугаар сарын 23. УИХ Үндсэн хуульд тайлбар хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргав. “Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байх тул Үндсэн хуулийн 30.2, 66.4 заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл, 70.1 заалтуудыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ

2007 он

-Хоёрдугаар сар. Үндсэн хууль боловсруулагчдын холбоо байгуулагдав.

2010 он

-Арванхоёрдугаар сарын 23. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдав.

2011 он

-Нэгдүгээр сарын 12. УИХ-ын даргын 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулав.

2013 он

-Хоёрдугаар сарын 8. УИХ-ын даргын 27 тоот захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж санал боловсруулах чиг үүрэг бүхий уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахалж ажилласан юм.

2015 он

-Нэгдүгээр сарын 13. УИХ-ын даргын 08 тоот захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулав. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Оюун нар багтаж байв.

2016 он

-Арванхоёрдугаар сар. Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатарын ахалж буй уг ажлын хэсэгт нэг ч улстөрч багтаагүй гэдгээрээ онцлог. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ