Эрүүгийн хуулийг хэлэлцэхээр боллоо

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Үүнтэй холбогдуулан УИХ арим гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

О.Баасанхүү: -1995 онд баталсан Эрүүгийн хуулиар авлига өгсөн этгээдийг шийтгэдэггүй байсан. Үр дүнгээ өгөхгүй байсан учраас дараа нь авлига өгсөн, авсан, зуучилсан бүгдийг нь шийтгэдэг болсон энэ зөв ш дээ. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиар буцаад авлига өгснийг нь шийтгэхгүй гэж заасан байгаа. Гэмт хэрэг өдөөсөн хэрэг шүү дээ уг нь. Түүнээс гадна хар тамхины асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Ялын хатуу бодлого яагаад орж ирээгүй юм бэ?

С.Бямбацогт: -Хар тамхитай холбоотой асуудал дээр ялын бодлого чангарч байгаа. Зөөлөрсөн зүйл байхгүй. Тусгайлсан зохицуулалтууд хуулийн төсөлд орсон.

Ц.Даваасүрэн: -Хүчингүй болсон Эрүүгийн хуулийн төсөлд компани дээр эрүү үүсгэх тухай чухал заалт байсан. Энэ юу болсон бэ. Мөн орлогоо нуусан, татвараа худал мэдүүлсэн зэрэг асуудал чинь яг ярьвал оффшор л гэсэн үг ш дээ. Цаазаар авах асуудлыг хэрхэн авч үзсэн бэ. Ялын дээд хэмжээ өгчихөөд, тэр дээр нь ял тохоод суугаад байх уу.

С.Бямбацогт: -2015 онд баталсан Эрүүгийн хуулийн төсөл дээр шинэчилсэн найруулга хийсэн. Хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа. Зөвхөн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх байсан бол нэмээд, албан тушаалтныг хамруулахаар тусгасан. Цаазаар авах ялыг өгөхгүй удсан нь үнэн. Гэхдээ олон улсын гэрээ, конвенцид бид нэгдчихсэн. Тиймээс үүнийг сэргээх боломж байхгүй. Хуулийн төсөлд цаазын тухай зүйл, заалт байхгүй.

Г.Сарангэрэл: -Өнгөрсөн дөрвөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд халтай жилүүд байсан гэж манай хэвлэлийнхэн үздэг. Нэг хүний нэр төр гутаасан гэх хэрэгтэй холбоотойгоор 110, 111-р заалтыг зөрчлийн хуулиар шийтгэдэг болгосон нь маш том дэвшил. Энэ гүтгэхтэй холбоотой заалт чинь Монголын нийт иргэнд үйлчилж байгаа мөртлөө өнгөрсөн хугацаанд зөвхөн сэтгүүл зүйн салбарынханд үйлчилсэн байдаг. Хөгжингүй оронд сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийтгэхээ больчихсон. Иргэний хууль эсвэл мэргэжлийн байгууллагынх нь хуулиар шийддэг дэвшил рүү орсон. Манайд ч гэсэн “Хэвлэл мэдээллийн зөвлөл” гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. Гэтэл гүтгэлэгтэй холбоотой заалтыг сэргээе гэж ярьж байгаа нь байж боломгүй зүйл шүү. Энэ заалт нь сонгуулийн хуулийн 14.8-д тусгагдсан гэж С.Бямбацогт сайдын яриад сууж байгааг ухвар мөчид зүйл гэж бодож байна. Мэргэжлийн байгууллага нь өөрийн ХМХ-ээрээ, сонины нүүрээрээ уучлал гуйна гээд байхад заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд байгаа нь буруу. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь энд гүйгээд байгаа хэдэн сэтгүүлчийн зүйл биш юм шүү дээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь ард түмний үнэнийг мэдэх эрх чөлөөнд үндэслэгдэж байгаа талбар.

Гишүүд ийн үг хэлж, асуулт асуусны дараа санал хурааж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхээр боллоо.

Хууль санаачлагч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгасан байна. Үүнд:

-“Эрүүгийн хариуцлага” гэсэн нэр томьёо, “нийгэмд аюултай” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус нэмж, “нийтийн албан тушаалтан”, “нийтийн албан хаагч”, “төрийн албан хаагч”, “хууль сахиулагч”, “тахар” гэх зэрэг нэр томьёог жигдлэх.

-Хөөн хэлэлцэх хугацааг тоолох, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулах зэргийг тодорхойлох, хувь хүний нууцад халдах, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах гэсэн зохицуулалтыг өөрчлөн томьёолох.

-Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төрийн байгууллага, албан газарт ч албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой болсон, хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдсан нөхцөлд эрүүгийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх, төрийн байгууллага, хуулийн дагуу үүсгэн байгуулагддаг нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх, гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг хуулийн этгээдийн нэгэн адил авч үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг нэмэх.

-Торгох ялын хэмжээг хэрэгжих, үр нөлөөтэй байх, бодитой байлгах зорилгоор торгуулийн нэг нэгжтэй тэнцэх төгрөгийн хэмжээг багасгаж, хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болгон өөрчлөх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)