Бөхөнг аврах ажлын хэсэг байгуулахаар болов

А.Санчир


Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт зэрэг сумдын нутаг, Хүйс, Шаргын говьд ямааны тахал буюу гоц халдварт мялзан өвчний улмаас олон зуун бөхөн хорогдоод байна. Одоогоор 900 гаруй бөхөн уг өвчнөөр хорогджээ. Орон нутгийн холбогдох байгууллагынхан үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Мялзан өвчин бөхөнгөөс гадна хар сүүлт, янгир зэрэг салаа туурт ан амьтдад халдаж эхэлсэн нь түгшүүрийн харанга дэлдэж эхэлжээ.

Тиймээс өнөөдөр БОАЖЯ дээр энэ асуудлаар холбогддох байгууллагуудын төлөөлөгчид хуралдаж мялзангийн тархалтыг таслан зогсоох асуудлаар ярилцжээ. Уг хуралд ОБЕГ, Биологийн хүрээлэн, Мал эмнэлэг үржлийн газар,НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Агнуурын бүс нутгийн менежментийн холбоо, Амьтны эрх хамгаалах нийгэмлэг, “Малчин” телевиз зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцож өнөөгийн байдал,цаашид хойшлуулашгүй авах арга хэмжээний талаар мэдээлэлээ солилцсон байна.

Энэхүү хурлаас маргаашийн дотор багтаан хамтарсан ажлын хэсэг байгуулан нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж ажиллахаар шийдвэрлэжээ. Нэн ховор амьтан болох бөхөнгийн нөөц тоо толгойд сүүлийн жилүүдэд Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагуудын хийсэн үнэлгээгээр буурсаар байгаа юм. Тухайлбал 2014 онд 14000 толгой, 2016 онд 14000 ам км талбайд 10000 орчим толгой бодгаль байгааг тогтоосон байна. Маргааш байгуулагдах ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнтэй хамтран өргатгөсөн хурал хийж авах арга хэмжээгээ тодорхойлохоор болжээ.

Засгийн газраас санаачлан олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын дэмжлэгтэй онцгой арга хэмжээг яаралтай авахгүй бол Монголын говь бөхөнгүй цаашлаад хар сүүлт, янгир, аргаль, цагаан зээргүй болох аюул тулгарч магадгүй гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байна. Юуны өмнө бөхөнгийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, улмаар вакцинжуулбал энэхүү нэн ховор амьтныг аварч үлдэнэ гэдгийг агнуур зүйч Цэрэнноров зэрэг эрдэмтэд, судлаачид гаргажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ