Цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг нийслэлээс хөрөнгө гарган шийдвэрлэнэ

Ч.Хүрлээ


Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршиж байгаа аж.

Жишээлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэх юм байна. Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтран харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийг үндэслэн харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх, хамгаалалтын зурвас зөрчин баригдсан барилга байгууламжуудын газрын захирамжийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг хийх гэнэ.

Түүнчлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум  төгрөгийн ажил хийх аж. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний асуудлыг нийслэлээс хөрөнгийг нь гарган шийдвэрлэхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)