Обамагийн бага охин яагаад аавынхаа сүүлийн илтгэлд ирээгүй вэ

Т.Маралмаа


АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа илтгэл тавилаа. Тэрээр энэ үеэр өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахаас гадна хамтран ажиллагсад, гэр бүл, эхнэр охиддоо талархал илэрхийлж, чин сэтгэлийн үгсээ хэлж, нулимс дуслуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан явдал болсон юм.

Тэрээр  эхнэр Мишельдээ хандаж “Мишель, чи минь миний эхнэр, охидын минь ээжээс гадна үргэлж миний хамгийн сайн найз минь байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд маш олон зүйлийг өөрийнхөө хүслээр хийсэн. Цагаан ордонг хэн бүхэнд хамааралтай сайхан газар болгосон” гэсэн бол охидынхоо тухай “Малия, Саша та хоёр минь хэдийнэ үзэсгэлэнт, ухаалаг охид болон өсч торнижээ. Гэхдээ хамгийн чухал нь нинжин сайхан сэтгэлтэй, ухаалаг бодлоготой хандах нь юунаас ч илүү эрхэм зүйл гэдгийг үргэл санаж яваарай. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол та хоёрынхоо аав болсон явдал юм” гэсэн юм.

Обама найман жилийн өмнө анх Чикаго хотоос сонгогдон Ерөнхийлөгч болж байсан, эхнэртэйгээ анх танилцан гэр бүл болсон газар гээд бүхний эхлэл байсан гэдэг утгаараа тэрээр хамгийн сүүлийн илтгэлээ Цагаан ордонд бус, Чикаго хотод хийсэн байна. Түүний илтгэлийн үеэр бага охин Саша нь ирээгүй нь олны анхаарлыг татаж, түүнийг яагаад ирээгүйг сонирхсон сэтгүүлчид “Саша яагаад ирээгүй вэ?” хэмээж, #whereissasha буюу “Саша хаана байна” гэх хэштаг бүхий трэнд хүртэл олон нийтийн сүлжээгээр хэдийнэ яваад амжжээ. Түүнийг аавынхаа сүүлийн илтгэлд ирээгүй нь хэзээд сонин содон хэрэгт дурладаг сэтгүүлчдийн байнаас холдсонгүй.

Улмаар олон янзын таамгуудыг ч хэвлэлүүдээр бичиж, зарим нь бүр Саша халдлагад өртсөн хэмээн хүртэл бичжээ. Харин албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, Саша охин тухайн өдрийн өглөө нь хичээл дээрээ шалгалттай байсан учир шалгалтаа таслалгүй, хичээлдээ суун, аавынхаа илтгэлд очиж амжаагүй аж. Саша өдгөө 15 настай бөгөөд нийслэл хотын хамгийн нэр хүндтэй ахлах сургуульд болох Сидвелл Фрэндст сурдаг байна. Барак Обама хоёр охинтой ба түүний том охин Малия 18-тай, бага охин Саша нь 15 настай юм. Барак Обама 2008 онд АНУ-ын анхны өнгөт арьстай Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хоёр удаа дахин сонгогдсоноор найман жилийн хугацаанд нэгдсэн улсын төрийн тэргүүний албыг хашин энэ сарын сүүлээр албан тушаалаа Доналд Трампад шилжүүлэн өгөх болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ